Үндэсний номын баярыг энэ жил 32 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр /2022.09.16/ 13:00 цагаас нээх юм. "Илүү их уншъя" уриатайгаар зохион байгуулж буй "Номын баяр 2022" арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Энэ удаагийн Номын баярын онцлох таван номыг танд санал болгож байна.
- Дүүлэн нис – Alpha Publishing
Зориг мохож, урам дутсан өдрүүд бидний амьдралд олон тохиодог. Ганцаараа амжилтгүй, ганцаархнаа бүтэлгүй байгаа мэт мэдрэмж хүнийг дотроос нь идэж шантрах үе бишгүй л их. Урам зоригтой, амжилттай байх нууцуудын талаар уншаад улам гутарч шаналсаар байвал нэг арга хэлж өгье. “Хүн бол нийгмийн амьтан” хэмээн эртний сэтгэгч Аристотель хэлсэн байдаг. Тэгвэл бид ганцаардахаас, ганцаараа өөр байхаас үнэн хэрэгтээ айдаг байх нь. Бидэнтэй адил хүн байдгийг, тэр хүн асуудлаа даваад гарсан гэдгийг мэдэх нь урам бас хүч өгдөг аж. “Дүүлэн нис” ном гудамжинд хоног төөрүүлж, гутарч, үхэлтэй нүүр тулж, өвдөлттэй тэмцэн, хорвоо тохуурхаад байгаа мэт өдөр хоногуудад юу бодож, хэрхэн үнэнтэй нүүр тулж байсан түүхүүдийг түүвэрлэн нэгтгэлээ. Энэхүү номыг таны зүрх сэтгэлд зориулав.
- Байтаг богдын нүргээн – Б.Номинчимэд
Байтаг богд МУСК 2018 онд олны хүртээл болсон. Тухайн үед эх орон, тусгаар тогтнолоороо бахархах, омогших сэтгэлийг үзэгчдийн зүрхэнд өрдсөн гэж болно. Энэ намар тэрхүү түүхийг илүү гүн гүнзгий ойлгох боломж нээгдэж байна. Учир нь зохиолч, сэтгүүлч Баасангийн Номинчимэд дахин нэг түүхэн бүтээлээ өлгийдлөө. 1947 онд хятад Гоминданы Засгийн газрын турхиралтаар дунган, хасаг үндэстнүүд БНМАУ-ын хилийг зөрчиж Байтаг богдын хилийн мөргөлдөөн эхэлсэн түүхтэй. Түүхэн үйл явдлын баатрууд, тэдний дурсамжуудыг мөнхөлсөн шинэхэн бүтээлийг намрын номын баяраар онцолж байна.
- Хагас реалист шүлэг – Д.Галсансүх
“1972 он. Эзра Паундрын үхсэн тэр жил Д.Галсансүх мэндэлсэн нь хүн төрөлхтний яруу найраг шинэчлэгчгүй байхыг үл хүсжээ” хэмээн утга зохиол судлаач С.Энхбаяр хэлж байжээ.
Болор цомын тайзан дээрээс “Бурхан гуай… Чи битгий хуц аа” хэмээн зөвлөсөн модернист яруу найрагчийг хайрлаж хүндэлдэг уншигчидтайгаа “Хагас реалист шүлэг” шинэхэн яруу найргийн түүврээрээ уулзах гэж байна.
- CHOIRONGOO
“Хүмүүсийн өнгөцхөн харж, сөргөөр дүгнэдэг тэр бүхний цаана хүний амьдрал байдгийг сануулж, яг яагаад тэр хүн тэгж яваа юм бэ, юу бодож явдаг вэ гэхчлэн цаад учир шалтгааныг нь таниулж чадвал хүмүүс тухайн асуудалд илүү уян хатан хандаж, зөвөөр ойлгодог болно. Бид нийгмийг соён гэгээрүүлнэ гэх мэт худлаа том үг хэлэх нь хаашаа ч юм, гэхдээ хүмүүст тодорхой хэмжээнд нөлөөлөөд, харах өнцгийг нь тэлж чадвал нийгэмд байгаа ялгаварлан гадуурхалт өчүүхэн ч гэсэн багасна гэдэгт л "Чойронгоо"-ийн утга учир байгаа юм.”
Б.Намуун (ярилцлагаас)
Хоёр жилийн өмнө “эгэл” хүмүүсийн түүхийг олонд хүргэх ажлаа эхлүүлсэн залуус эхний номоо гаргажээ. Амьдралын олон төрхийг харуулах тэдгээр дуртгал таны зүрхэнд тусах намрын өнгө байг ээ.
- Өвсөнд мэхийх нил цэцэг – Лана Дель Рей
“Тэгшээ эгчийн орчуулга” ярилтгүй биз дээ… гэх үг өмнөх номын баяраар сонсож билээ. Үнэхээр л гадаадын уран зохиолд дурласан залууст “Тэгшээ эгчийн орчуулга” бат бөх гүүр болдог гэмээр. Дуучин Лана Дель Рейгийн 2020 онд гаргасан анхны шүлгийн ном орчуулагч Ж.Тэгшзаяагийн анхны яруу найргийн орчуулга болон гарч байна. Ланагийн сонсогч, бишрэгч нараас гадна яруу найрагт дуртай хүн бүрийн сонирхлыг татах бас нэгэн бүтээл ийн мэндэллээ.
Б.ЦАГААНЦООЖ