Эрчүүдийн гаргадаг хувцаслалтын алдаа

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн гаргадаг хувцаслалтын алдаа

Эрчүүдийн гаргадаг хувцаслалтын алдаа

21 дүгээр зуун бол олон янзын загварын чиг хандлагыг хүссэнээрээ хослуулж, хувь хүний онцлогоо илэрхийлэх, өөрийн хэв маягийг турших хамгийн тохиромжтой үе юм. Хэдийгээр өөрийнхөөрөө байх хамгийн сайхан ч загварын хувьд дагаж мөрдөх ёстой энгийн дүрмүүд бий. Эрэгтэй хүний хувцаслалтад ч ялгаагүй. Зарим нэг жижиг зүйлээс болж бүхэл бүтэн хувцаслалт тань сүйдэж мэдэх юм. Эрчүүдийн гаргадаг санаанд оромгүй жижиг атлаа дүр төрх сүйтгэгч алдаануудыг онцолж байна.

Захтай цамц буюу бидний нэрлэж заншсан сорочик цамцыг эрчүүд өмднийхөө гадуур сул тавьж өмссөн байх нь бий. Ийм цамцыг өмд рүү хумьж хийх зориулалттай хангалттай урт загвартай бүтээсэн байдаг. Ханцуйг нь хойш шуугаад өмсөж болно. Гэхдээ спорт хүрэмтэй хэзээ ч хослуулж болохгүй.

Хэт их гоёл чимэглэл мөн л зохимжгүй. Ганган хүүхэнд гархи нэмэр гэдэгчлэн чихний ээмгийг бүр март. Бугуйвч, хүзүүний зүүлт, бөгж зүүлээ гэхэд аль болох энгийнийг сонгоорой. Нэг дор хоёроос олон гоёл зүүхгүй нь дээр. Хуримын бөгжөө мэдээж зүүж болно, харин эрхий, долоовор хурууны бөгж зохимжгүй.

Нэг хувцаслалтад хэт олон хээ хуар оруулахаас татгалз. Загварлаг байна гэдгийг эрчүүд хэт гоёх юм уу хээ хуартай хувцас өмсөхтэй холбож ойлгох гээд байдаг талтай. Энэ нь таныг инээдтэй харагдуулахаас цаашгүй. Загварлаг харагдахын тулд нэг л хувцас тань хээтэй байхад хангалттай.

Хэт хуучирсан тэлээ хувцаслалтын алдаанд орно. Хэчнээн чанартай тэлээтэй байсан ч ядаж 10 жилд нэг солих хэрэгтэй шүү. Тэлээгээ гуталтайгаа аль болох дөхөм өнгөтэй байлгахыг хичээгээрэй.

Албан хувцаслалт, амралтын өдрийн жинсэн өмд аль нь ч байсан хэт урт байх хэрэггүй гэдэг ганц алтан дүрэм бий. Харамсалтай нь ихэнх эрчүүд дэлгүүрээс авсан өмдөө тэр чигээр нь өмсчихдөг. Үзэмжгүй харагдах хэдий ч засахад хамгийн амархан хувцаслалтын алдаа. Өмдтэй холбоотой өөр нэг алдаа бол шувтарсан өмд. Жинсэн өмдөө шувталж өмсөх нь 1990-ээд оны үед АНУ-ын шоронд тэлээг хориглосонтой холбоотойгоор дэлгэрсэн моод юм. Тиймээс Лос Анжелес дахь бүлэглэлүүд болон хип хоп одод авторитаризмын эсрэг мэдэгдэл болгож зориуд өмдөө шувталж өмсдөг байв. Харин одоо бол ингэж өмдөө шувталж өмсөх нь таныг алсын хараагүй, соёлгүй харагдуулна.

Загварын брэндүүдийн элдэв лого хатгамалтай өмд болон нарийн жинсэн өмд хэзээ ч эрчүүдийн сонголт биш. Хэрвээ та үнэхээр туранхай биш л бол нарийн жинс таны хөлийг богино харагдуулдаг. Бага зэрэг гүзээтэй бол бүр ярих юмгүй, нарийн жинс таны өө сэвийг өршөөлгүй тодруулж өгнө.

Гутал эзнийхээ өмнөөс ярьдаг. Бохир гуталтай бол хэчнээн гайхалтай костюм өмсөөд ч нэмэргүй. Гутлаа урт удаан эдэлгээтэй байлгахын тулд зөв бүтээгдэхүүнээр тогтмол арчилгаа хийгээрэй. Гутал худалдаж авахад гар татаад хэрэггүй. Сайхан гуталтай, тэдгээрийгээ сайхан арчилдаг бол таны ашиг орлого улам л өсөх болов уу. Дөрвөлжин хоншоортой гуталнаас ч мөн татгалзаарай. Алдарт “Gucci” брэнд хүртэл дөрвөлжин хоншоортыг моодонд оруулах гээд дөнгөөгүй юм шүү. Оронд нь сонгодог Оксфорд загварын гутлыг танд зөвлөж байна. Дашрамд дурдахад, 21 дүгээр зууны хуурамч сурталчилгааны хамгийн том жишээ болох нүхтэй углаашийг сонгохгүй байхыг зөвлөе. Бидний нэрлэж заншсанаар “Crocs” углааш.

Хувцас индүүдэх залхуутай хэдий ч хамгийн сайхан харагдахыг хүсч байгаа бол индүүдэхээс өөр аргагүй. Хувцсаа өлгөөтэй байхад нь индүүдэх боломжтой уурын индүү сонговол ажил хамаагүй хурдан дуусна.

Богино өмднийхөө уртыг зөв тохируулах чухал. Зуны халуун өдрүүдэд богино өмд сэрүүхэн ч зарим нэг нарийн ширийн зүйлийг анхаарч үзэхгүй бол болохгүй. Өвдөгнөөс үл ялиг дээш урттай байх нь хамгийн тохиромжтой. Харин богино ханцуйтай цамцны хувьд хэт гүн Ү хэлбэрийн ухлаадаснаас татгалзаарай.

Сүрлэн малгай өмссөнийг тань зөвтгөх хэмжээний тийм муу үсний засалт гэж хаана ч байхгүй. Тэгэхээр хэзээ ч сүрлэн малгай өмсөөд хэрэггүй гэсэн үг. Далайн эрэг дээрх Бруно Марс болох гээгүй юм бол бейсболын малгай ч юм уу арай дээрийг сонгоорой. Бүр болохгүй бол хогны уут углачихсан нь хавьгүй дээр. Загварлаг үс засалтыг хадгалах сайн арга бол мэдээж үсний гель. Гэхдээ хэмжээг хэзээ ч хэтрүүлж болохгүй. Хэт их үсний гель таны дүр төрхийг хамгийн ихээр гутаана.

Хэт том зангианаас татгалзаарай. Өргөн зангиа зүүснээр мэргэжлийн бус, хайхрамжгүй харагдах гэмтэй.

Эх сурвалж: CLEVERST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж