Энэ долоо хоногийн VS буландаа мөнгөний бодлогыг чангаруулах талаарх эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Өнгөрөгч долоо хоногт Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мөнгөний бодлогыг чангаруулах талаар мэдээлсэн. Тэгвэл АН-ын дэд дарга Ч.Отгочулуу, Ч.Хүрэлбаатар сайдын байр суурийг шүүмжилсэн юм.
Ч.Хүрэлбаатар:
Эдийн засаг хөгжлийн сайд
-Монгол Улсад эхний долдугаар сарын байдлаар инфляци 15.7 хувьтай байсан. Харин энэ сарын байдлаар 14.1 болж буурахад мах, хүнсний ногооны үнэ нөлөөлсөн. Энэ бол улирлын чанартай бууралт. Харин суурь шалтгаан нь төлбөрийн тэнцэлтэй хамааралтай. Дэлхий нийтээр үнийн өсөлт явагдаж байгаа энэ үед Монгол Улс дотооддоо үнийг буулгах зохицуулалт хийх нь чухал. Тухайлбал, дотоодод түлхүү хэрэглэдэг импортын барааны тээврийн зардал зэрэгт анхаарна.
Цаашид мөнгөний бодлоготой уялдуулж ажиллах үүрэг даалгаврыг холбогдох сайд нарт өгсөн.
Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.3 тэрбум ам.доллар болж өссөн. Ингэснээр төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй. Тиймээс мөнгөний бодлогыг чангаруулах шаардлагатай. Үүнд хугацаа алдвал бараа, бүтээгдэхүүний үнэ дахин өсөх эрсдэлтэй. Энэ нөхцөлд бид бодлогын хүүг өсгөнө. Одоо бодлогын хүү 10 хувь байна.
Ч.Отгочулуу
АН-ын дэд дарга
-Манайд байгаа инфляцийн алдааг Засгийн газар гадагшаа их чиглүүлж байна. Гэхдээ үнийн өсөлтийн 70-80 хувь нь бодлогын алдаанаас үүдэлтэй. Хятадад инфяци ердөө хоёр хувьтай байна. Гэтэл манайд инфляци 16 хувьтай байгаа нь бодлогын алдаа хийснийг харуулж байна.
Ер нь гадаад дахь үнийн өсөлтийн давалгаа Монголд орж ирэх болоогүй байна. Тэр үед хэлэх үггүй болж байгаа шүү Засгийн газар. Засгийн газрын сайд нар мэдлэггүй байна.
Хүнс хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун “Монголчууд дэлхий дээр хамгийн хямд талх хэрэглэж байгаа үндэстэн” гэж хэлсэн. Энэ нь 30 орчим цент байгаа юм. Гэтэл дэлхий дээр талхны үнэ 50 цент байдаг юм байна.
Манайд бодитоор 1800-2800 төгрөг байна. Бид дэлхийн дунджаар хэрэглэдэг. Манай сайд нар эдийн засгийн энгийн ойлголтгүйн улмаас бодлогын алдаа гаргаж байна. Ч.Хүрэлбаатар гэх туршлагатай сайдтай болсон. Овоо прагматик бодлого явуулах болов уу гэсэн үгүй юм шиг байна.
Мөнгөний бодлогыг хатууруулах тухай мэдэгдэл гаргаж байна. Энэ нь зээл олдохоо больж, зээлийн зардал улам өснө гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд үнэтэй зээл авахад зардал өснө, зардал өсөхөөр инфляцид шингэнэ. Ингээд инфляцийг хөөргөдөх аюултай.
Холбоотой мэдээ