Өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ

Өчигдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны дэргэдэх өндөр хүчдэлийн тулгуур төмөр багана дээрээс 30 орчим насны эрэгтэй амиа хорлох оролдлого хийх гэж байна гэж  бид мэдээлсэн. Түүний энэ үйлдлийг зогсоохоор нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105 болон Аврах отрядын аврагчид, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд газар дээр нь очиж ажилласан юм. 25 метр орчим өндөр, 6000 вольт бүхий уг хүчдэлийн тулгуур дээр зогсож байсан Э гэгч нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байсан бөгөөд түүнийг аврах оролдого хийх үеэр хүчдэлд цохиулан, түлэгдэж доош унасан байна. Түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр ГССҮТ-д хүргэж өгөх замд нас баржээ. Э нь өнгөрсөн оны наймдугаар сард мөн  амиа хорлох оролдлого хийж байсныг тухайн үед таслан зогсоож байжээ.  Тэрээр сэтгэцийн өөрчлөлттэй ч эмнэлгийн хяналтад байдаггүй, гэрийнхэн нь асран хамгаалдаг байсан бөгөөд хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Харин уг өндөр хүчдэлийн шон дээр аврах ажиллагаа явуулж байсан Шуурхай бүлэг 105-ын аврагч дээд түрүүч Д.Батзоригийн зүүн гарын арын хэсэг мөр хүртэл хайрагдаж, зүүн, баруун гарын шууны хэсэг түлэгдсэн байна. Түүнийг Түлэнхийн үндэсний төвд хэвтүүлэн, эмчлүүлж байгаа бөгөөд түлэгдэлтийн гуравдугаар зэрэгтэй байгаа аж. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж