-Гоо сайхны олимпод амжилттай оролцож, хошой аварга болсонд баяр хүргэе. Баярын мэндчилгээ, цэцгэнд дарагджээ?
-Маш их баярлалаа. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж юм байна. Эхний удаа авч байсан мэдрэмжийг дахиад мэдэрлээ. Би 2021 онд аварга болоод 2022 оныхоо зорилго, төлөвлөгөөг гаргахдаа ирэх жил яг энэ тэмцээндээ оролцож, амжилтаа бататгахыг хүссэн. Зорьсон зорилго маань сайхан биеллээ.
Тэмцээн маань энэ сарын 10-12-ны өдрүүдэд Парис хотноо болсон. Тэмцээнд оролцох үсчид тэмцээнд очиж оролцсон бол нүүр будагчид нь онлайнаар оролцсон.
Би уг нь 2022 оны есдүгээр сарын 10-нд 2019 оны тэргүүн байрын шагналаа аваад, маргааш нь энэ жилийнхээ дүнг сонсох байсан юм. Энэ жилийн тэмцээнд визний оочер дарааллаас шалтгаалж, өөрийн биеэр шагналаа гардаж авч чадсангүй.
-Хоёр жил дараалан нэг оролцогч ганцаарчилсан төрлөөр тэргүүн байр эзэлсэн гэв үү?
-Дэлхийн нүүр будалтын артистуудын мөрөөдлийн оргил нь “OMC Hairworld”. Энэ тэмцээнд дараалан ганцаарчилсан төрлөөр нэг улсаас нэг артист тэргүүлж байгаа нь анхны тохиолдол юм билээ. Энэ түүхийг бичилцэж байгаадаа үнэхээр баяртай байна.
-Монголчуудын хувьд гоо сайхны "олимп", тэр дундаа нүүр будалтын олон улсын тэмцээний талаар мэдээлэл тун бага байдаг. Ямар шалгуур тавьж, хэрхэн тэмцээнд оролцдог талаар мэдээлэл өгөөч?
-Дэлхийн аварга шалгаруулах “OMC Hairworld” тэмцээнийг 75 жилийн турш зохион байгуулж буй. Энэ жил 75 жилийн ойн онцгой тэмдэглэлт баяр нь тохиож байгаа. Энэ тэмцээнд гар бие оролцсон үе үеийн оролцогч, шүүгчид есдүгээр сарын 10, 11-нд баяраа тэмдэглэсэн.
Монгол Улсын хувьд энэ тэмцээнд 15 дахь жилдээ оролцож байна. Монголын үсчин гоо заслын холбооны дарга маань хамгийн анхны гүүр болж, оролцож байлаа. Монголоос өмнө нь 30, 40-үүлээ баг хамт олноороо оролцдог бол энэ удаа гурван оролцогч л оролцсон.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад Монголоос энэ жил хамгийн бага артист оролцсон гэдгээрээ онцлог.
Бусад улс орнуудаас 50-300 артист оролцох тохиолдол байдаг. Дэмжлэг сайтай улс орнуудын артистууд жил алгасахгүйгээр бүтэн жилийн турш бэлтгэлээ хийж, оролцдог. Монгол артистуудын хувьд бор зүрхээрээ мэргэжилдээ хайртай, өөрийгөө хөгжүүлэх чин сэтгэлтэй байж энэ тэмцээнд оролцож ирсэн. Учир нь хувь хүнээс мөнгө санхүү, цаг хугацаа, боломж, ур чадварыг шаарддаг.
–Геологич мэргэжилтэй бүсгүй хэрхэн нүүр будагч артист болсон нь сонирхол татаж байна?
-Миний хувьд 10 жилийн хугацаанд нүүр будалтын артистаар ажиллаж байгаа. Сүүлийн дөрвөн жил олон улсын тэмцээнд оролцож байна. Анх 2019 онд өөрийгөө сорьж үзэхээр орж “Би болоогүй юм байна” гэдгээ мэдэрч байсан бол 2020, 2021 онуудад суралцсаар өнөөдрийн амжилтад хүрч байна.
Би өөрөө нүүр будалтаар БНСУ-ын MBC телевизийн дэргэдэх “MCBT” академийг театр, кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагчаар суралцаж төгссөн. Олон улсын тэмцээнд уралдаанд орохын тулд Тайваньд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байсан.
Сурсан зүйлээ ашиглан тэмцээн уралдаанд оролцоход маш их дадлага туршлага шаардлагатай. Тасралтгүй ажиллаж байх ёстой. Толгой дотор үүссэн тэр төсөөлөл, урлаг, гоо сайхныг буулгадаг учраас тасралтгүй бэлтгэл, дадлага шаарддаг. Хоёр жил дараалан энэ хүндтэй шагналыг авсан нь 10 жил тууштай хөдөлмөрлөсний үр дүн юм болов уу. Геологич мэргэжлээ орхиод нүүр будалт хийхээр 10 жилийн өмнө мэргэжил гэж хүлээж авдаггүй байлаа. Хүмүүс намайг гайхаж "Яаж энэ ажлаар хоолоо олж идэх юм бэ" гэдэг байлаа. Тухайн үед ганц нэгхэн артист байдаг байсан бол одоо маш олон артист ажиллаж, студийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болсон байна.
-Өнгөрсөн жилийн хувьд Ц.Ариунзаяа неон тод өнгийн будалтыг хийж байсан бол энэ жил энгийн хуримын будалтаар дэлхийн аварга болсон байна. Энэ хоёр төрлийн ялгааг хэлж өгөөч?
-Тэмцээнд оролцоход бүтээлч сэтгэлгээ маш чухал. Ямар зохиомжтойгоор, ямар илэрхийлэмжээ, ямар бүтээлийг, ямар модель дээр яаж утга санаа төгөлдөр болгон амилуулах вэ гэдгийг маш удаан бодно.
Нэлээн олон удаагийн нүүр будалтаар тэр скизийг гаргана. Тэрний дараа энэ бүтээлийг дэлхийн 50 орны 50 мянга гаруй оролцогч, шүүгчийн өмнө нүүр бардам гаргах бүтээлээ гаргаж ирдэг.
Бүх төрлийн будалтад артистууд бүтээлч байх шаардлагатай. Өмнөх жилүүдийн ялагчдын бүтээлийг маш сайн судлах ёстой. Ямар бүтээл хийвэл шинэ босго тогтоож, шинэ цензурыг тогтоох вэ гэдэг нь тухайн хувь хүнээс урлаглаг сэтгэлгээ шаарддаг.
-Моделио хэрхэн сонгодог вэ. Энэ удаагийн моделиороо найз, жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй хамтран ажилласан байсан. Яагаад түүнийг сонгосон юм бэ?
-Ер нь энэ удаагийн тэмцээний дүнг хүлээх мөч хамгийн сайхан байсан. Миний мэдэрч буй айдас, догдлол, сандрал бүхнийг надтай ижил хэмжээнд мэдэрч, хүлээдэг модельтой байна гэдэг маш сайхан. Найз маань миний сэтгэмжийг үнэхээр гайхамшигтайгаар амьдруулж өгсөн. Дээрээс нь тэр хүний камерын өмнө хэрхэн биеэ илэрхийлэх вэ гэдэг туршлага, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гоо үзэсгэлэн байна. Дээрээс нь найзыгаа сэтгэл зүрхээрээ дэмжиж, амжилтын оргилд хүргэх гэсэн чин сэтгэл байна. Бид хамтдаа Монгол гэдэг нэрийг харуулмаар байна гэсэн ижил зорилго сэтгэлтэй байна гэдэг амжилтад маш их нөлөөлдөг юм байна.
Тэр тайзан дээр өөрийн аавын нэр, найзынхаа зургийг хамтад нь харж, тэргүүлсэндээ баяртай байна. Эх орныхоо нэрийг гаргахад хамтын сэтгэл чухал байдаг юм байна.
Бидний маш олон зан чанар төстэй. Найз маань юмыг тууштай хийж хөдөлмөрлөх, хийсэн юмаа тултал нь хийх ёстой гэдгээр бусдад үлгэрлэдэг.
Өнгөрсөн жилийн моделио би бас онцлох ёстой. Энэ жилийн шагнал маань хошой аварга нэрийг зүүлээ. Дан ганцаарчилсан төрлөөр нэг оролцогч дарааллан алт авсан гэдгээрээ анхных болж, Монгол Улсынхаа түүхийг бичиж байгаа. Мисс Т.Батцэцэг маань надтай яаж хамтарч ажиллаж байсан. Чин сэтгэлээр намайг дэмжиж, Монгол Улсаа төлөөлж байгаа учраас цаг заваа гаргаж, тусална гэсэн. Модель хүнийхээ ур чадвараар миний бүтээлийг амьдруулж өгсөн. Мөн “March 9” студийн Б.Болдбаатартаа бас дахин дахин талархмаар байна.
Тэнд Монгол гэдэг нэрийг дуудуулахад би нэрээ дуудуулж байгаа ч үүний цаана маш том багийн ажлын үр дүн юм шүү. Жил болгон бүтээлийн стилийн өнгө төрхийг тодорхойлдог төрсөн эгч маань байна. Эдгээр хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Бидний чин сэтгэлийн үр дүн өнөөдрийг бүтээлээ.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нүүр будалт, энгийн амьдралын будалтаас юугаараа ялгаатай вэ?
-Энийг магадгүй хүмүүс тэр бүр мэддэггүй юм шиг байна лээ. Оролцогчид маань маш сайн мэднэ. Тухайн бүтээл өмнөх жилүүдийн хэв маягийг давтахгүй, тэс өөр хэв маягтай байх ёстой. Тэмцээний дүрэм, техник, зохиомж, өнгө гээд бүх зүйлээр орон орны шүүгчид оноо тавьдаг. Тухайн хоёр будалт нь тэгш хэмтэй байх ёстой.
Яг л өөгүй цэвэрхэн, форм, өнгө, зохиомжийн хэмжээ болон хэдэн хувь нь гоёл чимэглэл, будалт байх вэ гэдгийг нийцүүлэх ёстой. Ингэснээр дэлхийн аваргын бүтээл төрдөг.
Өнгөрсөн жилийн неон будалтыг хүмүүс гайхаж хүлээж авсан бол энэ жилийн хуримын будалт юугаараа өөр байгаа юм бэ гэж их асуусан. Мэргэжлийн хүмүүс хараад л мэднэ. Өнгөрсөн жил тэр чигээрээ саатай, гялалзсан өнгөнүүдийг ашиглаж, том сүрлэг титэм, бүх будалт нь саа, гоёл чимэглэл нь гялалздаг шигтгээтэй байсан бол энэ жил сувд болон цэвэрхэн майт байдлыг эрхэмлэсэн. Тод өнгийг ашиглахгүй даруухнаар гоо үзэсгэлэнг яаж хүчтэй илэрхийлэх вэ гэдгийг тодотгосон. Модель маань маш сайхан тохирсон.
Тэмцээнд орохдоо өмнөх жилүүдийн судалгааг хийж, утга санаагаараа онцгой байхыг хичээсэн. Өнгөрсөн жилийн неон будалтыг шинэ төрөл гэж дэлхийн аваргын тэмцээнд оруулахад өмнөх жилийн судалгаа хийх ямар ч боломжгүй байсан. Харин хуримын будалт 75 жилийн түүхэнд байсан төрөл. Царайнд тохируулж, форумыг гаргах тал дээр илүү анхаарсан.
-Цаашдын төлөвлөгөөг нь сонирхож болох уу?
-Мэдээж хэрэг амжилтдаа ханаж болохгүй. Тэнд би аварга болоод зогсоно. Энэ миний эцсийн зорилго гэж бодож болохгүй. Энэ тэмцээний зорилго нь Монгол Улс өөрийн гэсэн бие даасан гоо зүйн урлагийн салбартай, хэмжүүртэй, ур чадвартай артисттай, үүнийг дэмждэг ард түмэн байдаг гэдгийг дэлхийн бүх улс оронд сурталчилж буй үйл ажиллагаа гэж хардаг.
Тиймээс би Монголоо сурталчлах энэ ажлыг жил бүр таслахгүй үргэлжлүүлнэ. Магадгүй, би болсон гэсэн цагтаа өөрийн багаа бүрдүүлж, шавь нараа бэлтгэж, дэлхийд өөрийг сориосой гэж хүснэ.
Нэг улсаас нэг артист жил дараалан түрүүлэхээр Монгол Улс руу анхаарлаа хандуулж байна. Тэрийг тасалдуулахгүйгээр өөрийн сурсан мэдсэн бүхнээ артист болох хүсэлтэй залуустаа зааж, зөвлөж, хамтран ажиллана. Олон улсын түвшинг эх орондоо бүрдүүлэхээр хичээж ажиллана. Энэ бол миний ирэх жилийн том зорилго. Магадгүй артист болохыг хүсдэг ч өөртөө итгэлгүй байгаа бол бүгдэд нь үүд хаалга нээлттэй байгаа шүү гэдгийг хэлье.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил