Өрийн дарамтаас гарах гарц эрэлхийлье!

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

Өрийн дарамтаас гарах гарц эрэлхийлье!

Өрийн дарамтаас гарах гарц эрэлхийлье!

Монгол Улсын өр өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өрийн дарамтаас ангижрах гарц гаргалгааны талаар ярих хүн бараг алга. Засаг мөнгөгүйн улмаас 2023 онд төлөвлөж байсан урт хугацааны нэн хөнгөлөлттэй зээлүүдийг энэ онд татаж авах боломжуудаа ашиглаж байгаа талаар Сангийн сайд мэдэгдсэн. Асар их баялагтай, гуравхан сая хүн амтай Монгол Улсыг зөв хүмүүс зөв удирдвал иргэдээ “торгонд умбуулах” амархан гэдгийг гадныхан хэлж, биднийг элдэвлэсээр л байх.

Засгийн газар 2023 он гармагц Азийн хөгжлийн банкнаас авах байсан 100 сая ам.долларын 25 жилийн хугацаатай зээлийг энэ долоо хоногт авахаа хэллээ. Мөн Азийн хөгжлийн банкнаас нэмж 100 сая ам.доллар авахаас гадна тус банкны Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банкнаас ирэх жил авах байсан дэмжлэг, зээлүүдээ энэ жил авахаар ажиллаж эхэлсэн айлаар бодвол төсвөө зөв захиран зарцуулж чадахгүй “гуйлга” гуйж буй өрхийн тэргүүнтэй адил буюу.

"Өрийг өрөөр дардаггүй" гэдэг. Өрийн дарамтаас гарах гарц гаргалгааг эрэлхийлэх цаг иржээ.

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрсэн талаар мэдээлсэн. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын өр 1.7 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 12.3 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн өр 8.2 тэрбум ам.доллар байв. Гадаад валютын албан нөөц ойролцоогоор улсын нийт гадаад өрийн 10 орчим хувьтай тэнцсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээг хөгжиж буй орнуудын өрийн хязгаарын үзүүлэлтүүдтэй харьцуулахад 2-3 дахин их үзүүлэлт юм.

Манай улсын эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 3.8 хувиар агшсан статистик мэдээлэл бий. Нэмүү өртөг шингэсэн, хөдөө аж ахуйн болон бусад бүтээгдэхүүний экспорт багатай, түүхий эдээс хэт хамааралтай байдал эдийн засгийн өсөлтийг тогтворгүй болгож, ядуурал буурахгүй байх үндсэн шалтгаан болж буй.

Урсгал тэнцлийн алдагдал сүүлийн 10 жилийн дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5 хувьтай тэнцсэн нь гадаад өр нэмэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл.

Эдийн засагч С.Дэмбэрэл Монгол Улсын эдийн засаг бууралтын үе шатандаа явааг онцолсон. Түүний тооцоолсноор, оны эхний хагас жилд эдийн засгийн 1.9 хувийн өсөлтийг үйлдвэрлэлийн аргаар тооцоолсны 1.7 хувь нь бүтээгдэхүүний цэвэр татвар тул түүнийг хасвал Монгол Улсын эхний хагас жилийн өсөлт 0.2 хувьтай буюу бараг өсөлтгүй байгаа гэсэн үг болохыг энд онцолъё.

ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨРИЙН ХҮҮГИЙН ТӨЛБӨРТ 108.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛЖЭЭ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, манай улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд 33.3 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.8 хувь буюу 271.5 сая ам.доллараар өсч, өмнөх улирлаас 545.1 (1.6 хувь) сая ам.доллараар буурсан үзүүлэлт.

Гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд, шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 156.3 (1.3 хувь) сая ам.доллар, бусад салбарынх 470.3 (5.4 хувь) сая ам.доллар, Төв банкных 244.7 (10.9 хувь) сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ.

Нийт гадаад өрийн 12.1 тэрбум ам.долларыг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 9.2 тэрбумыг бусад салбарынх, 8.1 тэрбумыг Засгийн газрынх, 2.5 тэрбумыг Төв банкных, 1.4 тэрбумыг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх тус тус эзэлж байна. Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 191.5  сая ам.доллар, Засгийн газрын гадаад өр 408.6 сая ам.доллараар буурчээ.

Монгол Улсын Засгийн газрын нийт өр энэ оны эхний хагас жилд 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөг, өмнөх улирлаас 980.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Нийт өрөөс оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгджээ. Тодруулбал, дотоод өр өмнөх оны мөн үеэс 514.3 (49.2 хувь) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 14.6 (1.5 хувь) тэрбум төгрөгөөр, барих, шилжүүлэх төрлийн концесс 270.7 (35.5 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан аж. Харин гадаад өр 2.2 (9.2%) их наяд төгрөгөөр өсчээ.

Засгийн газрын нийт өрөөс оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгдсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж