Монгол цэргүүдийг Орос руу сайн дурын цэрэг татлагат хамруулна гэх мэдээлэл өнөөдөр /2022.09.16/ цахим хуудаст гарсан. Энэ мэдээллийг холбогдох яам болон хуулийн байгууллагуудаас тодруулахад дээрх мэдэгдэл худал бөгөөд ямар зорилготой ташаа мэдээлэл түгээсэн болохыг хуулийн байгууллага шалгана гэлээ.
Хуурамч гэх зар мэдээлэлд “ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Мөн “Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан он жилүүдээ эргэн дурсаж НАТО-гийн гар хөл болсон Украины эсрэг ариун дайнд мордоцгооё” гэж бичсэн байна.
Төрийн айлчлалууд үргэлжилж байгаа энэ үед үндэсний аюулгүй байдалд халдах оролдлого хийж байгаа асуудлыг иргэд шалгах ёстой талаар цахим хуудаст бичиж байна.
ЦЕГ БОЛОН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ЗАР МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАНА
Батлан хамгаалах яамнаас асуухад "Ямар зорилготой, хаанаас ташаа мэдээлэл гаргасныг мэдэхгүй. Тус зар дээрх мэдээлэл худал. Батлан хамгаалах яамнаас энэ асуудлыг шалгуулна. Ор үндэсгүй ташаа мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага тооцуулна. Иймд худал мэдээллийг түгээхгүй байхыг олон нийтээс хүсч байна" гэв.
Харин Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас тус мэдээллийг шалгаж байна. Батлан хамгаалах яамнаас болон бусад холбогдох яамнаас шалгуулах хүсэлтийн дагуу хяналт тавина" гэсэн юм.
Тагнуулын байгууллага ч мөн энэ дээрх мэдэгдлийг шалгах бөгөөд одоогоор албан ёсоор шалгаж эхлээгүй гэлээ. Ямартай ч Батлан хамгаалах яамнаас удахгүй албан ёсны мэдэгдэл гаргана гэх хариулт өглөө.
Холбоотой мэдээ