Шөнийн цагаар архи худалдахгүй байх нь архидалттай тэмцэх шийдэл мөн үү?

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

Шөнийн цагаар архи худалдахгүй байх нь архидалттай тэмцэх шийдэл мөн үү?

Шөнийн цагаар архи худалдахгүй байх нь архидалттай тэмцэх шийдэл мөн үү?

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас гаргасан А832 тоот захирамжийн хүрээнд 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, худалдааны цэгүүд шөнийн цагаар архи, согтууруулах ундаа худалдахаа зогсоожээ. Улмаар зөвхөн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий Үйлчилгээний газрууд буюу бар, караоке, ресторанууд л борлуулах юм байна. Энэхүү захирамжийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газраас дэлгүүр, аж ахуйн нэгжүүдэд согтууруулах ундаа зарж борлуулахгүй байх тухай шаардлага тавьж эхэлсэн байна.

Уг шаардлагыг биелүүлж эхэлсэн эсэхийг худалдаа эрхлэгчдийн төлөөллөөс асуухад “Нийслэлийн цагдаагийн байгууллагын байцаагчаас Нийслэлийн засаг даргын А832-аар тогтоолыг биелүүлэхийг сануулсан. Тийм учраас 00:00-07:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа зарахгүй байх гэсэн тогтоолын хүрээнд ажиллаж байна. Бид хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой аж ахуй нэгж учраас үүргээ биелүүлэх хүрээнд мэдэгдэл гаргасан” гэсэн тайлбарыг өгчээ. Гэтэл иргэд уг асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа олноороо илэрхийлж, шагийнхныг дэмжлээ, хяналтгүй борлуулалт эхэллээ гэх мэтээр бухимдлаа илэрхийлж эхэлсэн байна.

Тэгвэл дээрх тогтоолыг яагаад гаргасан талаар НЗДТГ-аас тодруулахад “Архи, согтууруулах ундааг худалдах цагийн хязгаарыг нийслэлийн засаг даргын захирамжаар шинэчилсэн тогтоол гараагүй. Ямар нэгэн байдлаар цаг өөрчилсөн болон согтууруулах ундаа зарахгүй байх захирамжийг өгөөгүйгэсэн тайлбарыг өглөө.

ЦЕГ-аас яагаад худалдааны цэг, дэлгүүрүүдэд зарж болохгүй гэсэн шаардлага тавьж, үйл ажиллагааг хязгаарлаж байгаа тухай тодруулахад “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтоох тухай А832 захирамж энэ оны зургадугаар сарын 20-ны өдөр гарсан. Энэ захирамжийн  хоёрдугаар хавсралтад хүнсний худалдаа эрхэлдэг нэгжүүд нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдахгүй байх цагийн хуваарийг 00:00-07:00 цаг болгосон. Тиймээс тухайн дэлгүүрүүдэд захирамжийн дагуу захирамжаа биелүүлэхийг сануулсан” гэсэн хариу өгөв.

Юу гэсэн үг вэ? НЗДТГ нь зарж болно, ЦЕГ нь болохгүй гэсэн шийдвэр гаргасан болж таарч байна уу?

Төрийн ийм л уялдаа холбоогүй, ойлгомжгүй, зөрчилдсөн шийдвэрүүд бидний өдөр тутмын амьдралыг улам хэцүү болгож байна. Нэг шугаман удирдлагатай төрийн институцууд нь хэл амаа ойлголцож, иргэд, бизнес эрхлэгчиддээ ойлгомжтой мэдээлэл өгч чадахгүй байгаа нь төрийн механизмийн ямар ур чадваргүй, арчаагүй, сул дорой болсны томоохон илрэл болж байна. Тэгээд ч архитай ингэж тэмцдэг юм биш. Дэлхийн бусад улс орны жишгийг л харчих хэрэгтэй. Дэлхийд соёл хөгжлөөрөө тэргүүлж буй Европ, Америк гэх мэт тэргүүлэгч улс орнууд цагаан архи, виски, конъяк зэргийг л шөнийн цагаар хязгаарлаж, харин вино, пиво, шампанск зэрэг согтууруулах чанар багатай ундааг худалдахыг зөвшөөрч байна.

Хөгжлөөрөө Ази тивээ тэргүүлдэг Япон, Солонгос зэрэг улсууд бүр градусын хязгаарлалтгүй буюу бүх согтууруулах ундааг хоногийн аль ч цагт авах боломжтой байна.

Эсрэгээрээ хөгжил буурай орнууд л архи, согтууруулах ундааг хориглосон янз бүрийн хууль журам баталж, хянах гэж бүтэлгүй оролдлого хийдэг ч энэ нь улам их эрэлт бий болгож, улмаар архидалт нэмэгдэхэд хүргэж байна.

Ер нь эрэлтийг зохицуулахгүйгээр нийлүүлэлттэй тэмцэх нь яагаад ч бүтэхгүй зүйл юм. Архичидаа бууруулахгүйгээр, зөвхөн зарж борлуулж байгаа цэгүүдийг хязгаарлах нь хэрэглээг огт бууруулахгүй, харин ч далд эдийн засаг, сүүдрийн гэмт хэргийн бүлэглэлүүд хөгжих суурь нөхцөл болж өгнө. Нэгэнт албан ёсны зөвшөөрөл бүхий газраас согтууруулах ундаа худалдан авах боломжгүй тул иргэд гар дээрээс, шагийн үнээр архийг худалдан авсаар байх бөгөөд үүнийг дагаад татвар төлдөггүй, далд бизнесүүд хүчээ авна.

Хамгийн харамсалтай нь иргэд эдгээр бүтээгдэхүүнийг авах үедээ гэмт хэргийн хохирогч болох магадлал нь бас өснө.

Нөхцөл байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл зохион байгуулалттай сүүдрийн бизнесийн томоохон сүлжээ буюу дэлхий даяар нэрлэж заншсанаар мафийн сүлжээг Монгол Улсдаа бий болгож байгаа юм.

ТЭГВЭЛ ЗӨВ ШИЙДЭЛ НЬ ЮУ ВЭ?

Ердөө л зах зээлийн зарчмаараа шийдэгдэх боломжийг олгоод худалдааг чөлөөл л дөө. Харин нөгөө архины хамааралтай ард иргэддээ чиглэсэн суртал ухуулга хийвэл ядаж архичид нь ухаардаггүй юмаа гэхэд үр хойч нь энэ үндэсний гамшиг болсон архидалтаас салах үндэс суурь нь болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж