АН: Маргаанаа ирэх сонгуулиас өмнө бүрэн шийднэ

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

АН: Маргаанаа ирэх сонгуулиас өмнө бүрэн шийднэ

АН: Маргаанаа ирэх сонгуулиас өмнө бүрэн шийднэ

Ардчилсан намын тамганы маргааны талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ц.Алтанцэцэг нар өнөөдөр /2022.09.15/ мэдээлэл хийлээ. 


"БҮЛГИЙН ДАРГЫГ СОЛЬСОН АСУУДЛААР ЦЭЦЭД МАРГААН ҮҮСГЭСЭН"

Хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-Сүүлийн үед МАН-ынхан эрх мэдлээ эргүүлэн баталгаажуулахын тулд бүх сөрөг хүчнээ худалдаж авахыг оролдож байна. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 31.12 гэдэг заалтыг өөрчилж, АН-ын бүлгийн даргыг сольсон. Би энэ үйлдлийг хууль бус Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Энэ гомдолд 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр 99 тоот тогтоол гарчээ. Уг тогтоолоор Үндсэн хуулийн 19, 21, 23, 27 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн миний гомдлыг үндэслэлтэй гэж үзээд маргаан үүсгэсэн байна.

Өөрөөр хэлбэл, бид одоо дунд суудлын хуралдаанаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.

Хоёрдугаарт, маргаан үүсгэсэн тохиолдолд тухайн хуулийн үйлчлэл автоматаар зогсдог. Магадгүй энэ хуулийн үйлчлэл зогссоныг мэдэхгүйгээр УИХ-ын дарга, зарим гишүүд муйхарлан аливаа үйлдэл хийвэл энэ нь түдгэлзсэн заалтыг ашигласан гэдгээр дахин Үндсэн хуулийг зөрчинө шүү гэдгийг мэдэгдье. Одоо МАН-ынхан маш их худлаа ярьдаг болжээ. Жишээлбэл, аудитын дүгнэлтээр 10.3 их наядын зөрчил илрүүллээ гэж байхад хэн ч тэрийг шалгаж, тогтоогоогүй байхад дахин 20 их наядын нүүрс зарсан байна. Гэтэл 20 их наяд гэдэг нь хилийн шалган нэвтрүүлэх дээр бүртгэгдсэн тоо. Гэтэл Хятадын хилийн шалган нэвтрүүлэх дээр 40 их наядын нүүрс зарсан байна. Дундаас нь 20 их наяд төгрөг дутаж байна. Хэрэв энэ их мөнгө Монголд орж ирсэн бол хүнд хэцүү асуудлаа шийдэх боломжтой байсан. Энд түгжрэл, тэнд хилийн боомт гээд ажил хийж байгаа юм шиг харагдаж байна.

Ард түмэнд өнөөгийн бодит үнэнг хэлэх улс төрийн сөрөг хүчин хэрэгтэй байна.

Ардчилсан нийгэмд хүн үзэл бодлоо илэрхийлж болох ч гүтгэж болохгүй. С.Эрдэнэ АН-ын залуучуудын холбоог 200 сая төгрөгөөр худалдах гэж байсан тухай тодорхой баримт байвал надад өгч болно. Миний ойлгож байгаагаар аливаа нам дэргэдэх холбоо, олон нийтийн байгууллагатай. Тэр зарчмаараа ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо хуралдаж, тэргүүнээ сонгосон.

Ардчилсан нам дүрмээ Улсын дээд шүүхэд шинэчлэн бүртгүүлсэн. Дүрмийн дагуу даргын сунгаа гэдэг асуудал байхгүй. Үндэсний бодлогын хороо гэж бий. Ардчилсан нам нэг хэсэг маргаантай болж байгаад эцэст нь байгууллагуудынхаа асуудлыг шийдэж байна.

Дүрэмд дараагийн дарга томилогдтол өмнөх дарга ажлаа гүйцэтгэнэ гэж бичсэн. Би ойрын хугацаанд шийдэлд хүрэх шаардлагатай гэдэг байр суурьтай байна. Ардчилсан нам бол таван нам нэгдсэн үндэсний хэмжээний том нам учраас шууд нэг хүний нам шиг шийддэггүй. Тэр утгаараа тийм хүн байгаасай гэж ярьсан зүйл алга. Үндэсний бодлогын хорооны 300 гаруй гишүүдээ гаргаж, бодлогын зөвлөлд хуваан хурлуудаа хийж эхэлсэн. Ерөнхийдөө дараагийн даргыг оруулж ирж, намын их хурлаар батламжилна. Улсын дээд шүүх дээр шийдэх асуудлыг хуулиараа шийдээд явна. Бид 2024 оны сонгуульд орохоосоо өмнө маргаанаа бүрэн шийдэж, төрийн маргаан болохооргүй шийдэж, нэгдэнэ.

Ардчилсан намын үзэл баримтлал дээр нэг зүйлийг анхаарсан байх. Бид анхнаасаа Ардчиллын төлөө явж ирсэн хүмүүсийг хэлмэгдүүлж байна гэж олон улсын байгууллагад албан бичиг явуулж байсан. С.Баярцогт даргын хувьд их өрийг тэглэх ажлыг гардан зохион байгуулж байсан хүн. Энэ утгаараа байж болох манай лидерүүдийн нэг. Гэхдээ одоогоор ямар нэгэн шийдэлд хүрч, санал гаргаагүй байна. Манай бүх лидерүүдийг хочилж, хэн ч биш болгодог байсан. Журмын нөхөр С.Баярцогтыг цагаатгаж байгаад бид баяртай байна.

"БИД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ГОМДОЛ ГАРГАСАН"

Хуульч Г.Батбаяр: 

-Ардчилсан намын тамгатай холбоотой шүүх хурал өчигдөр /2022.09.14/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болсон. Гэхдээ энэ нь 2022 оны зургадугаар сарын 7-ны өдөр 48, 68 гэсэн тоот захирамжаар Ц.Туваан Ардчилсан намыг төлөөлж, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэсэн агуулга бүхий захирамж гарч, хэрэгсэхгүй болгосон байсан. Энэ хуралдаан  болохгүй яагаад гурван сар болсон бэ гэхээр нэхэмжлэгч талын өмгөөлөгчид шүүгчээс татгалзаж, аль болох хурлыг хойшлуулж ирсэн. Өчигдөр хурал болоход тухайн 2020  оны арванхоёрдугаар сард гаргасан маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Гэтэл энэ захирамжийн бичвэр хэсэгт илт хууль бус актад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа зургаан сарын дараа өөрчилж, хүчингүй болгож өгнө үү гэсэн байна. Тэгэхээр нэхэмжлэгч Ц.Туваан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад тэрийг нь бичилгүйгээр шийдвэрлэсэн нь техникийн алдаатай болжээ. Тиймээс энэ алдаагаа засч, дахин шүүхэд нэхэмжлэлээ ирүүл гэсэн агуулгатай шийдвэр гарсан.

Үүнийг Ардчилсан намын бүх тамга тэмдгийг зөвшөөрлөө, С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болголоо, Ц.Туваанд байгаа тамга хүчин төгөлдөр гэсэн худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж байна.  Энэ процессын алдааг нэг сарын хугацаанд засч, дахин давж заалдах шатны шүүхэд хандах юм.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт бид худал мэдээлэл тараасан үндэслэлээр гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж өгөхийг хүссэн.

Дэд дарга Ц.Алтанцэцэг:

-Ардчилсан намын олон нийтийн байгууллага болох Ардчилсан залуучуудын чуулга уулзалт 2022 оны есдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотноо болно. Уг чуулганд 21 аймаг есөн дүүргийн 400 гаруй залуус оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж