"Залуусын даралт ихсэх, зүрх судасны өвчний дуудлага нэмэгдсэн"

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

"Залуусын даралт ихсэх, зүрх судасны өвчний дуудлага нэмэгдсэн"

“Эмчээ манай ээж өвдчихсөн” хэмээн таван настай охин үүдээ нээв. Ээж нь 28 настай бөгөөд дөрвөн сартай жирэмсэн. Түүний толгойгоор хүчтэй өвдөж, босч чадахгүй байна гэдэг зовиурыг түргэн тусламжийн эмчид хэлж байв.

Эмч “Архаг хууч өвчин бий юу”, “Хяналтын эмчдээ зовиураа хэлсэн үү”, “Даралт нь тогтвортой байдаг уу” гэх мэт асуултуудыг асууна. Эмэгтэйн даралтыг нь үзэж, эм өгөөд дараагийн айл руугаа явлаа. Нийслэлийн Түргэн тусламжийн төвд хэвийн үед өдөрт 850-1000 орчим дуудлага хүлээн авдаг байсан бол сургууль, цэцэрлэг эхэлснээс хойш ачаалал эрс нэмэгдэж, өдөрт 1000-1200 хүнд дуудлагын дагуу үйлчилж байна. Ажлын ид ачааллын цагаар ажилд ороод удаагүй залуухан эмч Н.Молор-Эрдэнэтэй хамт дуудлагад гарсан нь энэ.

Энэ мэт артирын даралт ихсэх, зүрх судасны өвчлөлтэй холбоотой дуудлага нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын талаас илүү хувийг эзлэх болсныг эмч нар хэлсэн юм. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтний систем, осол гэмтэл, хүүхдийн өвчлөл, эхчүүдийн төрөх дуудлагад үйлчилнэ.

Мөн 16.30-00.00 цаг хүртэл СЭМҮТ-ээс нэг эмч ирж, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн дуудлага хүлээн авч, тусламж үзүүлдэг аж.

Хүмүүс ихэвчлэн зүрх судасны өвчин, даралт гэхээр настай хүмүүсийн өвчин гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үед 20-иос дээш насны залуусын даралт ихэссэн гэдэг дуудлага өмнөх жилүүдийнхээс нэмэгджээ.

"ЭМЧ ХҮНИЙ АЖЛЫН ГАРАА ӨРХИЙН ЭМНЭЛЭГ, ТҮРГЭНИЙ ЭМЧЭЭС ЭХЭЛДЭГ"

Түргэн тусламжийн дуудлагын эмч Н.Молор-Эрдэнэ АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр 2022 оны зургадугаар сард төгсчээ. Их сургуулиа төгсөөд удаагүй тэрбээр аавынхаа зөвлөгөөгөөр түргэн тусламжийн эмчээр ажиллаж буй. "Эмч хүний ажлын гараа өрхийн эмнэлэг, түргэний эмчээс эхэлдэг. Тэгж байж сайн эмч болно" гэсэн аавынхаа зөвлөмжийг дагаж түргэний эмч болсон тухайгаа ярилаа.

Харин түүний ажлын хамтрагч, жолоочийг А.Тулга гэдэг. Түүний хувьд зургаа дахь жилдээ түргэний машины жолоочоор ажиллаж буй. Түргэн тусламжийн машины жолоочоос ур чадвар, авхаалж самбаа их шаарддаг гэдгийг хэлсэн юм.

Ядаж л хотын замын түгжрэлийг тооцоолж, төлөвлөхөөс эхлээд түргэн шуурхай ажиллах шаардлагатай.

А.Тулга "Хуучны байруудыг олоход амар ч гэр хороолол болон шинээр барьсан орон сууцны хорооллын хаяг тодорхойгүй хүндрэлтэй байдаг. Өмнө нь энэ газарт дуудлагаар ирж байсан учраас багцаа бол бий. Гэхдээ л энд тэнд очихоор аль байрны, хэддүгээр орц гэдэг нь мэдэгдэхгүй. Иргэд нь хаягаа хэлж мэдэхгүй мөртлөө утасны цаанаас хүн загнина. Тэгээд заасан хаягаар нь очихоор хүмүүс нь өөр байрнаас гарч ирдэг. Аль болох тухайн орцны үүдэн дээр нь зогсч хүнд өвчтөнөө эмнэлэгт хүргэе гэхээр гадна нь ямар ч зогсоол байхгүй, хол зогсох шаардлагатай болдог.

Зарим хүмүүс "Түргэний жолооч нар эмчийгээ хойноо суулгачихаад урсгал сөрөөд дуут дохиогоо дугаргаж байна" гэж шүүмжилдэг. Гэтэл Түргэн тусламжийн төвд ухаан алдсан хүний дуудлага ирлээ гэхэд бид хоосон машинтайгаа тэр айл руу хар хурдаараа л очихыг бодно шүү дээ.

Хэдийгээр бидэнд энэ мэт хүндрэл бэрхшээл тулгардаг ч жаргалтай үе ч байдаг. Одоогоос таван жилийн өмнө миний машинд хүүхэд мэндэлж, эмчтэйгээ эмнэлгийн тусламж үзүүлж байсан" тухайгаа ярьсан юм.

ӨДӨРТ НЭГ ЭМЧ 25-40 ДУУДЛАГЫН ДАГУУ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛДЭГ

Ийн яриа өрнүүлэх зуур станцаар дараагийн дуудлага ирж, ахлах эмч мэдээлэл өглөө.  Энэ удаа "70 настай эмэгтэй, амьсгаадаж, даралт ихэссэн" гэдэг дуудлагын дагуу Баянгол дүүргийн 18 хороог зорив.

Эмч ахмад настанд тариа хийж, харьяа дүүргийн эмнэлэгтээ дахин үзүүлж, хяналтад байхыг зөвлөв. Дараагаар нь "40 настай хүний бөөр өвдсөн" гэдэг дуудлагаар тус дүүргийн есдүгээр хороонд очлоо. Гэвч байрны хаяг тодорхойгүй, эмч хоёр ч байрны хаалга андуурч, айлаа олов.  Эмч айл руу орох зуур, жолооч машинаа эвтэйхэн газар байрлуулна.

Ойролцоогоор нэг дуудлагаас нөгөө дуудлага хүртэл 10-20 минутыг зарцуулна. Ахлах эмч нь аль ойр байгаа газар руу дуудлагын эмч, жолоочоо хуваарилж, зохицуулалтыг хийдэг учраас цаг хугацаа алдахгүй байгаа нь анзаарагдав.

Тэдний дараагийн газар Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс. Энд 27 настай эмэгтэй зургаан настай хүүгийн хамт хамгаалах байранд очихоор цагдаагийн байгууллагад ханджээ. Тэднийг хамгаалах байр руу явахын өмнө түргэн тусламжийн эмч үзэж, биеийг нь хянаад буцав.

Өдөрт нэг эмч 25-40 дуудлагын дагуу тусламж үзүүлдэг. Хүмүүс нь хаягаа хэлж мэдэхгүй байхад жолооч нар нь олон жилийн туршлагаараа тэр айл байна гэж багцаалдаж олж очдог тухай залуу эмч хэлж байлаа.

"ХҮМҮҮС 103 ТУСГАЙ ДУГААР РУУ ЗАЛГААД ШУУД Л ЭМЧ ДУУДЛАГЫГ ХҮЛЭЭЖ АВДАГ ГЭЖ ОЙЛГОДОГ"

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн гуравдугаар ээлжийн ахлах эмч Т.Машбат:

-Манай байгууллага нэг секунд, нэг минут ажил тасалж үзээгүй. Цар тахлын халдвар намжсанаас хойш түргэн тусламжийн дуудлагын тоо харьцангуй буурсан. Өдөрт 1000-1200 хүнд дуудлагын дагуу очиж үйлчилж байна. Сургууль цэцэрлэг эхэлсэнтэй холбоотойгоор дуудлага мэдээллийн тоо эрс ихэссэн.

Нийслэлийн түргэн тусламжийн төв 24 болон 48 цагаар ээлжлэн ажилладаг. Нэг ээлждээ 42 баг ажиллаж байна. Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Төв салбарт нийт таван ахлах эмч, таван хүүхдийн утасны оператор эмч, таван сувилагч оператор болон гал тогоо, үйлчилгээний ажилчид, эмийн санч гээд 110 орчим хүн нэг өдөрт ажилладаг.Нэг дуудлагаас нөгөө дуудлага хүртэл хүрч үйлчлэх хугацаанд замын түгжрэл хамгийн их нөлөөлдөг. Өглөө 8.30-16.30 цаг хүртэл төв салбар дээр зургаан эмч дуудлагад явдаг. Оройн цагаар нэмэлтээр гурван эмч ажилладаг талаар танилцууллаа.

Сүүлийн үед энтеровирусийн халдвартай холбоотойгоор хүүхдийн өвчлөл эрс нэмэгджээ. Голчлон 0-5 насны хүүхдүүдэд зонхилон өвчилж, галын алга болон хөлийн ул, амаар тууралт гарах шинж тэмдэг илэрч, халуурч, гэдэс нь гүйлгэж, бөөлжих зовиуртай дуудлага нэмэгдэж байна гэдгийг эмч нар хэлж байлаа.

Нийслэлийн Түргэн тусламжийн төв салбар нь Сүхбаатар дүүргийн 1-6, Чингэлтэй дүүргийн 1-6, БЗД-ийн тав, 18, 15, 25, 26 хороо болон Баянголд дүүргийн бүх хорооны иргэдийг үздэг аж.

Хүмүүс 103 тусгай дугаар руу залгаад шууд л эмч дуудлагыг хүлээж авдаг гэж ойлгодог. Гэтэл иргэний дуудлага гурав дамжиж, эмч дээр очдог. Тодруулбал, Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ахлах эмчид мэдээлэл ирүүлнэ. Ахлах эмч нь дуудлагын эмчид мэдээллийг дамжуулдаг байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж