"Чингис хаан" музейг есдүгээр сарын 15-ны дотор нээхээр төлөвлөж буй талаар Соёлын сайд Ч.Номин өмнө нь мэдээлсэн. Тэгвэл музейн нээлтийн үйл ажиллагаа дахин хойшилж, аравдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ.
Шинэ музейн нэгэн сонирхолтой үзмэр бол "Хаан найрал”-ын хөгжмүүд. “Хаан найрал”-д их эзэн Чингис хаанаас эхлээд алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагт хүртэлх Монгол хаадын ордны найрал хөгжимд уламжлагдан ирсэн 21 төрлийн 38 хөгжмийн зэмсэг буй.
Монгол нутгаас илэрсэн археологийн олдворуудаас гадна Их Монгол, Их Юань улсын судар, Лигдэн хааны ордны дуу хөгжмийн “Зарлигаар тогтоосон арга билэг эгшгийн зүйн сүүлийн эмхэтгэл” зэрэг бичгийн эх сурвалжууд, XIII зууны үеийн Персийн уран зураг гэх мэт эртний дүрслэх урлагийн дурсгалуудад хадгалагдан үлдсэн түүхийн баримт мэдээнүүдэд суурилан, яг тэр үеийнх нь хэлбэр дүрс, хэмжээ, материалаар Монгол Улсад анх удаа иж бүрнээр нь сэргээн урласан байна.
Тодруулбал, Чингис хаан музейн захиалгаар Дүрслэх урлагийн академийн багш, уран барималч Ш.Лхагвацэрэн хурган чих хөгжмийг, Хан мюзик үйлдвэрийн хөгжим урлаач Д.Уламбаяр бусад бүх хөгжмийн зэмсгийг уламжлалт арга технологиор урлажээ.
Соёлын дэд сайд М.Батбаяр "Гадаадаас худалдан авах шилэн хорго Монголд бүгд ирсэн. Энд угсраад дуусч байна. Мөн музейн дэглэлт, тохируулга, үзэгчдэд толилуулах бэлтгэл ажлыг зэрэг хийж байна" гэсэн юм
Уг музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг дотоод болон гадаадын 40 орчим газраас цуглуулж, 12 мянга орчим сан хөмрөгтэй болсон байна.
Энэ музейн бүтээн байгуулалтад нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан талаар Соёлын сайд Ч.Номин өмнө нь танилцуулж байв. "Чингис хаан" музейн барилгын ажил дуусч, Улсын онцгой комисс хүлээн авсан. Хотын төвд сүндэрлэх шинэхэн музей одоо үзмэрүүдээ дэлгэн, үзэгчдээ хүлээн авах л үлдээд буй.
Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан байдаг. Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн билээ.