Барилгын материалын хомсдол үүсч, зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнд иргэд бухимдаж байна. Үүний нэг нь барилгын салбарын "талх" гэгддэг цемент. Хэдийгээр дотоодын томоохон аж ахуй нэгжүүд үйлдвэрлэлийн хэрэгцээг 100 хувь хангах боломжтой гэж байгаа ч бодит байдал дээр цемент борлуулж байгаа цэг ховор байна. Тиймээс бид барилгын материалын томоохон захуудад цементийн олдоц, үнэ ямар байгааг сурвалжиллаа.
Өнгөрсөн тавдугаар сард хил дээр бараа саатсан нэрийдлээр үнэ хөөрөгдсөн бол өнөөдөр цемент үйлдвэрлэлийн хоёр компани ажиллахгүй байна гэсэн тайлбар өгч байв.
Барилгын материалын 100 айл захад цементийн нөөц байхгүйгээс худалдаа хийхгүй байна. "Цемент зарна" гэх хаягтай лангуу бүрээс цемент сурагласан хүн олон байлаа. Гэвч нөөц хомс байгаа тул цементийн үйлдвэрүүд нийлүүлэхгүй байна гэж худалдаачид хэлж байсан юм.
ЦЕМЕНТИЙГ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭС ХОЁР ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР БОРЛУУЛЖ БАЙНА
"Мак цемент" ХХК-ийн хувьд үйлдвэрээс гарч буй үнэ задгайгаар 283,500 төгрөг, 50 кг шуудай савалгаатай нь 335,600 төгрөг байна. Тус компани “Дарханы зам руу нийлүүлж байгаа учраас цементийн нөөц хомс байна” гэв.
"Монцемент" үйлдвэрийн цемент задгайгаар 350 мянган төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд гэрээт болон төслүүдэд л нийлүүлж байгаа учраас хувь худалдаачдад зарахгүй байгаа аж.
"Гурвалжин" захын тухайд задгай цемент хоёр тасагт худалдаалж байв. Бусад лангуу хоосон эл хуль харагдана. Захаар үйлчлүүлэгчдийн олонх нь ахуйн хэрэгцээндээ зориулж барилгын материал хайж байлаа. Тэр тусмаа барилгын гол нэрийн бүтээгдэхүүн гэж хэлж болох цементийн эрэлт их байв.
Тус захад 5 кг шуудайтай цементийг 32 мянган төгрөгөөр борлуулж, тонноор авах бол 600 мянган төгрөгөөр худалдаалж байв. Үүнд бухимдсан иргэн “Аливаа бүтээгдэхүүн хомсдсон нэрийдлээр үнэ хөөрөгдүүлсэн аргыг борлуулагч нар хэрэглэхээ болимоор байна. Аль, аль талдаа хэцүү амьдарч байж худалдааны ийм зүй зохисгүй байдал гаргамааргүй байна” гэв.
Харин худалдаачид үйлдвэрээс цемент нийлүүлэхгүй бол үнэ дахин өсөж магадгүй гэдгийг онцлов.
Бөөнөөр цемент авах хүмүүс үйлдвэрээс нь захиалж эсвэл гэрээт цэгээс шууд хүргүүлж авдаг. Харин зах дээр жижиглэнгээр худалдан авахаар зорьсон иргэд хямдыг нь хайж явсан ч үнэ ижил байв. Үнийг нь сонсоод буцаж байна гэж халаглах иргэд ч таарч байлаа.
Цементийн үнэ өссөнд бухимдсан ч худалдан авч буй нэгэн залуу “Долоохон хоногийн өмнө цемент 22 мянган төгрөг байсан бол өнөөдөр 32 мянган төгрөг болж. Цемент борлуулж буй лангуу бүр л ийм үнэтэй байна. Цемент хэрэгтэй болохоор олдсон дээр нь ийм үнээр ч болтугай авахаас өөр арга алга” хэмээн ярьж байлаа.
Харин худалдаачдаас бараа бүтээгдэхүүний үнэ ямар шалтгаанаар өссөнийг тодруулахад "Эрэлт их байгаа учраас үнэ нэмэгдэж байна. Мөн цементийн хоёр үйлдвэр ажиллахгүй байгаа тул хомсдол үүссэн. Цементийн нийлүүлэлт сайжрахгүй байх магадлалтай байгаа тул үнэ нэмэгдэх нь аргагүй” гэлээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас барилгын материалын захуудад ямар хяналт тавьж байгааг тодруулахад "Одоогоор үнийн өсөлт зэрэгт ямар нэгэн хяналт, шалгалт хийгээгүй. Хэрэв иргэдээс гомдол ирвэл үүргийн дагуу хяналт тавьж, зохих шаардлагыг хүргүүлж ажиллана" гэсэн юм.
Худалдаачид зохиомол хомсдол үүсгэж, үнэ хөөрөгдөж байна гэж иргэд бухимдаж байна. Харин худалдаачид зайлшгүй шаардлагаар хэдэн төгрөг нэмэгдсэн. Үнэ нэмэхээс өөр аргагүй байгаагаа учирлаж байв.
Зах зээл дээр барааны үнэ тасралтгүй өсч буй энэ үед төрөөс тодорхой менежмент хийж ажиллахыг хувийн хэвшлийнхэнд үүрэг болгосон. Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан дотоодын үйлдвэрлэгчид цементийн үнээ буулгахгүй бол импортын цементийг татвараас чөлөөлнө гэх сүржин мэдэгдэл хийсэн билээ. Гэхдээ Засгийн газраас гаргасан бодлого шийдвэр бодит байдал дээр хэрэгжих боломжгүй байна.
Харин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн үйлдвэрийн засвар аравдугаар сарын 1-ний өдөр дуусч цемент хэвийн нийлүүлнэ гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэлсэн. Тиймээс нийлүүлэлт сайн байвал зах зээлийн журмаараа цементийн үнэ бууна хэмээн худалдаачид хэлж байлаа.
Б.УНДРАМ
Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭ-БИЛГҮҮН
Холбоотой мэдээ