Авлигатай тэмцэх газрын /АТГ/ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Авлигатай тэмцэх газар энэ онд 1.2 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан талаарх мэдээлэл бий. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье. Тухайлбал, ямар хэргүүдийн хохирлыг нөхөн төлүүлж, дээрх мөнгийг төсөвт оруулах болов?
-Юуны өмнө улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь хуульчлагдсан байдаг гэдгийг олон нийтэд хэлэхийг хүсч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хуульчилж өгсөн байдаг. Энэ зорилтууд нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Зөрчигдсөн эрх гэдэг нь та биднээс алдагдсан боломжийг хэлж байгаа юм. Тиймээс зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлд мөрдөх байгууллага шалгах хэлтэс, мөрдөгчид маань тэргүүлэх чиглэлээ болгож ажиллаж буй.
Энэ хүрээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж чадсан. Үүнд олны анхаарлын төвд байгаа Хөгжлийн банкны чанаргүй зээл олголттой холбоотой, мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохой, “Эрдэнэт”-ийн 49 хувь гэх мэтчилэн бусад хэргүүдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, нийтдээ 1.2 их наядын хохирлыг нөхөн төлүүлсэн.
Хохирол нөхөн төлүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгах гэж ойлголт байдаг. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг мөрдөгч тогтоон мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлэн, улмаар Засгийн газар хулгайлагдсан хөрөнгөө энэ онд буцаан авч чадсан. Энэ талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд гарсан. Үргэжлүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.
-Өнгөрөгч сард Дарханы замын тендер шалгаруулалттай холбоотой хэрэг олны анхаарлыг татсан. Энэ хэргийн явцын талаар мэдээлэл өгөхгүй юу. Уг хэрэгт нийт хэчнээн албан тушаалтныг шалгаж байна вэ?
-Дарханы замтай холбоотой Дарханы замын их засвар болон шинээр зам тавих ажлын тендер сонгон шалгаруулалтад орж ажилласан ажлын хэсэг, мөн хяналт тавьж дээрээс нь чиглэл өгсөн бүх албан тушаалтныг шалгах ажиллагаа явж байна. Өөрөөр хэлбэл, уг тендертэй холбоотой бүх албан тушаалтныг шалгана гэсэн үг. Өнөөдрийн байдлаар дөрвөн этгээдэд цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсан. Одоогоор мөрдөн шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Энэ хэрэгтэй холбогдуулаад Зам тээврийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг шалгаж буй талаарх мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх яриа үндэслэлтэй юу?
-Одоо шалгалж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа үед яагаад дэлгэрэнгүй мэдээлэл өгч болдоггүй вэ гэхээр хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход саад учруулах эрсдэлтэй. Иймээс хуульд прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлж болно гэсэн зохицуулалт бий. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байна. Тендер сонгон шалгаруулалтад оролцсон бүх албан тушаалтныг шалгаж байна.
-Тендер сонгон шалгаруулалттай холбоотой гаднын иргэдийг шалгаж байгаа юу?
-Одоогоор албан тушаалтнуудыг шалгаж байна.
-Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой хэргийн явцын талаар мэдээлэл өгөхгүй юу. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэчнээн хэргийг прокурор руу шилжүүлээд байна вэ?
-Хөгжлийн банкны чанаргүй зээл олголттой холбоотой асуудалд гурван мөрдөн байцаалтын хэрэг нээн шалгаж буй. Тухайлбал, гурван мөрдөн байцаалтын хэрэгт 85 иргэн яллагдагчаар, мөн зургаан хуулийн этгээд яллагдагчаар татагдсан.
Хөгжлийн банкны чанаргүй зээл олголттой холбоотой асуудлаар учраад байсан хохирлын тухайд энэ оны есдүгээр сарын 9-ны байдлаар 533.9 тэрбум төгрөгийг бэлнээр төлүүлсэн.
-Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн хэргийг шүүхэд шилжүүлсэн үү?
-Хөгжлийн банкны чанаргүй зээл олголттой холбоотой асуудалд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна. Яллагдагчаар татагдсан 85 иргэн дотор УИХ-ын дөрвөн гишүүн бий.
-Тухайлбал?
-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй учир нэрийг нь хэлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орж буй учраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлнэ гэсэн үг.
-Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн нэг нь “Шинэ яармаг” төсөл байдаг. Үүний цаана Ерөнхийлөгч асан Х.Баттулга байдаг гэх мэдээлэл бий. Уг хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгаж байгаа юу?
-Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа ямар асуудлаар буруутгагдаж, ял шийтгэл авсан нь нээлттэй болдог. Одоогийн байдлаар шалгагдаж буй яллагдагчдын дундаас шүүх рүү хэрэг нь шилжиж ял шийтгэл аваагүй, эцсийн шийдвэр гараагүй байгаа учраас яг тэр энэ нь гэх мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Нийгэмд АТГ сүр дуулиантай баривчилгаа хийчхээд дараа нь хэргийг удаашралтай шалгаж замхруулдаг гэх яриа байдаг. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?
-Олон нийтийн дунд АТГ сүржин баривчилгаа хийдэг ч хэрэг замхардаг гэдэг ойлголт байна. Энэ ойлголтыг залруулахад, АТГ сүржин баривчилгаа хийдэггүй. Хэргийн холбогодогчдыг хуулийн дагуу баривчилдаг. Хэргийн бодит нөхцөл байдлыг мөрдөгч тогтоон шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлдэг. Прокурор гэм буруутай байна хэмээн үзэж шүүхэд шилжүүлснээр цаашид уг хэрэг хэрхэн шийдэгдэх нь шүүх эрх мэдлийн асуудал. Тэгэхээр уг хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээллийг шүүх өгөх ёстой болов уу. Манай байгууллагын зүгээс олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч ажилладаг. Иймд Үндсэн хуульд заасан гэм буруугийн асуудал нь хэлэлцэгдээгүй байгаа ч гэсэн ямар хэргийг шүүх рүү шилжүүлээд байгаа вэ гэдгийг хуулийн боломжит хэлбэрээр долоо хоног бүр олон нийтэд мэдээлэл өгдөг. Үүнийг хэвлэл мэдээллийн салбарынхан ч сайн мэдэж байгаа. Тиймээс боломжит байдлаар мэдээллээ өгдөг гэсэн үг. Баривчилгаа хийлээ ч гэсэн тэр нь сүр дуулиантай, энэ нь дуулиангүй гэдэг зүйл байхгүй. Хуулийн дагуу бүх ажиллагаа явагддаг. Тухайн хэргийг шүүх рүү шилжүүлсэнэ талаарх мэдээллийг албан ёсны веб сайтаар ийм утгатай, хэрэг шүүх рүү шилжлээ гэдгийг долоо хоног бүр нээлттэй мэдээллийг өгдөг.
-Он гарсаар АТГ хэчнээн хүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байна вэ?
-Хагас жилийн тайлан гарсан. Эхний хагас жилийн байдлаар мэдээлэл өгөхөд АТГ 1246 үйлдэлтэй 754 холбогдогчтой 1046 хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтныг авч үзэхэд төрийн, улс төрийн-33, төрийн тусгай-42, төрийн захиргааны-77, төрийн үйлчилгээний-52, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн-10, бусад иргэн, албан тушаалтан-540 байна. Нийт шалгасан хэргийн 153 буюу, 14.6 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. Мөрдөн шалгалтын ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 40.2 хувьтай, шүүхээр 82 хэрэг эцэслэгдэн шийдэгдсэн байна.