Орос-Хятадын харилцаанд Бээжин давамгайлж, Путин найр тавив

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Орос-Хятадын харилцаанд Бээжин давамгайлж, Путин найр тавив

Орос-Хятадын харилцаанд Бээжин давамгайлж, Путин найр тавив

Эртний “Торгоны зам”-ын Самарканд хотод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар өчигдөр уулзлаа. Холбоотон хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт Орос-Украины дайн, Хятад-Тайванийн ээдрээт нөхцөл байдлын дунд Төв Ази, Европын орнууд, АНУ-ын анхаарал дор болов. “Covid-19” цар тахлаас болж сүүлийн 1000 гаруй хоногт гадаад айлчлал хийгээгүй Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны  байгууллагын (ШХАБ) уулзалтад оролцохоор Узбекистанд ирсэн нь энэ.

Ши Жиньпин "эртний анд" гэж  Путиныг нэрлэсэн  боловч авторитар дэглэмтэй хоёр их гүрэн бие биенээ дэмжсэн үгс цөөн байв. Дугуй урт ширээний хоёр талд Путин Жиньпинээс тодорхой зайтай суужээ. Путин яриагаа “нэг туйлт дэлхийг байгуулахыг” хичээж буй барууныхан руу дайрсан үгсээр эхэлж, Украины хямралд Хятадын нөхөд тэнцвэртэй бодлого баримталсанд нь Ши Жиньпинд талархав. “Энэ асуудалд та бүхний асуултууд, санаа зовнилыг бид ойлгож байна” гэж Путин нэмэлт тайлбаргүй хэлээд ярианы сэдвээ өөрчлөн, Тайванийн хоолой дахь барууны “өдөөн хатгалгыг” шүүмжлэв.
Харин Ши Жиньпин гайхширмаар хариулт өгсөн нь эмх замбараагүй дэлхийд эерэг, тогтвортой байдлыг тогтооход анхаарах байв. Ши Жиньпин хэлэхдээ, “Хятад нь үймээн самуунтай ертөнцөд тогтвортой байдал, эерэг энергийг бий болгох гүрнүүдийн үүрэг хариуцлагын дагуу ОХУ-тай хамтарч ажиллахад бэлэн” гэв.

Самарканд дахь Путин, Жиньпин нарын  уулзалтыг дүгнэхдээ, хоёр удирдагчийн харилцаа улам бүр тэгш бус болж байгааг шинжээчид онцолжээ. Украины дайны хүндрэлүүд, олон удаагийн эдийн засгийн хоригт орсон Оросын эдийн засаг, олон улсаас тусгаарлагдсан зэрэг нь Путиныг Хятадын даргатай уулзахдаа найр тавихад хүргэжээ. Мөн Путин Ази тивийн ач холбогдлыг онцолж, барууны тэргүүлсэн улс төр, эдийн засгийн журмын оронд азиудын тэргүүлэх ирээдүйд ОХУ нь дагуул биш алсын хараатай удирдагч байхыг хүсч буй өөрийн хувилбараа танилцуулсан гэж ажиглагчид тэмдэглэв. “Путин Украин руу дайрсан нь Евразийн хүчирхэг гүрэн ОХУ-ыг Хятадад найр тавих нөхцөл байдалд хүргэсэн” гэж Карнегигийн олон улсын энх тайвны сангийн шинжээч Александр Габуев мэдэгджээ.

Путины Украинд эхлүүлсэн дайн нь Оросыг эдийн засгийн хатуу хоригт оруулснаар Хятад улс эдийн засгийн аврал нь болсон. Хятад нь ОХУ-ын бараа бүтээгдэхүүнээ борлуулах өөр нэг зах зээл  болж, Москвагаас хямд шатахуун авах таатай нөхцөл бүрдсэн. “Хятад, Орос хоёр олон улсын дэг журмыг өөрчлөхийг эрмэлздэг хоёр том авторитар гүрэн мэт харагддаг. Гэвч тэдний харилцаа эрх тэгш биш” гэж Александ Габуев мэдэгдээд Украины дайн нь хоёр орны харилцаанд Хятад давамгайлах боломжийг олгосон гэв. Хятад, ОХУ нь дэлхийд их гүрний статусаа сэргээх хүслийг нь дарж буй барууныг буруутгаж байгаа ч Путиныг хэт дэмжвэл Бээжин өөрөө эдийн засгийн хоригт орохоос Ши Жиньпин болгоомжлох аж. Нөгөө талдаа дэмжлэг хэтэрхий сул байвал 4000 гаруй км-ээр хиллэдэг хөрш Орос, Хятадын харилцаанд аюул тарьж мэднэ. Дээрх нөхцөл байдалд Хятад нь Оросыг дэмжих асуудалд ацан шалаанд орсон бол Москва нь эдийн засгийн хувьд Бээжингээс улам илүү хараат болж байна.

ПУТИНД СОНГОЛТ БИЙ ЮУ?

Ази тивийг түшиглэхэд Путинд цөөн хэдэн сонголт бий гэж Канберрагийн их сургуулийн профессор Карлайл Тайер тайлбарлажээ. Путин Азийг сонирхон түшиглэх нь “буян” гэхээсээ илүү хэрэгцээ шаардлага гэж тэрбээр үзэж байна. “Путин өөр хаашаа явна гэж?” тэрбээр асуух аж. Самаркандын уулзалтын тухайд Путин, Жиньпин нар барууны цэргийн өргөжин тэлэхэд анхаарч, эв нэгдэл, шүүмжлэл хосолсон уулзалт болно гэж Карлайл Тайер зөв таамагласан. “Путины хувьд Жиньпинтэй харилцахдаа хүлцэнгүй ханддаг ч Хятадын удирдагчийн байр суурьтай нийцэж байгаа тул "зоригтой царай гаргах" ёстой” гэв.

ЯМАР Ч ХАРИЛЦАА ЭРХ ТЭГШ БИШ

“Хятад нь барууны орнуудтай худалдааны гүн хамааралтай учраас цар тахлын дараа эдийн засгаа сэргээхэд аюул учруулж мэдэх эрсдэлтэй алхам хийхгүй” гэж Торонтогийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны  профессор Сева Гуницкий ярьжээ. Түүний тайлбарласнаар Хятад нь Путиныг дэмжиж буйгаа амаараа л илэрхийлэхээс биш ашиг сонирхолдоо харшлах зүйл хийхгүй гэж тэрбээр үзэж байна. “ОХУ дайнд таагүй үр дүн үзүүлж буй энэ үед Путинд туслахын тулд ямар нэгэн эрсдэл гаргах цаг нь биш” гэж Сева Гуницкий тайлбарлажээ.  Түүнчлэн “Дайны үр дүнг Хятадад анхааралтай ажиглаж буй. Путины хүчин мөхөс харагдах нь Хятадын хувьд ичгүүр. Тиймээс Путин ялагдаж буй нөхцөлд Хятад гал руу яаран үсэрч орохгүй” гэв.

ДОРНО ЗҮГТ ХАРААЛАХ НЬ 

“Восток-22” олон улсын цэргийн томоохон сургуулилалт Оросын Алс Дорнодын хязгаар болон Японы тэнгист болсны дараа Путин, Жиньпин хоёрын уулзалт болов. Цэргийн сургуулилалтын дараа Путин Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумд оролцож, дэлхий дэх Азийн нөлөөлөл нэмэгдэж буйг тунхагласан. Путин хэлэхдээ, “Хэн нэгэн хэчнээн Оросыг тусгаарлахыг хүссэн ч яаж ч чадахгүй. ОХУ Ази-Номхон далайн орнуудын хамтын нөхөрлөл нь манай ард түмнүүдийн хувьд шинэ боломжуудыг нээсэн бөгөөд Оросын эсрэг авсан барууны хориг нь эргээд өөрт нь туссан” гэжээ. Мөн “Барууны орнууд түүхийн урсгалыг эсэргүүцэхийн тулд олон зуун жилийн турш бий болсон дэлхийн эдийн засгийн тогтолцооны гол тулгууруудыг нурааж байна. Гэсэн ч Ази тив сэргэж байна. Дэлхийн улс төр, эдийн засагт Ази-Номхон далайн үүрэг родь нэмэгдэж байна. Энэ бол олон улсын харилцааны маш чухал өөрчлөлт” гэж тэрбээр буруутгасан.

ЭДИЙН ЗАСГИЙН ХАМААРАЛ

Хятадын статистикийн энэ долоо хоногийн мэдээллээр Бээжин нь Оросоос хямд эрчим хүчний эх үүсвэрийг илүү их авчээ. ОХУ нь таваас долдугаар сарын хооронд Хятадад түүхий нефть нийлүүлэгч гол орон болсон байна. Хятадын түүхий нефтийн импортын 19 хувийг Орос дангаар эзэлжээ. Мөн Хятадын энэ оны эхний долоон сарын байдлаар Оросоос импортолсон шингэрүүлсэн хийн хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад  26 хувиар өссөн байна. Өнгөрсөн долдугаар сард Оросоос Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ сүүлийн 5 жилийн дээд хэмжээнд хүрсэн. Хятад нь Оросоос илүү хямдаар нефть авснааи дөрвөөс долдугаар сарын хооронд 3 тэрбум орчим ам.долларыг хэмнэжээ. “Reuters” агентлагийн тооцоолсноор Хятад нь Оросоос авч буй түүхий нефтийн тонн тутамд 708 ам.доллар төлж байгаа бол Москва нь бусад орнуудад 816 ам.доллараар зарж байна. Зөрчил, хоригоос болж ОХУ нь эрчим хүчний экспортод Европыг түшиглэх боломжгүй болсноор Хятадаас гадна Энэтхэг улсад ч ашигтай тусч байна. Тухайлбал, өмнө нь Оросоос бараг газрын тос авдаггүй байсан Энэтхэг улс одоо хоёр дахь том экспортлогч орон болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж