Тусгай албаныхантай сүр дуулиантай хувийн өмч рүү халдаж, хүчээр төрийн мэдэлд авах эрх баригчдын хадны мангаа шиг ханаж, цаддаггүй бодлогын гайгаар барилгын ид ачааллын үед цементийн хомсдолд оржээ. Нэгэнт олдоц муу хойно үнэ өсөх нь зах зээлийн жам. Гэтэл төрийн өмчийг хувьчлалаар завшсан этгээдүүдээс Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг авч цементний хямд үнийг тогтооно гэсэн нь бүр зогсооход хүргэв. Барилгын салбарын ид бүтээн байгуулалтын цагаар засварын ажил хийснээс үүдээд үйлдвэр зогсов. Дагаад тус үйлдвэрээс цемент авч байсан Дарханы зам таг. Амлалт өгчихсөн Сангийн сайд яваад очтол есдүгээр сарын 1-нд дуусах ёстой ажил нь аравдугаар сард болон хойшилжээ.
Цементийн худалдан авалтад хүртэл хязгаар тогтоож, нэг хүнд долоо хоногт 5 тонноос дээш өгөхгүй гэж балайрч, түүнийгээ үнэ өсгөөд байдаг ченжүүдээс хэрэглэгчдийг хамгаалах гэсэн бодлого мэтээр тайлбарлаж байсан Л.Наранбаатар өнөөдөр ч бусад руу буруугаа чихсээр сууна.
Үнэ буулгана гэсэн чинь өсгөөдөхлөө. Аргаа барсан Засгийн газар цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварын 20 хувийг он дуустал тэглэхээр боллоо. Ингээд үнэ буурчихвал сайн л хэрэг. Гэтэл ямар ч тендергүйгээр үйлдвэрийн засварын тоосгоо урд хөршөөс авсан Л.Наранбаатарын тайлбараар, есдүгээр сард дуусгах ёстой байсан засврын ажил хойшилсон шалтгаан нь цар тахлын улмаас тоосгоны нийлүүлэлт удааширсан явдал. Ачаа тээвэр саадгүй болно гэж бодьё. Үүнээс гадна цементийн үнэд нөлөөлөх өөр том хүчин зүйл нь валютын ханшийн зөрүү болно. Төгрөгийнхөө ханшийг барих ёстой газар нь ажлаа хийдэггүйгээс өнөөдөр валют яаж өссөнийг бид биеэрээ мэдэрч байгаа. Тээврийн удаашрал, валютын ханшийн зөрүүнээс болоод өмнө нь 20 мянгаар оруулж ирдэг байсан бараа 70 мянга болчоод байна.
Ам.доллараар зээл авсан “МАК”, “Монцемент”-ийнхэн Хөгжлийн банкны зээлийн асуудал босч ирэхэд валютын ханшийн зөрүүгээс болоод авсан зээлээ хэд дахин өндөр үнээр төлөх болчоод байгаагаа учирлаж байсан. Ажлаа хийх ёстой төрийн бүтэц нь хийгээгүйгээс л ийнхүү бизнесийнхэнд дарамт учирдаг. Тиймээс ханшийн зөрүү, валютын нөөцөөс болоод цементийн үнэ буурна гэсэн горьдлого эргэлзээтэй болж байна.
Цементээс дутахгүй нэгэн асуудал байгаа нь валютын нөөц болчих вий.
Зах зээлийн жамаараа шийдэгдэх ёстой асуудлыг хүчээр орж, үнийг нь барьж, алдагдалд оруулдаг ийм утга учиргүй бодлого л бизнес эрхлэгчдийн сөхрүүлж, барилга, зам, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргээд байна. Буруу бодлогын алдаагаар орон сууц ямар үнэд орж, улам бүр нэмэгдсээр байгаа нь тэрхүү салбарынхнын шунал гэхээсээ илүүтэй эрэлт, нийлүүлэлтээс болоод барилгын материалын үнэ өссөн, зохицуулалт нэрийдлээр гай болсон буруу бодлогын төлбөр болж байна.
Үүний араас эрчим хүчний салбар орж байна. Байнга алдагдалтай үнээр, бүр үйлдвэрлэсэн үнээсээ ч багаар хэрэглэгчдэд нийлүүлдгийн балгаар засвар, шинэчлэлээ додомдсон болж, цаашид өргөжих боломжгүй болсон бөгөөд удаан тэсэх үү гэдэг нь ч эргэлзээтэй. Ийм учраас л нүүрсний нөөцөөрөө тэргүүлдэг хэр нь бусдаас хараат болгосон төдийгүй Монголд эрчим хүчний хомсдол энэ өвөл нүүрлэх талаар салбарынхан нь анхааруулаад байна.
Шатахууны импортлогчдыг байнга татвараар харж үзэж, элдэв хөнгөлөлт эдлүүлж ирсэн өнгөрсөн хугацаанд хямд биш юмаа гэхэд дэлхийн зах зээлийн ханшаар бензин авч байсан түүх байхгүй.
Хүчээр үнэ барьж, тогтоох гэж оролддог гайгаар малчин монголчууд махаа хүртэл өндөр үнээр авдаг. Гэтэл сүлжээ, дэд бүтцийг нь сайжруулахын оронд татвар төлөгчдийн мөнгөнөөс нөөцийн мах бэлтгүүлэн хүчээр үнэ тогтоож, хяналтын гэх утгагүй байгуулллагынхнаа гаргаж торгож шийтгэхийг урьдал болгодог. Аливааг яаж утгыг нь алдагдуулж, үнийг нь өсгөж, өмч хөрөнгөний эсрэг явах вэ гэж эрх баригчид боддоггүй нь лавтай. Гэхдээ өөрсдийнх нь барьж буй бодлого, халамжийн тогтолцоо, үнэ тогтоох гэсэн оролдлого бүхэн эцэстээ сөрөг нөлөөллийг үзүүлээд байна гэдгийг ойлгомоор. Ингэх нь ч зах зээлийн жам аж.
Тиймээс одоо хадны мангаа шиг хачин бодлогоо зогсоомоор байна. Төрийн оролцоо бага байх тусам аливаа зүйл аяндаа голдиролдоо орчоод байдаг нь зах зээлийн шид.
Холбоотой мэдээ