Азизовоос илүү аюултай монголчууд  

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Азизовоос илүү аюултай монголчууд  

Азизовоос илүү аюултай монголчууд  

ОРОС ЯАХ ВЭ, ӨӨРСӨД РҮҮГЭЭ ӨНГИЙЕ

Шилжилтийн бэрхийг туулан буй бид газар хороохын тулд хэрэггүй болсноо хаяхыг нь хаяж, шаардлагатай бол “шатааж” ачаагаа хөнгөлөх хэрэгтэй бололтой. Аль болгон даахгүй байж хог, новш цуглуулах билээ. Ингэхийн тулд уужим тал шигээ ухаан бодлоо цэгцлэх нь зүйн хэрэг. Хэний ч гар харалгүй дураар амьдарагч нүүдэлчид өнгөрсөн 70 жилд бусдаар заалгаж, зодуулж, хядуулж, тонуулсаар толгойд айдас хургасан агаад өөрийгөө хамгаалах амьтны зөнгөөрөө бусдыгаа золих, дайсагнагчид тал засах золигийн мөн чанар бүрэлдсэн гэлтэй.

Үүнийг ч ОХУ-ыг төлөөлөн Монголд суугаа нөхөр сурамгай ашиглах болжээ. Удаа дараа тусгаар улсын дотоод асуудалд хошуу дүрж, дураараа авирлах болов. Хамгийн сүүлчийн жишээ нь, Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захиралтай холбоотой маргаан болов. Захирлыг солих, солихгүй маргаан эцэстээ Оросын байр суурийг сонсох тухай тэнэглэл рүү хөтлөх нь тэр. Үүнийг анаад сууж байсан Элчин сайд улс орны дотоод хэрэгт оролцохгүй үүрэгтэй димломатч удаа дараагийн үүргээ умартсан үйлдэлдээ эрдээд уламжлал ёсоор мэдэгдэл гаргав.

Тэрхүү мэдэгдэлд “санаа нь зовсон эцэг, эхчүүд хэд хэдэн хамтын захидал илгээсэн”-ийг дурдаад “Нэг үгээр хэлбэл, дээр дурдсан бүх нөхцөл байдлууд нь тус маш их онцлог бүхий сургуулийн хувь заяаг шийдвэрлэхдээ аль аль тал нь ихэд бодлоготой хандах хэрэгтэйг сануулж байгаа ба ингэснээрээ бид бүгд Монгол Улсын эрх ашгийг хамтын хүчээр ханган хамгаалах юм.” гэсэн нь бүр тохуурхалтай. 100 хувь Монголын өмчит сургуулийн захирлын асуудлыг улсын эрх гэж үзсэн төдийгүй тэрхүү эрх ашгаа хамгаалахад Оросын заавар зайлшгүй хэрэгтэй ухааны юм бичиж сууна. Гэтэл Гадаад харилцааны яам таг чиг. Өмнө нь Ардчилсан намын дотоод асуудалд ч мөн л иймэрхүү байдлаар халдаж байсан төдийгүй өөрийгөө өмөөрсөн мэдэгдлийг ч гаргаж байлаа. Харин ГХЯ-аас нот бичиг илгээгүй бөгөөд Б.Батцэцэг сайд уулзаж, анхааруулсан болоод өнгөрсөн. Энэ удаад ч ингэсгээд өнгөрөх бололтой.

Яван явсаар айл гэрийн авгай, хүүхдийн асуудалд хүртэл ийн оролцдог болжээ. Ингэх боломжийг нь бид өөрсдөө олгосоор ирсэн төдийгүй, бүр хүлээн зөвшөөрч, дэмжих маягтай. Монгол монголоо үгүйсгэн Оросыг өмөөрөхийг нь яана.

Хамгийн аюултай нь бид өөрсдийгөө хүлээн зөвшөөрдөггүй, өрөөлийг дахин шүтэх сэтгэлгээ булшлагдаагүй байна. Ардчиллын ололтоор Монгол өөрийн асуудлаа өөрөө шийдэх болсон ч бидний сэтгэхүй бусдаас хамааралтай хэвээрээ байгаа нь гачлантай. Хятад авна гээгүй байхад Монгол гүйч очоод хийн хоолойг Монголоороо дамжуулах гэрээг мөнгө олно гэж хөөрцөглөн хийж байх. Гэтэл түүнийг дагасан асуудлаас үүдэлтэй дэлхий хуваагдаж, ххүчтэй нь хүчгүйгээ хэрхэн түрэмгийлэх гэж буй гашуун үнэн бэлхнээ бидэнд сэрэмжлүүлэг өгөөд буй. Тиймээс ч зарим зүйлсээсээ салах хэрэг гарчээ.

АРДЫН ХУВЬСГАЛААС ЭХЛЭХ ҮҮ?

Ардын хувьсгалын 100 жил гэж сүүлийн хоёр жил төвчигнөв. Тэгвэл хувьсгал, төрийн эргэлт хоёрын ялгаа юу юм бэ? Ардын хувьсгал үнэхээр хувьсгал мөн үү? Эндээс л эхлэх ёстой юм шиг. Хувьсгал гээч хүн амын цөөнгүй хэсгийн эрх ашгийн төлөөх эсэргүүцлийн үр дүнд эрс өөрчлөлтөд хүргэдэг улс төрийн өөрчлөлт бол төрийн эргэлт өөр аж. Төрийн эргэлт гэдэг нь хэсэгхэн бүлэглэлийн хүчээр төрийн эрх мэдлийг авахыг хэлдэг юмсанж.

Тэгвэл Ардын хувьсгал гээч ард түмний хийсэн хувьсгал байгаагүй нь эхнээсээ ил болж байна. 1921 оны хоёрдугаар сарын 23-нд Барон Унгерний цэргүүд Нийслэл хүрээг гамингаас чөлөөлснөөр Богд хаант Монгол улсын төр эргэн сэргэжээ. Гэтэл үүний дараа Ардын түр засгийн газар гээчийг оросуудын заавраар байгуулснаар Монгол хоёр Засгийн газартай болсон аж. 1921 оны долдугаар сарын 6-нд Хүрээнд орж Оросын улаан армийнхан Богдын Засгийн газрын сайд, түшмэдийг баривчилж хорин, ажлын байр, орон гэрт нь нэгжлэг хийжээ. Улмаар Нийслэл Хүрээнд Улаан орос цэргүүд комендантын дэглэм тогтоож, сул чөлөөтэй явсан хүмүүсийг барьж хорьсон нь Оросын ил болгосон “Монголын тухай БХ(б)Н-ын ил болсон баримт бичиг”-т байх жишээтэй.

Өөрөөр хэлбэл, хувьсгал бус төрийн эргэлт хийсэн аж. Гэтэл одоо хэр нь биднийг Оросын улаан арми Хятадаас чөлөөлсөн гэж итгэсэн хэвээрэй байна.

Тиймээс ч 40-50 мянгаараа хядуулсан гашуун үнэнийг үгүйсгэж, аргагүй эрхэнд аль эсвэл “буруу номтнуудыг буудан хороосон” гэж үгүйсгээд зогсохгүй өвөг, дээдсээ бултаар нь тэмбүүтсэн байсныг нь эмчилж өгсөн ачтан гэж өргөмжилж сууна. Дэлхийн II дайныг “Аугаа эх орны дайн” гэж өөриймсдөг үй олон иргэд төдийгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байсаар л байна. Ийм байхад “намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэгчээр хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэлгүй л яах вэ? Бидний талцал, хуваагдал, өөрсдийгөө үгүйсгэж харийнхныг үхтлээ өмөөрдөг адгийн авир л бидний аюул болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж