Буурал П.Бадарч, реалист Д.Галсансүхтэй номын баяр

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Буурал П.Бадарч, реалист Д.Галсансүхтэй номын баяр

Буурал П.Бадарч, реалист Д.Галсансүхтэй номын баяр

Сүнсэн бие дуулна, цаг хугацаа хамаагүй

Сүүдэртэй байхад махан биеэ манана

Оюун ухаан гэгч нь ийм л өчүүхэн эрхтэн

Од руу дүүлэх далавчийг минь багласан хэрэгтэн” хэмээх шүлгийн нэр “Нэргүй шүлэг”. Нэгэн цагт “Болор цом” наадмыг шуугиулж явсан яруу найрагч Д.Галсансүх номын баярын асарт өчигдөрхөн хэвлэлтээс гарсан “Хагас реалист шүлэг” номынхоо дээжээс уншиж зогсоно.

Тэрбээр энэ жил уран бүтээлийн олз омог дүүрэн номын баярт оролцож байгаагаа онцолж байв. Асрын өмнө зассан ширээнд түүний алдарт “Бурханд хэлэх зөвлөгөө” яруу найргийн түүврийн тав дахь хэвлэлийг эгнүүлжээ. Ном сонирхсон залуус “Ахаа энд гарын үсгээ зурж болох уу” хэмээн асууцгаана.

Түүний асрын баруун талд нэрт яруу найрагч П.Бадарч өөрийн яруу найргийн дээжсээ дэлгэжээ. Тэрбээр “Номын баяр хавар, намартаа нэг болдог. Энэ ертөнцийн хамгийн үнэт зүйл бол ном. Миний хувьд яруу найргийн “Эрээвэр хураавар” номоо шинээр хэвлүүлсэн тухайгаа ярьж, зорин ирсэн зочидтойгоо мэнд мэдэлцэж, яриа өрнүүлж сууна.

Номын баярын хамгийн гоё хэсэг нь зохиолчдын хэсэг. Тэнд л халуун дулаан яриа, уран бүтээлийн сонин сайхан өрнөдөг. Ямар ч маркетинг сурталчилгаа байхгүй. Бидний хэдийнэ танил болсон нэрт яруу найрагч, зохиолчид жижиг асартаа уншигчаа хүлээн суух нь “хайр хүргэм”. Нэг л дотно, сайхан.

Тэр дунд зохиолч Б.Номинчимэдийн асар хөл хөдөлгөөн ихтэй угтав. Түүний “Цагаан бороо” номоос гадна шинэхэн “Байтаг богдын нүргээн” туужийг сонирхох уншигч цөөнгүй.

Тэрбээр “Хүүхэд байхад цагаан сар, наадмын баярыг их догдолж хүлээдэг байлаа. Тэрэн шиг би чинь 2018 оноос хойш тасралтгүй номын баярт оролцож байна. Энэ өдрүүдэд зохиолчид номоо зарж, хэдэн бор төгрөгтэй болох нь чухал биш. Ойрд уулзаж, ярилцаагүй нөхөдтэйгөө уулзаж, мэндийг нь мэдэх нь их сайхан байна. Манай асрын хойно Жамъяан, Мэндээ, Батхуяг, Бавуудорж маань сууж байна. Мөн уншигчидтайгаа уулзаж сайхан урмын үг сонсдог.

Миний “Цагаан бороо” номыг маань хүмүүс их сонирхож байна. Би саяхан “Байтаг богдын нүргээн” гээд тууж гаргасан. Энэ ном “Цагаан бороо” номын хоёр дахь хэвлэл биш. Гэхдээ “Цагаан бороо” номонд гардаг зурхайч ламын тухай “Байтаг богдын нүргээн”-д бас гарч байгаа” тухайгаа ярилаа.

Төрийн соёрхолт, урлаг, соёл судлаач Ц.Санчир “Тархан суурьшсан монголчууд” байгууллагын хувьд “Монголын эзэнт гүрний соёрхолт өв” гэсэн гурвалсан ботийг монгол бичиг, крилль үсэг, англи хэлнээ цөөн хувиар хэвлүүлж, дууссан. Олон нийтийн хүлээлт маш их байдаг. Тэргүүн боть болох “Монголын эзэнт гүрний уран барилга, хот байгуулалт” гэж 1000 гаруй хотоос дээжилсэн номоо олон нийтэд хүргэж байна.

Бид энэ хэвлэлийг ХХI зууны технологиор нүдний хараанд хамгийн тохиромжтойгоор хэвлэсэн. Дараагийн ном бол “Өлзийт хааны ордон” ном маань байна. Мөн Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Чингис хааныхаа эш хөргийг залахаар болсон. Бидний өнөөдөр Их хааны эш хөргийг сайтар хатаасан нарс модон дээр татаж, олны хүртээл болгож байна.

ХОЁР НОМ ХУДАЛДАЖ АВБАЛ ГУРАВ ДАХЬ НОМ НЬ ҮНЭГҮЙ УРАМШУУЛАЛТАЙ

Номын худалдаа сонирхож яваа Б.Арвинжаргал “Миний хувьд одоогоос хоёр, гурван жилийн өмнө хэвлэгдэж, дууссан номнуудыг хуучин номын худалдаанаас хайлаа. Худалдан авахаар төлөвлөсөн номнууд байгаа ч санамсаргүй явж байгаад таалагдсан номоо худалдан аваад явж байна. Би өөрөө хөгжмийн чиглэлээр сурдаг учраас мэргэжилтэйгээ холбоотой ном худалдаж авлаа. Мөн “Алхимич” болон “Альфабүүк” номын дэлгүүрийн хамт олон топ фэнүүддээ зориулан “Нил ягаан” номыг бэлэглэлээ” гэв.

Харин ном борлуулагч Б.ЦагаанцоожХүмүүс бага насны хүүхдүүддээ зориулж, ном олноор нь худалдан авч байна. Бас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ангиараа, найзуудаараа өөр өөрсдийн унших дуртай номоо асууж байна. Тэр утгаараа манай асарт хүүхдийн ном эрэлт ихтэй байна. Хоёр ном худалдаж авбал гурав дахь ном нь үнэгүй урамшуулалтай. Үнийн хувьд 14-70 мянган төгрөгийн хооронд номнууд зарж байна” гэлээ.

Б.Одбаяр, Ю.Төгөлдөр нар нийслэлийн 53 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид. Тэд хамтдаа номын баяраар зочилж, сонирхсон номоо худалдан авчээ. Б.Одбаярын хувьд “Харри потер” цувралыг худалдан авсан бол Ю.Төгөлдөр хувь хүний хөгжлийн ном худалдан авсан тухайгаа ярьж байлаа.

Хүүхдэдээ ном худалдан авч буй Б.Гулстан "Би хувь хүний хөгжил, эрүүл мэндийн чиглэлийн ном сонирхдог. Энэ чиглэлийн номнууд номын баяраар хямдралтай зарагдаж байгаа учраас олзуурхаж байна.Бас хүүхдийн ном хоёрыг худалдан авбал нэг ном үнэгүй гэх мэт хямдарсан байна. Уншигчдын хамгийн том баяр бол номын баяр. Энэ өдрийг тэсэн ядан хүлээж байгаад худалдаж авахаар төлөвлөсөн номнуудаа сая авлаа.

Жишээлбэл, хүүхдүүдэд хэрэгтэй, танин мэдэхүйн чиглэлийн “Гэж хэн бэ?” цуврал байна. Уг номонд дэлхийн алдартай хүмүүсийн намтар түүхийг маш сонирхолтойгоор, товчхон тайлбарласан байдаг" тухай ярьсан юм.

"ХАМТ ОЛНООРОО ЯРИЛЦАЖ БАЙГААД НОМ ШИМТЭН УНШДАГ НЭГ ГЭР БҮЛД МАШИН БЭЛЭГЛЭХЭЭР БОЛСОН"

Жил бүрийн номын баярт шинэлэг өнгө төрх, маркетингийг ашигладаг асар бол "Альфабүүк" номын дэлгүүрийнхэн. Тэд энэ удаа монгол үндэсний дээлээр гоёж, уншигчдад үйлчилж байлаа. Уг хамт олон энэ удаа ном шимтэн уншигч нэг гэр бүлд машин бэлэглэхээр болжээ.

“Альфабүүк” номын дэлгүүрийн захирал Д.Оюунсүрэн:

-Энэ жилийн хаврын номын баяраар бид шүхэрт гудамж хийж байсан бол намрын номын баяраар үндэсний ёс заншлаа илэрхийлсэн монгол уламжлалт орчинг бүрдүүлж, оролцож байна. Ажилчид маань бүгд монгол дээл өмсч, үндэсний хувцсаараа гоёлоо. Манайх номын баярын өмнө нийтээрээ хуралдахад “Ер нь номын баяр дээр машин бэлэглэж байгаагүй юм байна” гэж ярилцаад нэг гэр бүлд машин бэлэглэх санаачлага гаргасан.

Уншигчид өөртөө хэрэгтэй номоо худалдан авч, 50 мянган төгрөгөөс дээш худалдан авалтад нэг эрхтэй болно.

Манайхаас залуучуудад зориулсан “Дүүлэн нис” гэдэг шинэ ном хэвлүүлсэн. Тэр номыг худалдан авбал нэг эрх, алдартай эрдэмтний эмэгтэйчүүдийн бэлгийн боловсролд зориулсан ном худалдан авбал нэг эрх өгч байгаа. Номын баярын хамгийн сүүлийн өдөр буюу Ням гаригийн 18.00 цагаас азтанаа тодруулна. Төв талбай дээрээс таван хүүхэд сонгож, нэгээр нь азтангаа тодруулна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж