Үнийн өсөлтийн хоёр дахь үеийн нөлөө үүсч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Үнийн өсөлтийн хоёр дахь үеийн нөлөө үүсч болзошгүй

Үнийн өсөлтийн хоёр дахь үеийн нөлөө үүсч болзошгүй

Эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 1.9 хувьтай гарсан. Үүнд худалдаа, үйлчилгээний салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан нь нөлөөлжээ. Харин тээвэр логистикийн гацалт, удаашралтай холбоотой уул уурхай, барилга, тээврийн салбарын өсөлт удаан байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн дүр зурагтай.

Инфляцийн дийлэнх хэсэг импортын барааны үнэ, тээвэр логистикийн зардлын өсөлтөөс хамаарч буй. Энэ оны долдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индекс (ХҮИ)-ээр хэмжигдэх инфляци улсын хэмжээнд 15.7 хувь, Улаанбаатар хотод 15.9 хувь байв. Сарын инфляци 0.6 хувьтай гарсан нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойших сарын хамгийн бага инфляци болжээ.

Наймдугаар сарын инфляци сөрөг гарах хүлээлттэй байгаа талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголын бизнесийн зөвлөлийн гишүүдэд эдийн засгийн байдал, цаашдын төсөөлөл, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулахдаа хэлэв.

Инфляцийн 47 хувийг импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө эзэлж буй бол дам нөлөөг нь оруулж тооцвол 66 хувь буюу инфляцийн гуравны хоёр нь импортын барааны өсөлт, түүнтэй холбоотой тээвэр логистикийн зардлаас хамаарч байгаа аж.

Нэг талаас энэ нь гадаад орчинд бий болсон өөрчлөлт, тээвэр логистикийн асуудлууд манай улсын инфляцийн суурь шалтгаан болж буйг харуулж байна.

Уул уурхайн бус салбарууд, хувийн хэрэглээ цар тахлын өмнөх түвшинг давсан нь эрэлтийн шинжтэй инфляцийн дарамт нэмэгдэж буйг илэрхийлж байна.

Нийлүүлэлтийн шинэ “шок” үүсэхгүй тохиолдолд инфляци алгуур буурах хүлээлттэй. Өнөөдөр үнэ, цалин ээлжлэн өсөх үзэгдэл болон үнийн өсөлтийн хоёр дахь үеийн нөлөө үүсч болзошгүй байгаа аж. Хэрэв цалин хурдтай нэмэгдвэл инфляцийн төсөөлөл нэмэгдэнэ. Тиймээс инфляцийн хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах шаардлагатай бөгөөд энэ нь мөнгөний бодлого хатуурах зайлшгүй нөхцөл болох юм.

Мөнгөний бодлого хэр хатуурах нь энэ жилийн болон ирэх жилийн төсвийн зардал, валютын урсгалаас шууд хамаарна.

Уул уурхайн бус салбаруудыг нийт дүнгээр нь тооцвол 2019 оны мөн үеэс 5.2 хувиар өндөр байгаа нь дотоод эдийн засаг цар тахлын өмнөх үеийг давсныг илтгэж байгаа аж. Тодруулбал, уул уурхай, барилга, тээврийн салбараас бусад салбарууд 2019 оны мөн үеийн түвшинд хүрсэн байна. Харин уул уурхайн салбар уналттай хэвээр байгаа бөгөөд энэ нь ихээхэн сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй.

Оны сүүлийн хагаст экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд, тэр дундаа нүүрсний экспорт эрчимжих тохиолдолд эдийн засаг энэ онд гурав орчим хувийн өсөлттэй гарах хүлээлттэй байна. Экспорт хэвийн түвшинд хүрч, зээлийн тасалдал, нийлүүлэлтийн шинэ “шок” үүсэхгүй тохиолдолд ирэх онд эдийн засаг дөрөв орчим хувь өсөх урьдчилсан тооцоолол хийжээ.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, оны эхний найман сард манай улс импортоор нийт 5599.7 сая буюу 5.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолсон нь 2021 оны мөн үеэс 1125.8 сая ам.доллар буюу 25.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.

Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг харвал элсэн чихэр, цагаан будаа, хүнсний ногоо, ургамлын тосны импорт буурсан бол өтгөрүүлсэн болон хуурай сүү, өндөг, самар, жимс, тахиа, гахайн мах, өөхний импорт өмнөх хоёр онтой харьцуулахад өссөн дүнтэй байна. Тухайлбал, эхний найман сард 44.5 мянган тонн элсэн чихэр импортолсон нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 8 хувиар буурчээ.

Манай улс дэлхийн 150 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-д 34.2 хувь, ОХУ-д 30.3 хувь, Японд 8.6 хувь, БНСУ-д 5 хувь, АНУ-д 3.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.3 хувийг эзэлж байна.

Түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах хандлагатай байгаа аж. Глобал эдийн засгийн төлөв муудсан нь эрчим хүчнээс бусад түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж буй. Ихэнх түүхий эдийн үнэ оны эхэн үе рүү эргэн буурсан. Мөн БНХАУ-ын эдийн засгийн төлөв экспортын түүхий эдийн үнэд чухал нөлөөтэй байна.

Геополитикийн хүндрэл, түүнээс улбаалсан хязгаарлалтууд эрчим хүчний түүхий эдийн үнийг өндөр түвшинд хэвээр хадгалж буй. Ялангуяа байгалийн хий, эрчим хүчний нүүрсний үнэ огцом өсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж