“Ньюс” агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
МОНГОЛ, ХЯТАД, ОРОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАР УУЛЗАВ
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо болов.
Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.
Тухайлбал, “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцов.
Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг харилцан онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцав. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.
АН-ЫН ГИШҮҮД С.ЭРДЭНИЙН ТАМГЫГ БУЛААХААР БАЙР ЛУУ ХАЛДАВ
АН-ын гишүүд тус намын залуучуудын холбооны талаар мэдэгдэл хийж, "Шонхор тауэр"-т очиж, АН-ын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүллээ. Энэ үеэр тэд АН-ын байрны цонхийг хагалж, АН-ын тамгыг С.Эрдэнээс авах талаар мэдээллээ.
ЗГ: ЦЕМЕНТИЙН ҮНЭ 400 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ БУУРАХ БОЛОМЖТОЙ
Сангийн сайд Б.Жавхлан:
Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол аравдугаар сарын 31-нд Дарханы чиглэлийн замын хөдөлгөөнийг нээнэ. Дараа жил гэхэд дөрвөн эгнээ бүхий хоёр замаа ашиглалтад оруулахаар ажиллана. Энэ жилийн хувьд бүрэн хөдөлгөөнийг нээхийн тулд ажлыг нь зогсоохгүйгээр цементээр хангах шаардлага үүсч буй.
Зах зээл дээр 500-600 мянган төгрөгийн үнийн өсөлт 400 мянган төгрөг болж буурах боломжтой. Ер нь "Монцемент", "МАК" компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч улирлын шинжтэй эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Цаашдаа дотоодын үйлдвэрүүд зах зээлийн тодорхойгүй байдлаас болоод энэ жил бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. Эдгээр үйлдвэрүүд зогсолтгүй хүчин чадлаар ажиллавал жилдээ нэг сая тонн цемент тус бүр үйлдвэрлэх боломжтой. Гэтэл бүрэн ажиллаж чадахгүй байгаа учраас хомсдол үүсч байгаа юм. Эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа шийдвэр. Дотоодын үйлдвэрийг гаалийн албан татвараас чөлөөлж, дэмжээд байхад л эрэлт нийлүүлэлтээ хангаж чадахгүй байсан учраас ийм арга хэмжээ авахаас өөр арга байсангүй.
"ОРОС, МОНГОЛЫН ХАМТАРСАН III СУРГУУЛЬ 100 ХУВЬ МОНГОЛЫН ӨМЧ"
Орос, Монголын хамтарсан III сургуулийн захирлын асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл ямар нэгэн байдлаар хамт олноо өдөөн хатгаж байна. Би олон нийтийн сүлжээнд өчигдөр /2022.09.11/ сургуулийнхаа хамт олныг турхирч, багш болон эцэг эхчүүдийг долоо хоног бүр жагсаал цуглаан хийх ажлыг хийж байсан тухай мэдээлэл ирсэн учраас олон нийтэд ил болгосон. Ер нь Монгол Улс тусгаар тогтносон улс. Тийм учраас Засгийн газар, БШУ-ны сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан гэж аль ч улсын Элчин сайдын яам мэдэгдэл гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй хамгийн болчимгүй үйлдэл гэж ойлгож байна. Удахгүй Монголын Гадаад харилцааны яамнаас энэ асуудалд албан бичиг гаргах байх. Энэ талаар ярилцаж байгаа гэж ойлгосон.
Өнөөдрийн байдлаар Орос, Монголын хамтарсан III сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд бий. ОХУ-аас нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулж буй урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдээс авдаг бол 16 хувийг ард түмний татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг. Тиймээс хувьсах зардал болон өмчийн хэлбэрт нэг ч төгрөг гаргаагүй байж Засгийн газрын шийдвэрийн эсрэг байр суурь илэрхийлэх ёсгүй гэдгийг хатуу хэлье" гэсэн юм.
“ҮАБ-Д ХАЛДСАН МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН ЭТГЭЭДЭД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО”
Монгол цэргүүдийг Орос руу сайн дурын цэрэг татлагат хамруулна гэх мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ мэдээлэл ор үндэслэлгүй худал болох, шалгалт хийж байгаа талаар Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар:
-Цахим орчинд гарсан хуурамч мэдээлэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой цаашид хор холбогдол гарах эрсдэлтэй учир эзэн холбогдогчийг заавал тогтоох шаардлагатай. Тус мэдээлэл Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, улсын тусгаар тогтнол, язгуур эрх ашигт нөлөөлөхүйц байгаа. Тиймээс хууль хяналтын байгууллага, тагнуулын байгууллага шалгаж тогтооно.
Улс орнуудын харилцаанд хор хохирол учруулах эрсдэлтэй учир ташаа мэдээлэл гаргасан этгээдэд хатуу хариуцлага тооцно.
Тус мэдэгдэлд Батлан хамгаалах яам болон холбогдох яамны логог ашигласан бөгөөд албан бичиг хөтлөлттэй гаргасан учир үүнийг санаатайгаар гаргасан гэж харж байна. Тиймээс иргэд худал мэдээлэлд цензуртай хандах хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд цэрэг татлага явуулах заалтыг тусгасан байдаг. Үүнд бусад улс орон руу цэрэг татах талаар тусгаагүй. Иймд улс хоорондын дипломат харилцаанд сэв суулгах хуурамч мэдээлэл гаргасан асуудлыг шалгана.