Монголд 30 жилд 35 тэрбум долларын хөрөнгө оруулалт оржээ

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Монголд 30 жилд 35 тэрбум долларын хөрөнгө оруулалт оржээ

Монголд 30 жилд 35 тэрбум долларын хөрөнгө оруулалт оржээ

Энэ оны эхний найман сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 0.8 тэрбум ам.долларт хүрчээ. Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалын хэлснээр, өнгөрсөн 30 жилд манай улсад 35.7 тэрбум ам.долларын хөрөнгө орсон нь чамлалттай тоон үзүүлэлт юм.

Өнөөдрийн байдлаар манай улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 41 хувийг Оюутолгойн уурхайн төсөл эзэлж байна.

Азийн хөгжлийн банк (АХБ)-наас 2022-2023 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт болон нэмэлт санхүүжилт зэргийг тооцвол гадаадын шууд хөрөнгө оруулалт 9.4 хувиар өсөх боломжийн төсөөлөлтэй байгаа талаар мэдээлсэн.

АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран “Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулагч нар хөгжиж буй орнуудад болгоомжтой хандана. Гадаадын банкууд зөөлөн бодлого явуулж байсан бол энэ онд бодлогын хүүгээ өсгөхөөр байна. Иймд ам.доллараар татах санхүүжилтийн өртөг өснө, боломж хумигдана. Багцын хөрөнгө оруулалт БНХАУ-аас бусад Азийн орнуудад буурч, гадагшилж байна.

Монгол Улсын хувьд гадаад, дотоодын хөрөнгө орж ирэх таатай, бизнес эдийн засгийн, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Мөн хөрөнгө орох салбаруудаа эрэмбэлж, хувийн хэвшилд илүү анхаарах шаардлагатай байна” гэж хэлж байв.

Засгийн газраас “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж буй. Гадаад, дотоодын экспертүүдийн энэ мэт анхааруулга, саналуудыг анхаарч үзэхэд илүүдэхгүй билээ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Шинээр хөрөнгө оруулалт татах нь чухал ч одоо байгаа хөрөнгө оруулагчдынхаа тулгамдсан асуудлыг шийдэх, тэдний санал шүүмжлэлийг сонсоход анхаарч байна. Хөрөнгө оруулагчид Монголд хууль тогтоомж нэг мөр хэрэгжих нь асуудалтай, шүүхээр хэрэг шийдүүлэхэд хугацаа их шаарддаг, хуулийн байгууллагын тайлбар янз бүр байдаг зэрэг бэрхшээл хэлдэг. Энэ бүхнийг ганц хөрөнгө оруулалтын тухай хуулиар шийдэх боломжгүй.

Хуульд тусгайлсан нэр томьёог тодорхой болгох, бусад салбарын хуулиудаа шинэчлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлт гэхээсээ илүү Монголд шударгаар татвар төлөх хөшүүрэг бий болгохоос гадна хөрөнгө оруулагчдын саналыг сонсохыг чиглэлээ болгож байна. Хуулийн шинэчилсэн найруулгаас гадна хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах чиг үүрэг бүхий тусгай агентлагийг ирэх онд байгуулахаар ярьж байна” гэж мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж