Талибууд өнгөрсөн оны наймдугаар сард Афганистаны засгийн эрхэнд гарсан. Үүний дараа АНУ дахь тус улсын хөрөнгийг царцаагаад буй. Тэгвэл Афганистаны Төв банкны 3.5 тэрбум ам.долларын хөрөнгийг Швейцарьт төвтэй шинэ итгэлцлийн санд шилжүүлэх гэж буйгаа АНУ мэдэгдлээ.
Олон улсын зөвлөлөөр удирдуулж, талибуудаас хамгаалагдсан энэ сан нь цахилгаан эрчим хүч зэрэг Афганистаны чухал импортын төлбөр, олон улсын санхүүгийн байгууллагуудын өрийг төлөх юм. Мөн шинэ мөнгөн тэмдэгт хэвлэх ажлыг санхүүжүүлэх боломжтой аж. Энэ сан нь Афганистаны эдийн засгийг тогтвортой байлгах, Төв банкны нөөцийг хамгаалж, хадгалах зорилготой сан гэдгийг АНУ-ын Төрийн департментээс мэдээллээ.
Шинэ итгэлцлийн сан байгуулах ажлыг АНУ, Швейцарь болон Талибанчууд хэдэн сарын турш хэлэлцсэн. Энэ мөнгийг хэзээ шилжүүлэх тодорхой огноо хэлээгүй ч аль болох хурдан шилжүүлнэ гэж Төрийн депарментээс мэдээллээ. Талибууд итгэлцлийн санг үгүйсгээгүй ч гуравдагч этгээдийн хяналтыг эсэргүүцэж байна. АНУ ба Швейцарийн засгийн газрын төлөөлөгчид, Афганистаны Төв банкны тэргүүн, Сангийн сайд тэргүүтэй хүмүүсээс бүрдсэн зөвлөл санд хяналт тавьж ажиллах аж.
Европ болон Арабын нэгдсэн Эмиратын банкуудад хадгалагдаж буй Афганистаны Төв банкны хоёр тэрбум ам.доллар мөн тус санд орж магадгүйг “Al Jazeera” хуудас мэдээллээ.
Эх сурвалж: AL JAZEERA