Хогийн цэг дээрх хүүхдүүдийн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Хогийн цэг дээрх хүүхдүүдийн асуудлыг хэлэлцэнэ

Улаанчулуутын хогийн цэг дээрх хэдэн зуун хүн амьдарч, бүхэл бүтэн  ертөнц бий болоод байгаа. Улаанчулуутын хогийн цэгээс амьдралаа залгуулж, өдрийн өлтэй залгадаг иргэд, тэнд тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн талаар “Ардын эрх”  сонины наймдугаар сарын 10-ны дугаарт “Улаанбаатарчуудын хог Улаанчулуутынхны хоол” гэсэн гарчигтай сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ. Манай сурвалжлагын дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар  хамтран ажиллах санал тавьсан юм. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа, Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ынхантай хамтран хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүдийг хамгийн эхэнд сургуульд сургаж, шат дараатай арга хэмжээ авахаар ажлаа эхлүүлсэн. Улаанчулуутын хогийн цэг дээр дунджаар 50-60 хүүхэд тогтмол ирж ажилладаг бөгөөд тэдний  олонх нь сургуульд огт суугаагүй эсвэл сургууль завсардсан байдаг. Эдгээр хүүхдийг хогийн цэг дээрх эмгэнэлтэй амьдралаас нь гаргах, амьдралын утга учрыг танин мэдүүлэхэд хамгийн түрүүнд сурч боловсрох нөхцлөөр хангах нь зүйтэй гэж үзсэн юм. Тиймээс хүүхдүүдийн ар гэрийн амьдрал, сургуульд сурах хүсэл эрмэлзэлтэй эсэх, тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэй, ямар сургуульд сургах боломжтой талаар судалгаа явуулж байна. Энэ ажлын хүрээнд хүүхийн ирээдүйн сайн сайхны төлөө санаа тавьдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, мөн хогийн цэг дээр ажиллаж, амьдарч байгаа иргэдийн оролцоотой цаашид хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох  хэлэлцүүлгийг маргааш буюу энэ сарын 24-ний 11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Улаанчулуутын хогийн цэгийн захиргааны байранд  зохион байгуулна.  Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа, Хүүхдийн төлөө газар, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе  залуусын аян, Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Хүүхдийн эрхийн үндэсний төв, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Бадамлянхуа хүүхдийн төв, Адра Монгол олон улсын байгууллага, Тайванийн сан, Хүүхэд хүүхдийн төлөө ТББ зэрэг 10 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож санаа бодлоо солилцон, цаашид хийх ажлын арга замаа тодорхойлох юм. Энэхүү хэлэлцүүлэгт хүүхдийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг хүссэн хүн бүхэн оролцох боломж нээлттэй байна.

С.Отгонсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж