Дипломат бодлого: Алтан дундаж байх нь аминд өлзийтэй!

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Дипломат бодлого: Алтан дундаж байх нь аминд өлзийтэй!

Дипломат бодлого: Алтан дундаж байх нь аминд өлзийтэй!

ШХАБ-ын хуралдаанд оролцож буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үг, үйлдэл монголчуудын төдийгүй гадаадынхны анхаарлын төвд байна. Учир нь, дэлхийн улс төрийн байдал өөрчлөгдөж буй өнөө цагт Монгол Улсын гео-стратегийн үнэлгээ дагаад өөрчлөгдсөн нь авторитори дэглэмтэй, хоёр их гүрний дунд орших ардчилсан улсын бодлого, шийдвэр тэдний сонирхлын цэг болсон хэрэг. Нэгэнтээ  Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд, олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү “Дэлхийн олон талт дипломат бодлогын сонирхлын уулзвар нь Монгол болчхов уу” гэж дүгнэсэн бий.

Монгол Улс 2004 онд ШХАБ-д анхны ажиглагч орон болж байв. Энэхүү байр сууриа Монгол 18 жил хадгалж буй агаад цаашид ч ажиглагчийн статустай байхаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Минд товч тодорхой илэрхийлснийг гадаад, дотоодын хэвлэлүүд онцолжээ. Мэдээж, Ерөнхийлөгчийн энэ үг, үйлдэл Монголд эерэг мессеж болно. Нэн ялангуяа монголчуудын үг, үйл хөдлөл бүрийг анаж, анхааралтай ажиглаж буй гуравдагч орнуудад.

ШХАБ-д Монголыг элсүүлэх, Монголоор улс төрийн пропагандаа хийх сонирхол их гүрнүүдэд бий. Өнгөрсөн долдугаар сард Улаанбаатарт нэг өдрийн айлчлал хийгээд буцсан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров үүнийгээ ч ил тод хэлсэн.  Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед Монголыг ШХАБ-д элсүүлэх асуудал өндөр авч, олон нийтийн эсэргүүцэлтэй ч багагүй тулж байсан удаатай. Тэрбээр “Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа” гэж ШХАБ-ын өргөтгөсөн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ тодотгож байсан юм.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс харвал Монголыг ямартай ч Шанхайн ломбардад тавьчихгүй нь бололтой.

 ШХАБ-ын хуралдааны дараа Ерөнхийлөгч НҮБ-ыг зорино.  Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын хуралдаанд жил бүр очиж, тусгаар улсаа тунхаглан зарладаг байсан бол энэ уламжлал Х.Баттулгын хувьд бараг тасарсан байлаа. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноос хойш НҮБ-ын хуралдаанд Монгол Улс оролцдог болсон.

Өнгөрсөн жил Монгол Улс НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод ургуулах төслөө зарлаж, “Транзит Монгол” болно гэж амлаж байсан энэ жил  ямар үг хэлэх нь олон улсын анхаарлын төвд байна. Учир нь, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад айлчилсан нь мэдээж дэлхийд эерэг пиар болсон байх. Үнэндээ өнөөдрийн хувьд Чингис хаан, онгон дагшин байгаль, нүүдэлчин ахуйгаас илүү ардчилал, хүний эрх, эрх чөлөө маань Монголын хамгийн том сурталчилгаа болж буй.

Долоо, наймдугаар сард ерөнхийдөө Монгол Улс айлчин, гийчин олонтой байсан бол есдүгээр сард манай эрх баригчид явдал суудал ихтэй байна. Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владивостокт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирсэн. Тэгвэл энэ сарын 19-нд болох Хатан хаан II Элизабеттай салах ёс хийх төрийн ёслолд уригджээ. Их Британитай тогтоосон дипломат харилцаа монголчуудад барууны орнууд үүд хаалгаа нээх хөшүүрэг болсны хувьд Ерөнхий сайд очиж эмгэнэл илэрхийлэхээс яах вэ.

Мэдээж, хөршүүдтэйгээ эвтэй, гуравдагч орнуудтай найрсаг байх нь Монголын дипломат бодлого байх ёстой.  Өөрөөр хэлбэл, алтан дундаж байх нь аминд өлзийтэй.  Улааныг харж урваад, шарыг харж шарвалгүй гэсэн үг.

Тэр утгаараа Монгол Улсад ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар айлчлал хийсэн.  Тэрчлэн Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар ч Монголд албан ёсоор айлчилсан билээ.  Ийнхүү гадаад, дотоод айлчлал тасрахгүй байгаа нь манай дипломат бодлого идэвхтэй байгаагийн илрэл юм.

Баастай гээд хошногоо тайрч болдоггүй шиг газар нутгаа үүрээд нүүж чадахгүйгээс хойш хоёр хөрштэйгөө эв найрамдалтай байхаас өөр сонголт бидэнд байхгүй. Адаглаад л Эрээн хилээ хаангуут л экспорт, импортын гацаа үүсч байна. Орос цоргоо хаавал Монгол хэцүүднэ.  Гэхдээ тэглээ гээд гуравдагч түнш, донор орнуудтайгаа дайсагнаж бүр ч болохгүй.  Япон бол Монголын хүнд хэцүү цагт хамгийн том тусламж дэмжлэг үзүүлж ирсэн. Цар тахлыг Японоос хандивласан вакцинаар л давсан нь худлаа биш. Нарны зам, нарны гүүр, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, “Жайка"-гийн судалгаа, "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд барьж өгсөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд япончуудын өгсөн “бэлгийн морины шүдийг татаж үзвэл” том тоо гарна. Монгол Улсын ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт, зээл, тусламж үзүүлсэн гэсэн үг.

Тэгэхээр Ерөнхий сайдын Япон руу хийх айлчлал ч эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой. Хөршүүдтэйгээ ч, стратегийн түншүүдтэйгээ найрсаг, олон тулгуурт, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэх нь энэ цөвүүн цагт Монголын “амьд үлдэх” арга заль юм даг уу даа.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
135
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
9
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж