“Эрэлт ихтэй үед цементийн татварыг тэглэх нь буруу биш”

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

“Эрэлт ихтэй үед цементийн татварыг тэглэх нь буруу биш”

“Эрэлт ихтэй үед цементийн татварыг тэглэх нь буруу биш”

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан импортын цементийн татварыг 2022 он дуустал тэглэж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл үүнийг зарим хүн импортын бүтээгдэхүүнд найр тавьж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчийнхээ үйл ажиллагаа явуулах эрхэнд халдаж байна гэж цахим хуудастаа бичжээ. Энэ талаар үндэсний цемент үйлдвэрлэгч томоохон компаниудаас болоод эдийн засагчдаас байр суурийг тодрууллаа.

МАК ЦЕМЕНТХХК: ЭРЭЛТИЙГ ХАРГАЛЗАЖ ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙХ

“МАК Цемент” ХХК-тай холбогдож тодруулахад, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж импорт саатах, үйлдвэрүүдийн хүчин чадал нийт эрэлт хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа энэ үед Засгийн газар харгалзаж шийдвэр гаргасан байх. Манай компаниас үүнд ямар нэгэн санал, сэтгэгдэл хэлэх боломжгүй. МАК цементийн тухайд үйлдвэрлэл хэвийн байна. Өдөрт 3000 гаруй тонн цемент үйлдвэрлэдэг. Үнэд ямар ч өөрчлөлт ороогүй. Тээвэрлэлтэд мөн асуудал үүссэн зүйл байхгүй. Харин эрэлт их байгаа.

МАК цемент үйлдвэрээс тонн нь 335 мянга 600 төгрөгөөр гарч байна. 50 килограммын шуудайтайг нь 16780 төгрөгөөр зарж байгаа. Харин задгайгаар авбал тонн нь 283 мянга 500 төгрөг.

Үнийн өсөлт гэж яриад байгаа нь жижиглэнгийн худалдаа эрхлэгчид нэмж байгааг хэлж байгаа байх.

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ БҮХИЙ Л НӨӨЦ БОЛОМЖООР ЯВЖ БАЙНА

"Монцемент" ХХК-ийн тухайд ч мөн үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгааг онцоллоо. Гэхдээ одоогоор гэрээт цэгүүдээр болон төслийн хүрээнд нийлүүлж байгаа юм. Цементийн үнийн өсөлтийн тухайд жижиглэнгийн худалдаа эрхлэгчид нэмүү өртөг шингээж байгаа аж.

Түүнээс үйлдвэрүүдийн хувьд цементийн задгай болон ус чийгний хамгаалалттай ууттай бүтээгдэхүүний үнэ өсөөгүй гэх хариултыг өглөө.

Мөн үндэсний үйлдвэрүүд өөрсдийн дотоод үйлдвэрлэл, хүчин чадал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарахаас биш ямар нэгэн байдлаар төр засгийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй гэх тайлбаруудыг хэлсэн юм.

ИМПОРТЫГ ТАТВАРЫГ ТЭГЛЭХ НЬ ҮЙЛДВЭРЛЭГЧ БИШ ОРОНД ЭРСДЭЛТЭЙ

Эдийн засагч С.Бямбахорлоо:

-Зах зээл дээр эрэлт их учраас бол импортын цементийн татварыг тэглэх нь үндэсний үйлдвэрүүдэд одоохондоо хамаагүй байж болох юм. Гэхдээ хамгийн гол нь ханшийн өсөлтөөс шалтгаалж цементийн үнэ өмнөх үеүдээс өсөх магадлалтай. Цаашид мэдээж ханшийн зөрүү, эрэлт нийлүүлэлтийг харгалзаж үйлдвэрлэлээ хамгаалах зорилгоор Засгийн газар шат дараатай зохицуулалт хийж ажиллах байх.

Нөгөө талаар импортод хэт найр тавих нь өөрсдөө үйлдвэрлэгч биш оронд эрсдэл өндөр.

Ингэснээр үйлдвэрлэл хөгжих боломж хумигдах эрсдэлтэй. Тиймээс хөнгөлөлт, татварын систем зэргийг харилцан уялдаатай тэнцвэржүүлэх нь зөв. Мэдээж хэт найр тавьж байгаа гэж хэлэх нь өрөөсгөл. Цар тахлын нөхцөл байдалд аль аль талдаа амаргүй байгаа. Барилга байшин баригдаж, үйлдвэрлэл өрнөж, зам талбай тавигдах ёстой. Гэтэл бүтээн байгуулалтууд тодорхой түүхий эдээс болж тасалдаж байгаа тохиолдолд зохицуулалт хийж арга хэмжээ авах нь гарцаагүй. Цементийн дотоодын үйлдвэрүүдийнхээ хангамжийг хүлээгээд ирэх зун хүртэл байгаад байх боломжгүй шүү дээ. Тэгэхлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй богино хугацааны зохицуулалтад буруу зүйл байхгүй болов уу. Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэхэд мэдээж шат шатандаа анхаарах нь зөв.

ЦЕМЕНТИЙН ҮНИЙН ӨСӨЛТӨД ТЭЭВЭРЛЭЛТ ОГТ ХАМААГҮЙ

Чингэлэг тээвэрлэлтээс хамаарч цементийн үнэ нэмэгдсэн гэх мэдээллийг УБТЗ-ын удирдах газраас үгүйсгэлээ. Учир нь тоохон үйлдвэрүүд ачааны захиалаа өгч чингэлгээ захиалдаг аж.

“УБТЗ” ХНН-ийн Тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан:

-Цементийн тээврийг гурван өртөөнөөс ачиж, хотын хоёр өртөөнд буулгадаг. МАК, Хөтөл, Монцемент өдөр бүр бидэнд галт тэрэгний захиалга өгдөг юм. Тээврээс шалтгаалан цемент тасарсан, үнэ өссөн зүйл байхгүй. Бид захиалсан тоогоор 24 цагийн турш галт тэргээр ханган, шуурхай хүргэдэг.

Цементийн зарим үйлдвэр уутгүй болсон, тоног төхөөрөмж эвдэрсэн удаатай.

Мөн салбар замуудын галт тэрэг хүлээн авах хүчин чадал өөр өөр байдаг юм. Жишээ нь 40 вагоноор цемент авчирлаа гэхэд дөрвөн вагоны салбар зам дээр зогсвол арван удаа сэлгэлт хийнэ гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт ЗТХЯ-нд цементийн тээврийн асуудлаар хурал болж, бид бодит байдлаа, вагон  эргэлт удааширсан талаар танилцуулсан. Цаашид холбогдох зохицуулалтыг хийх байх.

ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ХӨНГӨЛӨХӨӨР ШИЙДСЭН

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулсан. Үүнд, цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварын 20 хувийг он дуустал тэглэхээр боллоо. Зам тээвэр, хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн саналыг Сангийн сайд судалж, Засгийн газрын хуралдаанаар шуурхай шийдвэрлэлээ.

Зам, барилгын салбарын өндөр ачаалалтай улирлын үед дөрвөн цементийн үйлдвэр байдаг ч "Хөтөлийн цемент шохой" үйлдвэр засвар хийхээр бүрэн үйл ажиллагаагаа зогсоосноос цементийн хомсдол зах зээлд үүсч байна.

Ингэснээр Дарханы зам болон бусад бүтээн байгуулалтын ажил зогсох эрсдэлтэй тулгарч байна. Тиймээс Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэж чадах ажлыг хийлээ. Цаашдаа энэ бодлогыг нухацтай авч үзэх хэрэгтэй болсон. Нэг талаар дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал, эрэлт хэрэгцээнээс зөрүү гарвал импортын бүтээгдэхүүнээр хангах, эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, тогтвортой үнээр зах зээлийг хангах шаардлагатай.

Зах зээл дээр 500-600 мянган төгрөгийн үнийн өсөлт 400 мянган төгрөг болж буурах боломжтой. Ер нь "Монцемент", "МАК" компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч улирлын шинжтэй эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Цаашдаа дотоодын үйлдвэрүүд зах зээлийн тодорхойгүй байдлаас болоод энэ жил бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. Эдгээр үйлдвэрүүд зогсолтгүй хүчин чадлаар ажиллавал жилдээ нэг сая тонн цемент тус бүр үйлдвэрлэх боломжтой. Гэтэл бүрэн ажиллаж чадахгүй байгаа учраас хомсдол үүсч байгаа юм.

Эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа шийдвэр.

Дотоодын үйлдвэрийг гаалийн албан татвараас чөлөөлж, дэмжээд байхад л эрэлт нийлүүлэлтээ хангаж чадахгүй байсан учраас ийм арга хэмжээ авахаас өөр арга байсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж