“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хоёрдугаар шатны нээлтийн арга хэмжээ өнөөдөр (2022.09.16) болж, үйл ажиллагааг эхлүүлэх гэрээнд хэрэгжүүлэгч талууд гарын үсэг зурлаа. Төслийн нэг жилийн тайлант уулзалт 2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр болж, уулзалтаар төслийн хэрэгжүүлэгч талууд Бизнесийн ёс зүйн төвийн нэг жилийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэн төслийг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК 2021-2022 онд “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж, төслийн үр дүнд Монгол Улсад анхны Бизнесийн ёс зүйн төвийг МҮХАҮТ-ын дэргэд байгуулсан. Улмаар нийт 60 мянган гаруй оролцогч бизнесийн ёс зүйн талаарх мэдээллийг түгээж, 100 гаруй бизнесийн байгууллагыг “Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” 6 модуль сургалт, Татварын ёсзүй, Ёсзүйтэй манлайлал, Комплаенс, Бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган зэрэг арга хэмжээнд хамруулан, ”Ёс зүй-Тогтвортой бизнес” аян зэрэг нөлөөллийн ажлууд хийж гүйцэтгэжээ.
Энэхүү төслийг МҮХАҮТ, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран хэрэгжүүлж, бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсоох, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар, урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэхээр хамтран ажиллаж буй юм.
МҮХҮАТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Бизнесийн ёс зүйн төв нь бизнесийн байгууллагуудад ёс зүйн дүрэм боловсруулах, хянах, туслалцаа үзүүлэх, засаглалын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх, бизнесийн ёс зүй, шударга байдлын сургалтууд зохион байгуулж, ААН-ийг энэ чиглэлд мэдээ, мэдээллээр хангах, ёсзүйн хэм хэмжээнд хүртэл чадавхжуулах, тэдэнд зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүлсэн. Тус төвийн үйл ажиллагааг улам бэхжүүлж, стратегийн бодлогын хүрээнд ажиллуулах, олон улсын жишиг болсон ёсзүйн төвүүдтэй хамтран ажиллаж Монгол Улсын нөхцөлд тулгуурласан үйлчилгээг нэмж олон улсын стандартад нийцсэн ёс зүйн төв болгохоор зорьж байна" гэв.
“Рио Тинто” Группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал хэлэхдээ "Урт хугацаанд тогтвортой, бодит үнэ цэн бий болгон ажиллахын үндсэн суурь нь бизнесийн ёс зүй. “Рио Тинто” групп 150 жилийн түүхтэй, 35 улсад үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү туршлагаа хуваалцаж, урт хугацааны тасралтгүй өсөлтийн суурь болсон бизнесийн ёс зүйг бэхжүүлэх ажлыг хоёр дахь жилдээ дараалан дэмжиж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаадаа баяртай байна. Төслийн 2-р үе шат Монголын хувийн хэвшилд ил тод байдал, бизнесийн ёс зүй, компанийн засаглалаар тэргүүлэх компаниудыг магадлан итгэмжлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байна. Цаашид “Рио Тинто” компани энэ хүрээнд тогтмол дэмжлэг үзүүлэн ажиллана" гэлээ.
“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал "Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан шинэ бүтээн байгуулалтын төслүүдийг авлигаас ангид зөв зохион байгуулалттай хэрэгжүүлэхэд “Бизнесийн ёс зүйн төв” чухал үүрэгтэй оролцож, улмаар бизнесийн ёс зүйн ойлголтыг бэлгэдэл төдий бус практик хэмжээнд болон өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болгохын төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэв.
Холбоотой мэдээ