Сурвалжлага: Доллар нэг сарын дотор 60 төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Доллар нэг сарын дотор 60 төгрөгөөр нэмэгджээ

Сурвалжлага: Доллар нэг сарын дотор 60 төгрөгөөр нэмэгджээ

Арилжааны банк, "Найман шарга" худалдааны төвд ам.доллар хомсдолтой, ханш нь 3400 давав. Монголбанкны нэрлэсэн ханш 3245 байгаа боловч арилжааны банкууд, Найман шарга зах дээр ам.доллар 3400 төгрөг байна.

Цар тахлаас үүдэж, эдийн засаг саарсан, гадаад худалдааны эргэлт тэг зогсч, арилжааны банкууд ам.долларын хязгаарлалт хийсэн нь ийнхүү ханш өсөхөд нөлөөлсөн гэдгийг ченжүүд онцолж байлаа. Бид энэ удаад "Найман шарга" зах болон арилжааны банкуудад ам.долларын эрэлт, үнэ ханш ямар байгааг сурвалжлав.

Сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын эрэлт нэмэгдэхийн хэрээр ханш өссөн гэдгийг ченжүүд онцоллоо.  Бидний "Найман шарга" худалдааны төвд очиход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Ченжүүдээс ам.долларын эрэлт, ханш нэмэгдсэн эсэх талаар тодруулахад “Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж ам.доллар эрэлттэй, ханш өссөн. Мөн арилжааны банкууд валютын хязгаартай худалдаалж байгаа нь ханш өсөхөд нөлөөлсөн” гэх тайлбарыг өгөв. Арилжааны банкууд хязгаартай олгож байгаа учраас "Найман шарга" ийн хөл хөдөлгөөнтэй байна гэдгийг ч ченжүүд хэлсэн юм.

"Найман шарга" худалдааны төвд ам.доллар 3390-3400 төгрөгийн хооронд байв. Бусад валютын хувьд ч үнэ өссөн бөгөөд ялангуяа юанийн ханш сүүлийн саруудыг бодвол илүү их өссөн гэв. Иргэдийн хувьд төгрөгийн ханш унаж, арилжааны банкууд ам.доллар хязгаартай олгох болсонд бухимдана.

Иргэд “Төгрөг цаас болж байна. Бид чинь сарын 300 ам.доллар хүрэхгүй цалингаар л амьдарч байна. Банкнаас их хэмжээгээр ам.доллар солиулах гэхээр баахан л юм ярьж байна. Өдөрт нэг сая төгрөг солиулна гэхээр бас яаралтай үед маш хэцүү юм.  Тиймээс л "Найман шарга" захаас өөр сонголт алга. Яг одоо бол 3400 төгрөг гэж байна маргааш хэд болохыг ч таашгүй” гэв.

НЭГ САЯАС ДЭЭШ ВАЛЮТ СОЛИУЛБАЛ ХҮСЭЛТ ӨГНӨ

"Найман шарга" захад валютын арилжаа хийж байгаа хүмүүсийн хөлд дарагдаж байхад харин арилжааны банкууд хоосон шахуу. Учир нь банкууд ам.доллар солих нь хязгаартай учраас арилжааны банкуудаар үйлчлүүлэх хүмүүс ховор болсон гэдгийг банкныхан хэлэв. Өдөрт нэг сая төгрөгийн арилжаа хийх хязгаартай байгаа аж. Нэг сая төгрөгөөс илүү дүнгээр солиулахыг хүсвэл албан хүсэлт өгөн захиалгаар авах боломжтой. Өөрөр хэлбэл, нэг үйлчлэгч сая төгрөг дотор л валют худалдан авах хязгаартай бөгөөд түүнээс дээш дүнгээр валют солиулбал заавал тухайн арилжааны банкинд хүсэлт гаргаж, захиалга өгөх ёстой болно гэсэн үг.

Эдийн засагчдын цаашид ам.доллар 3800 хүрнэ гэж таамаглаж байна. Тиймээс төгрөгийн ханшийг сулруулахгүй, ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлах шаардлагатай гэдгийг ч хэлж байлаа.

ДОЛЛАР ӨНГӨРСӨН САРААС 60 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Сүүлийн таван сарын ам.долларын ханшийн мэдээлэл /Монголбанкны нэрлэсэн үнэ/:

  • 2022.05 сар-3110.22
  • 2022.06 сар-3124.25
  • 2022.07 сар-3153.03
  • 2022.08 сар-3185.72
  • 2022.09 сар-3245.13

Тайлбар: ҮСХ-ны сүүлийн 5 сарын ам.долларын ханшийн мэдээлэл

М.АРИУНБОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж