Эрчим хүчний салбар Монгол Улсын аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбарын нэг. Улсын хэмжээнд жил бүр цахилгаан, дулаан, эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байна. Түүнийг дотоодын эх үүсвэрээр бүрэн хангах, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх замаар эдийн засгийн хөгжлийг хязгаарлагч сөрөг хүчин зүйлсийг бууруулах билээ.
ГАЛ АЛДАХ ЭРСДЭЛ
Монгол Улсын эрчим хүчний систем төвийн бүсийн, баруун бүсийн, Алтай-Улиастайн, дорнод бүсийн, өмнөд бүсийн цахилгаан хангамж гэсэн таван хэсэгтэй, нийт 330 гаруй сум, суурин газрыг төвлөрсөн эрчим хүчний системээс хангаж буй.
Өнөөдрийн байдлаар дулааны 9 цахилгаан станц, Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Алтай, Улиасгайн дизель станцууд болон бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс цахилгаан эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж байна.
Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өссөн байна. Дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр авч үзвэл, нийт үйлдвэрлэлийн 82 хувийг дулааны цахилгаан станцууд, 18 хувийг нар, салхи, усны эх үүсвэрүүд, дизель станцууд эзэлж буй аж.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 2021 онд 9.7 тэрбум квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж борлуулсан нь өмнөх оноос 11 хувиар нэмэгдэж, нийт түгээсэн эрч хүчний 80.9 хувийг дотоодын үйлдвэрлэлээс, 1.1 хувийг импортоор хангасан байна.
Импортоор авсан 1.9 тэрбум квт.цаг цахилгаан эрчим хүчний 27 орчим хувийг ОХУ-аас, 73 хувийг БНХАУ-аас авсан ба импортоор авсан хэмжээ өмнөх оноос 9 хувиар өсчээ.
Эрчим хүчний оргил ачааллын өсөлтийг харахад, 2022-2023, 2023-2024 оны өвөл эрчим хүчний хангамжийн хувьд хамгийн хүндрэлтэй жилүүд байх нь.
Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбар системийн нийт суурилагдсан хүчин чадлыг ашиглаж, нөөц тоноглол төхөөрөмгүй ажиллаж буй. Эрчим хүчний оргил ачааллын өсөлтийг зөвхөн импортын эрчим хүчээр нэмж хангахаас өөр боломж 2024-2026 онд үнэндээ байхгүй ажээ.
Зөвхөн төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2020 онд 130 Мвт хүрч байсан бол 2021 онд 1387 Мвт хүрч, өмнөх оны мөн үеэс 6 хувиар өссөн байна. Энэ өвөл 1400 Мвт давах нь тодорхой болсон талаар салбарын сайд Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил" эрдэм шинжилгээний бага хурал дээр хэлэв.
Эх үүсвэрүүдийн насжилт, тоног төхөөрөмжийн хуучрал, хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний шугам тоноглолыг хэт ачаалалд оруулах нь системийг бүхэлд нь аваарийн нөхцөл байдалд хүргэх эрсдэлтэйг эрдэмтэн, судлаачид анхааруулж байна. Цаашид өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам сүлжээнд тасралт гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатайг ч онцолсон юм.
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн дулаан дамжуулах гол шугамуудын 30 гаруй хувь нь 30-аас дээш жил ажилласан, мөн жилд дунджаар 150-230 Гкап.цаг-ийн хэрэглээ нэмэгдэж буй аж. Тухайлбал, 2020 онд 289 барилгын 206.4 Гкап.цаг-ийн хэрэглээ шинээр холбогджээ.
Нийслэлийн дулааны эх үүсвэрүүд чадлын дутагдалд орж болзошгүй нөхцөл байдалд хүрсэн байна.
Улаанбаатар хотын дулааны хэрэглээ 7-9 хувиар өсөн нэмэгдэж байгаа аж. Цаашид өвлийн улиралд хэт хүйтэрсэн тохиолдолд чадлын дутагдал ихсэх, дулаан хангамж доголдох эрсдэлтэй өндөр байгааг салбарынхан онцолж байна.
АХУЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ТАРИФЫГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ
Монгол Улсын эрчим хүчний салбарын бүтэц, үйлдвэрлэлийн загвар хувилбаруудыг 2050 он хүртэлх хугацааг хамруулан авч үзэхэд, эрчим хүчний хэрэгцээ 2030 онд 251.4 сая ГЖоуль, 2050 онд 451.1 сая ГЖоуль хүрэхээр байгаа аж.
Энэ салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь үнэ тарифын асуудал. Өнөөдөр ахуйн хэрэглэгчдийн өртөг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийнхтэй харьцуулахад өндөр. Алслагдсан бүс нутгийн иргэд Улаанбаатарын хэрэглэгчидтэй адил тарифаар төлбөрөө төлж буй юм.
Цахилгаан эрчим хүчний хэрэглээний 32 хувийг хэрэглэгчид эзэлж буй бол нөгөө талдаа орлогын 25 хувийг бүрдүүлдэг. Зөрүүг уул уурхайгаас хөндлөн татаас хэлбэрээр авч буй.
Эрчим хүчнийхэн цаашид ахуйн хэрэглэгчдийн тарифыг үе шаттай нэмэгдүүлж, өртөгт нь хүргэх бодлого барих чиглэлтэй байгааг хэлэв.
Зарим мэргэжилтнүүд эрчим хүчний салбарт “аюулын харанга” дэлдэж буй энэ үед хэмнэлт хамгийн чухал болохыг онцолсон. Тиймээс хэмнэлтийг үнэ тарифын өөрчлөлттэй хослуулах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэж буйгаа илэрхийлэв.
Стратегийн чухал энэ салбарт мөн хүний нөөцийн асуудал юу юунаас илүү анхаарах асуудлын нэг болжээ. Хэмнэж байна гээд мэргэжлийн, мэргэшсэн ажиллах хүчнээ өөр салбар руу урвуулсаар байгаад энэ салбарт үлдэх хүнгүй болох вий гэж ахмад ажилтнууд анхааруулж байна.
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭР
Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Тавантолгойн дулааны цахилгаан станц (ДЦС), Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэлтийн төслийн ажлыг багтаан эхлүүлсэн. Үүний зэрэгцээ бүс нутгуудыг холбосон цахилгаан дамжуулах шугам сүлжээ барьж байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын тооцоо судалгааг хийсэн.
Онцолбол, Өмнийн бүс дэх уул уурхайн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эрчим хүчээр хангаж, хэрэгжүүлэх дотоодын эх үүсвэрийн нэг нь Тавантолгойн ДЦС юм. Тус станцын төсөл 42 сар хэрэгжиж дууссанаар БНХАУ-аас авч буй эрчим хүчний урсгалыг дотоодын эх үүсвэрээс хангаж, гадагш чиглэсэн буюу Оюутолгойн уурхайн эрчим хүчний хэрэглээний 120 сая гаруй ам.долларын валютын урсгалыг эх орондоо үлдээж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Мөн жилд 3150,0 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн эрчим хүчний системд 200 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж, 250-300 байнгын ажлын байр бий болж, төслийн явцад 2000 түр ажлын байр үүснэ гэж ооцоолж буй.
450 мегаватт (МВт)-ын хүчин чадалтай тус станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа үргэлжилж буй талаар өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр салбарын сайд мэдээлсэн билээ.
Ховд аймгийн Ховд голд баригдах Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц төсөл. Нийт хөрөнгө оруулалт нь 818.0 тэрбум төгрөг бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 95 хувийг, улсын төсвөөс 5 хувийг санхүүжүүлж, 2021-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр тал Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тохиролцоод буй юм.
Чойбалсангийн ДЦС. Дорнод бүс нутагт цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, цаашид өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг хангах боломжгүй болсон. Иймд станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлж, өргөтгөл хийхээр төлөвлөсөн. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын “ТБЕА” компани 2020 оны наймдугаар сард барилга угсралтын ажлыг эхэлж, одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй аж.
Холбоотой мэдээ