Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл “Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд мөнгөн медалийг хүртлээ.
Тэрбээр Монголын бөхчүүдээс дэлхийн дэвжээнээс 24 дэх мөнгөн медалийг авчирснаас гадна ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 19 дэх тамирчин болсон байна.
М.Лхагвагэрэл өчигдөр алтан медалийн төлөөх барилдаанд олимпийн алт, хүрэл медальт Туркийн алдарт бөх Таха Ахгульд 2:6-гаар ялагдаж, мөнгөн медалийн эзэн болов. Түүний өрсөлдөгч Таха Акгуль нь 26 насандаа Риогийн олимпод түрүүлж, дэлхийн аваргаас хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн түүхтэй. Монголын хүчтэнүүдээс улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Ж.Чулуунбат, улсын харцага Н.Золбоо нар Таха Акгультай барилдаж, ялагдаж байв.