Хятадын Covid-19-ийг тэглэх бодлого хэзээ дуусах вэ?

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

Хятадын Covid-19-ийг тэглэх бодлого хэзээ дуусах вэ?

Хятадын Covid-19-ийг тэглэх бодлого хэзээ дуусах вэ?

Хятадын баруун өмнөд Сычуань мужид өнгөрсөн долоо хоногт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэ үед оршин суугчид жинхэнэ утгаараа түгжигдсэн буюу хөл хорионд орсон мэдрэмж авчээ. Covid-19-ийн тархалтаас шалтгаалаад хөл хорионд ороод байсан иргэд аюултай газар хөдлөлтийн үед ч гэрээсээ гарах боломжгүй байв. Цахим мэдээллийн хэрэгслээр түгсэн бичлэгээс харахад иргэд байрны гадаах цагаан хувцастай албаны хүмүүсээс гаргаач гэж гуйж байжээ. Дэлхий чичирч байсан ч дүрэм л бол дүрэм ажээ.

Энэ бол Covid-19-ийг тэглэх бодлогын дагуу албан тушаалтнууд хэрхэн туйлширч буй хамгийн сүүлийн үеийн тод жишээ юм. 21 сая хүн амтай Чэнду хотод л гэхэд ердөө 156 тохиолдол бүртгэгдэхэд хөл хорио тогтоов.

Албаныхан өнгөрсөн долоо хоногт хөл хорионы хугацааг сунгаж, нийт 48 хотод бүрэн болон хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Энэ 48 хотод 292 сая орчим хүн амьдардаг. Хятадын технологийн төв хот болох 18 сая хүн амтай Шэньжэньд хүртэл хөл хорио тогтоолоо. Тус улсад одоогоор өдөрт 3000 тохиолдол бүртгэгдэж буй бол АНУ-д өдөр тутамд 65 мянгаас 90 мянган тохиолдлын хооронд хэлбэлзэж байна.

Нэг талаас харвал Covid-19-ийг тэглэх бодлого амжилттай болсон. Учир нь Хятадад АНУ зэрэг бусад оронтой харьцуулахад тохиолдол болон нас баралтын түвшин харьцангуй бага байсан. Хятадын засгийн газар үүнийг гол бахархлаа болгож буй. Амжилтыг зөвхөн эдгээр статистикаар тодорхойлох нь эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн удаашрал, орон сууцны зах зээлийн уналт зэрэг олон асуудлыг бүдгэрүүлж байна. Covid-19-ийн олон янз хувилбар ч бас тэдэнд сорилт болов. Омикрон хувилбар Хятадад сүүлийн хоёр жилийн хугацаанд тархсан бусад хувилбаруудаас хамгийн өргөн тархжээ.

Хятадын Коммунист намын их хурал аравдугаар сард болно. Энэ хурлын дараа Covid-19-ийг тэглэх бодлого хамаагүй зөөлрөнө гэж зарим шинжээч таамаглаж байна.

Хөл хориог богино хугацаанд тогтоох зэрэг амжилттай болсон бодлого цөөнгүй бий. Тухайлбал, Шэньжэнь хотод гурван өдөр л хөл хорио тогтоосны эцэст иргэдийг хэвийн амьдралдаа орохыг зөвшөөрчээ. Чэнду хотод л гэхэд хөл хорионы өмнө хүмүүст хүнс зэрэг хэрэгцээтэй зүйлсээ бэлдэхэд нь зориулж хагас өдрийн ажлын чөлөө өгөх зохицуулалт хийсэн байна. Энэ нь бараг л баяр наадам гэмээр үйл явдал болсон тул хотын оршин суугчид үүнийг “Албан ёсны худалдааны баяр” гэж хошигнон нэрлэжээ.

Гэтэл нийтлэлийн эхэнд дурдсан газар хөдлөлтийн жишээтэй адил эмх замбараагүй тохиолдлууд ч байв. Шанхай хотод л гэхэд дөрвөн өдрийн хөл хорио зарласан боловч тэр нь эцэстээ хоёр сар үргэлжилсэн юм. Олон ч айл өрх хүнсний хомсдолд оров. Дэгдэлтийн сүүлийн давалгааны үеэр Гуян, Шиньжян, Инин зэрэг хотод хоол хүнс, эмнэлгийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй болж Шанхайтай ижил үйл явдал давтагдлаа.

ЭДИЙН ЗАСГИЙН АЧААЛАЛ

Хятадын засгийн газар өргөн цар хүрээтэй цензурдах дэглэмийнхээ ачаар Covid-19-ийг тэглэх бодлогыг шүүмжилсэн дуу хоолойг дарж чадсан. Гэсэн хэдий ч эдийн засгийн хохирлыг даравч далдайж булавч бултайв. Хөл хорио тогтоох тоолонд нийлүүлэлтийн сүлжээ, бизнес, үйлдвэрүүд хүнд байдалд ордог. Чэнду хотын зарим үйлдвэрүүд бизнесээ тасалдуулахгүйн тулд ажилчдаа гэртээ харилгүй ажил дээрээ байрлахыг хүссэн байна. Томоохон хотуудад үйл ажиллагаа нь тасалдсан үйлдвэрүүд олон.

Сүүлийн үеийн статистик мэдээллээс нийт хохирлыг тодорхой харж болно. Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний хагаст ердөө 0.4 хувиар өссөн нь эдийн засгийн акул гүрний хувьд тун бага үзүүлэлт юм. Түүнчлэн долдугаар сарын байдлаар хотын залуучуудын тавны нэг нь ажилгүй байна. Ирээдүй хэрхэх нь бүрхэг байгаа тул орон сууцны борлуулалт буурч, үл хөдлөх хөрөнгийн салбар туйлдаа хүрчээ. Эдийн засгийг сэргээхийн тулд бодлогоо өөрчлөх хэрэгтэй гэдгийг судлаачид хэлж байна.

Хятадын удирдагчид эдийн засгийн асуудалд нүдэн балай чихэн дүлий хандаагүй гэдгийг Оксфордын их сургуулийн судлаач Хао Жа онцолжээ. Төв засгийн газар эдийн засгийн эрсдлийг сайн мэдэж байгаа гэж тэр хэлэв.

Ингэхдээ Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооноос зургадугаар сард гаргасан шинэ тушаалуудын онцолсон байна. Эл тушаалд өвчний дэгдэлтийн үед хэт их хариу үйлдэл үзүүлэхгүй байхыг уриалсан байжээ. Covid-19-ийг тэглэх бодлогын хүрээнд ямар нэг шалтгаанаар 4000 гаруй албан тушаалтан шийтгүүлсэн болохыг “Bloomberg” агентлаг мэдээлж байна.

COVID-19-ИЙГ ТЭГЛЭХ БОДЛОГЫН ДУУСАХ ХУГАЦАА

Хятадын Фудан их сургуулийн эрдэмтдийн тавдугаар сарын судалгаагаар Covid-19-ийг тэглэх бодлогыг зогсоовол халдварын тохиолдол 1.6 сая хүрнэ гэж таамаглаж байна. Одоогийн байдлаар тус улсын 60-аас дээш насны хүн амын 86 хувь нь хоёр тун вакцинд хамрагджээ. Харин гуравны хоёр нь гурван тун вакцин тариулжээ. Хонгконгод энэ хавар дэгдэлт гарахад нас барагсдын 96 хувь нь вакцинд хамрагдаагүй өндөр настнууд байсан нь Хятадад анхааруулга болсон байна.

Хятад улс вакцинжуулалтад хангалттай их анхаарал хандуулаагүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэд гадаадад үйлдвэрлэсэн “Pfizer”, “Moderna” зэрэг вакцинаас татгалзаж, хамгаалалтаар хамаагүй сул дотоодын вакцин хэрэглэж буй. Хэрвээ тэд вакцинжуулалтын үр дүнд санаа зовж байгаа бол гадаадын вакциныг яаралтай батлах хэрэгтэй гэж Хонгконгийн Анагаах ухааны их сургуулийн вирус судлалын мэргэжилтэн хэлжээ.

Тэгвэл Хятадын эрх баригчид Covid-19-ийг тэглэх өндөр өртөгтэй бодлогоос яагаад татгалзаж байна вэ? Үүний хариулт нь улс төртэй холбогдоно. “Хятад улс анхны дэгдэлтийн дараа сэргэж чадсан нь Коммунист намын удирдлага болон социалист тогтолцооны гайхалтай давуу талыг бүрэн харууллаа” гэж Ши дарга хэлж байв. Тэрбээр зургадугаар сард Уханьд айлчлахдаа хөл хорио болон бусад арга хэмжээг үргэлжлүүлэх ёстой гэж мэдэгдсэн. Эдийн засагт түр зуурын нөлөөлөл гарсан ч хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй гэж тэр үзэж байна.

Намын бодлогыг эсэргүүцсэн хүмүүсийн хувьд өндөр төлөөс төлөх ёстой. Цаашид хэрхэх талаар өөр арга зам санал болгосон хэд хэдэн эрдэмтэн асуудалд олон нийтийн болон төрийнхний уур бухимдлын бай болжээ. Covid-19-тэйгээ зохицон амьдаръя гэж хэлсэн Жан Вэнхунг эмч хурц шүүмжлэлд өртсөн.

Бээжин дэх АНУ-ын төлөөлөгчийн үзэж буйгаар энэ бодлого 2023 оны эхний сарууд хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Хятадын хатуу арга барилаас үүдэлтэйгээр АНУ-ын албан тушаалтнууд Бээжин дэх түншүүдтэйгээ биечлэн уулзах нь цөөрчээ. Сүүлийн үед дээд түвшний уулзалтууд Хятадаас гадуур өөр улсуудад болж байгааг АНУ-ын төлөөлөгч онцлов. “Вашингтон дахь хамтрагчиддаа наашаа ирэхийн тулд 14 хоног хорио цээрийн дэглэмд хамрагд гэж хэлэх шаардлагатай болсон. Ингэж хэлэхээр хэн ирэх вэ дээ” гэсэн утгатай үгийг төлөөлөгч хэлжээ.

Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтнүүд болон гадаадын судлаачид эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад бодлогоо өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй. Гэвч одоогоор Ши Жиньпин дарга алсын хараагаа хэзээ, хэрхэн тодорхойлохоос бүх юм хамаарахаар байна.

Эх сурвалж: FORTUNE, GRID NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж