Дөрөвдүгээр эмнэлгийн эмч нар үнэгүй үзлэг хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.17-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр эмнэлгийн эмч нар үнэгүй үзлэг хийж байна

Дөрөвдүгээр эмнэлгийн эмч нар үнэгүй үзлэг хийж байна

"Сайн байна уу. Та тавтай үйлчлүүлээрэй" хэмээн эмнэлгийн ажилчид угтан мэндлэв. Тэд эмнэлгийн хаалгаар орж ирсэн үйлчлүүлэгчийг ямар эмчид үзүүлэхийг нь лавлаж, эмнэлгээ танилцуулж байлаа.

Эмч нар нь үнэ төлбөргүй үзлэг хийж, эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулна. Энэ эмнэлэг бол ХСҮТ-ийн дэргэд байрлалтай Дөрөвдүгээр төв эмнэлэг.

Хувийн өмчимт энэ эмнэлгийн хамт олон өнөөдөр /2022.09.17/ "Олон улсын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг тохиолдуулан анхны нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж буй нь энэ.

Уг өдөрлөгөөр дотор, мэдрэл, зүрх судас, дотоод шүүрэл, мэс засал, чих хамар хоолой, нүд, шүд, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг амбулаторийн үнэгүй үзлэг хийж, үйлчлүүлэгчийн хөл тасрахгүй байлаа.

Мөн бүх төрлийн рентген, ясны сийрэгжилт тодорхойлох, хөхний рентген, хүүхдийн өсөлтийг урьдчилан таамаглах багажийн шинжилгээг 30 хувийн хямдралтай хийж байна.

"ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНД АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БАЙНА"

Дөрөвдүгээр эмнэлгийн гүйцэтгэх захирал Б.Золжаргал:

-Өнөөдөр Олон улсын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр тохиож буй. Энэ өдөрт зориулан Дөрөвдүгээр эмнэлгийн хамт олон нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Швейцарь улсын Женев хотноо 2019 онд зохион байгуулсан дэлхийн эрүүл мэндийн 72 дугаар чуулга уулзалтаар жил бүрийн есдүгээр сарын 17-ны өдрийг Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ жил дэлхий нийтээрээ гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн хувьд “Эмийн зохистой хэрэглээ, аюулгүй байдал” уриан дор арга хэмжээгээ зохион байгуулж байна. Учир нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нийт тохиолдлын 50 орчим хувийг эмийн зохисгүй хэрэглээнээс үүдсэн тохиолдлууд эзэлдэг. Тийм учраас дэлхий нийтээрээ эмийн зохистой хэрэглээнд ач холбогдол өгч, тэмдэглэж байна.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ВАУЧЕРЫГ ТАРААНА

Уг өдөрлөгөөр “Дөрөвдүгээр фарм” компани болон “Эрүүл амьдралын жигүүр” төрийн бус байгууллага, “Төрийн банк”, “СОС” хүүхдийн асрамжийн газартай хамтран ажиллаж, иргэдэд мэдээлэл өгч, үйлчилж байгаа аж.

Мөн Тайванийн эмнэлгийн Чанар аюулгүй байдал хариуцсан сувилахуйн захирал сургалтыг зохион байгуулж, эмийн компаниуд өрхийн эмнэлгийн эмч нар болон үйлчлүүлэгч нарт эмийн зохистой хэрэглээний талаар мэдээллийг өгч байв.

Дөрөвдүгээр эмнэлгийн хамт олон нийтэд анх удаа үйл ажиллагаагаа танилцуулж байгаа учраас есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үйлчлүүлэгчиддээ хөнгөлөлттэй үйлчлүүлэх ваучерыг тарааж буй талаар эмч нар онцолсон юм.

"ТУХТАЙ, ЦЭВЭРХЭН, ҮЙЛЧИЛГЭЭ САЙТАЙ ЭМНЭЛЭГ ЮМ"

Тус эмнэлгээр үйлчлүүлж буй Р.Цогзолмаа “Манай ажлын нэг хүн Дөрөвдүгээр эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийх гэж байна гэсэн. Тэгээд их олзуурхаж, мэдрэлийн эмчид нь үзүүлж зөвлөгөө авахаар сууж байна. Ард түмэндээ тустай сайхан арга хэмжээ болж байна. Тухтай, цэвэрхэн, үйлчилгээ сайтай эмнэлэг юм байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

"Манай өдөрлөгөөр Эм зүйн албанаас эмийн зохистой хэрэглээний талаар сургалт, мэдээллийг өгч байна. Антибиотек нь зөвхөн бактерт үйлчилдэг эм бөгөөд ямар нэгэн вирус, бусад үрэвслийн эсрэг үйлчилдэггүй.

Мөн вирусийн эсрэг эмүүдийг зөвхөн вирусийн гаралтай халдвар авсан тохиолдолд л хэрэглэх нь зүйтэй" талаар тус эмнэлгийн эмч зөвлөв.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж