"Хүүхдэд хатгааны эсрэг вакцин хийснээр уушгины үрэвсэл буурсан"

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

"Хүүхдэд хатгааны эсрэг вакцин хийснээр уушгины үрэвсэл буурсан"

"Хүүхдэд хатгааны эсрэг вакцин хийснээр уушгины үрэвсэл буурсан"

Манай улсад амьсгалын замын өвчлөл нь бага насны хүүхдийн эмнэлэгт хэвтэх, нас баралтын хоёр дахь тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна. Хүүхдийн дундах уушгины үрэвсэл нь хэд хэдэн төрлийн нян, вирусээр үүсгэгддэг. Түүнчлэн хүйтэн сэрүүн уур амьсгал болон гадаад, дотоод орчны агаарын бохирдол их байгаа зэрэг нь амьсгалын замын үрэвслийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлс болсоор байна.

Пневмококкийн эсрэг 13 цент вакциныг манай улс Халдварт өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр болон Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусган 2016 оноос эхлэн үндэсний хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлсэн. Уг вакциныг нэвтрүүлэхдээ судалгаа шинжилгээнд үндэслэн нотолгоог гаргах судалгааг хийх шаардлагатай болсон. Энэхүү "Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ" судалгааны тайлангийн хурал өнөөдөр /2022.09.15/ “Blue Sky” зочид буудалд боллоо.

ХӨСҮТ-ийн пневмококкийн эсрэг вакцины судалгааны Монгол дахь багийн ахлагч М.ТУЯА:

-Энэхүү судалгааг 2015 оны гуравдугаар сарын 1-ээс 2021 оны зургадугаар сарын 30 хүртэл хийлээ. Судалгааг Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн нэгдсэн эмнэлэг болох БЗДНЭ, СХДНЭ, СБДНЭ, ЧДНЭ болон ЭХЭМҮТ-н амьсгалын замын эмгэг судлалын клиникт суурилан явуулсан. Ингэхдээ уушгины үрэвсэл оношоор хэвтэн эмчлүүлсэн 2-59 сартай нийтдээ 55 мянга гаруй хүүхдүүдээс судалгааны шалгуурт тохирсон 17,748 хүүхдийг судалгаанд хамруулав. Үүнд эмнэлзүйн мэдээлэл, цээжний рентген зураг, хамар залгиурын арчдас, цусны шинжилгээ, хатгаа өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлүүдийн асуумж зэрэг аргачлалд тусгагдсан шаардлагатай бүх мэдээ, баримтууд цуглуулж дүн шинжилгээг хийсэн юм. Бага насны хүүхдэд хийсэн ПЭВ13 вакцины үр дүнг тооцохын тулд эмнэлэгт суурилсан уушгины үрэвслийг хянах тандалтыг ДЭМБ-ын дэмжлэг тусламжтайгаар бий болгосон. Мөн хүн амын дундах пневмококки нян тээгчдэд уг вакцин хэрхэн нөлөөлж байгааг эрүүл хүүхдийн дунд судлан тогтоох боломжийг Австралийн Мелбурьны Мүрдочийн Хүүхдийн судлалын хүрээлэнгийн багийн боловсруулсан судалгааны аргачлал олгосон. Үүнд үндэслэн энэхүү тандалт судалгааг хийсэн.

Уушгины хатгааны эсрэг ПЭВ13 цент вакциныг бага насны хүүхдэд хийснээр хүүхдийн дундах уушгины үрэвсэл буюу хатгаа өвчин түүний хүндрэл уг вакцин нэвтрэхээс өмнө үеийн байдалтай харьцуулахад бүх хэлбэрийн уушгины үрэвсэл 26 хувиар, рентгенээр батлагдсан 27 хувиар, хүнд хэлбэрийнх 44 хувиар, маш хүнд хэлбэрийнх 61 хувиар тус тус буурсан байна.

Мөн хүн амын дундах сүргийн дархлаа хэрхэн тогтож байгааг судлахад уг вакциныг нэвтрүүлснээр вакцины хэв шинжит пневококки нян тээгчийн хувь буурч, уг нянгаар үүсгэгдсэн өвчлөл вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүүхдийн дунд ч буурсан. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх, шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай үнэн зөв, тоо баримтуудыг энэхүү хамтарсан судалгаагаараа олж авсан нь судалгааны ажлын нэг үр дүн. Цуглуулсан тоо баримтууд нь өөрийн улсдаа төдийгүй бүс нутгийн хэмжээнд бодитой, чухал мэдээ, мэдээлэл болж байна.

Б.УНДРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж