ОХУ-ын Санкт-Петербургийн хэсэг улстөрч ерөнхийлөгч Путиныг огцрохыг шаарджээ. Тодруулбал, Санкт-Петербург хотын Смольнинское дүүргийн зөвлөлийн гишүүд Путиныг эх орноосоо урвасан гэж үзэж байна. Санкт-Петербург, Москва болон бусад хэд хэдэн бүс нутгийн 65 төлөөлөгч Путиныг огцрохыг шаардсан өргөдөлд Даваа гаригт гарын үсэг зуржээ.
Никита Юферьев тэргүүтэй улстөрчид хоёрдугаар сарын 24-нд ОХУ-аас Украинд довтлоход л дайны эсрэг жагсаал зохион байгуулах зөвшөөрөл хүссэн боловч татгалзсан хариу сонсжээ. Гуравдугаар сарын 2-нд тэд Санкт-Петербургийн оршин суугчдыг нээлттэй зөвлөлийн хуралдаанд нэгдэхийг урьсан. Олон хүн цугласан боловч цагдаа, харуулууд, шоронгийн фургонууд бас иржээ. Тэд Путинд уриалга илгээж, тусгай ажиллагаагаа зогсоохыг шаардсан ч хариу өгөөгүй аж.
Тус улстөрчидтэй холбоотой хэрэг өдгөө шүүхийн шатандаа явж буй. Шүүх хурлын шийдвэрээр дүүргийн зөвлөлийг тарааж магадгүй байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн зөвлөлийн хурлуудыг шүүгч хүчингүй гэж үзжээ.
Зөвлөлийн өөр нэг гишүүн Дмитрий Палюгаг эрх баригчдын нэр төрийг гутаасан гэх үндэслэлээр 47 мянган рублиэр торгоод байна. Зөвлөлийн дахин дөрвөн гишүүн ойрын хоёр хоногт шүүх хуралд оролцох ёстой аж. Оросын армийн довтолгоо удаа дарааллан амжилтгүй болж буй тул Путиныг огцрохыг шаардах хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэж зөвлөлийнхөн найдаж байна. “Мэдээжийн хэрэг одоо болж буй үйл явдал бидний хөтөлбөртэй яг сайхан давхцаж байна. Украины арми амжилттай ажиллах тусам ийм хүмүүс олширно” гэж Палюга хэллээ.
Кремлийн хувьд зөвлөлийн гишүүдийн эсэргүүцэл бус хэт хатуу байр суурьтай байх нь л эрдсэл болно гэж улс төр судлаач Татьяна Становая хэлжээ. Тодруулбал, хэт их хариу үйлдэл үзүүлэх нь Путины дэглэмд илүү их улс төрийн хохирол учруулна гэж үзэж байна. Мөн өргөдөлд гарын үсэг зурсан бүх хүн улс төрийн дарамт шахалттай тулгарна гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
Дашрамд дурдахад, Германы канцлер Олаф Шольц, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар өчигдөр /2022.09.13/ утсаар ярьж, Украин дахь мөргөлдөөний талаар хэлэлцлээ. Германы канцлер Украин дахь Оросын цэргүүдийг аль болох хурдан гаргаж, галаа зогсоохыг Путинд уриалав. Тэд 90 минут ярьсан бөгөөд Запорожье атомын цахилгаан станц, НҮБ-ын дэмжлэгтэй үр тарианы хэлэлцээр зэрэг асуудлыг мөн хэлэлцжээ.
Эх сурвалж: REUTERS, DW
Холбоотой мэдээ