Хонгконгчууд хатан хаан II Элизабетэд хүндэтгэл үзүүлэхээр Их Британийн консулын газрын гадаа жагсчээ. 2500 гаруй жагсагч 33 хэмийн халууныг үл ажран цэцэг, жаазтай гэрэл зураг барин жагсав.
Их Британи улс Хонгконгийг 150 гаруй жил захирсны эцэст 1997 онд Хятадад буцаасан юм. Тиймээс энэхүү гашуудлын жагсаал нь хатан хааны төлөө биш Хятадыг эсэргүүцэж буй нэг хэлбэр гэж үзэж байна. Хонгконгийн тусгаар тогтнол Бээжинд шилжсэнээс хойш 25 жил иргэний эрх чөлөө алдагдаж буй.
Хятад улс 2020 оны зургадугаар сард ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцлийн жагсаалыг дарах зорилгоор үндэсний аюулгүй байдлын тухай хууль гаргаснаар олон нийтийн цугларалт харьцангуй ховор болсон. Хонгконгийн засгийн газар хатан хаанд зохих ёсоор хүндэтгэл үзүүлэхгүй байгаад иргэд бухимдалтай байгаагаа илэрхийлжээ. “Колончлолын үед, тэр дундаа 1970,80-аад онд Их Британи улс Хонгконгийн хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан” гэж нэгэн жагсагч хэлэв. Тухайн үед Хонгконгод нийтийн орон сууц, тээврийн дэд бүтэц анх удаа бий болсон.
Гаднаас нь харахад энэ жагсаал сөргөлдөөн мэт харагдахгүй. Учир нь Хятадын удирдагч Ши Жиньпин болон Хонгконгийн төлөөлөгч Жон Ли хэн хэн нь албан ёсоор Их Британид эмгэнэлээ илэрхийлсэн. Гэхдээ далд илэрхийлэл нь ардчиллыг дэмжигчдийн жагсаалыг эргэн сануулж, Хятадын нэг намын засаглалыг эсэргүүцэж буй хэлбэр аж.
Хонгконгийн дуурийн дуучин Лоу Кар-их консулын газрын гадаа цэцэг үлдээж, хатан хаанд хүндэтгэл үзүүлсэн. Гэвч сүүлд нь инстаграмаараа дамжуулан энэ үйлдлийнхээ төлөө уучлалт гуйжээ. “Би олон жил Хятадын пасспорт эзэмшиж байна. Би Хятад хүн, эх орондоо үргэлж хайртай байх болно. Намайг уучлаарай” гэж тэр “Weibo” дээрээ бичсэн. Ямар учраас ийнхүү уучлалт гуйсан нь тодорхойгүй байна.
Хатан хаан II Элизабет өөрийн биеэр Их Британийн нутаг дэвсгэрт хоёр ч удаа айлчилж байв. Гэхдээ колончлолын үеийг шүүмжлэгчид ч цөөнгүй бий. Тухайн үед хонгконгчууд бүх нийтийн санал өгөх эрхгүй байсан. Мөн хонгконгчуудад Их Британид амьдрах, ажиллах эрхгүй хязгаарлагдмал паспорт санал болгож байжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ