Монголчууд сэтгэл засал, сэтгэцийн эрүүл мэндээ төдийлөн анхаардаггүй. Гэтэл сүүлийн жилүүдэд нийгмийн гаралтай стресс бухимдал, сэтгэл гутрал, донтолт, амиа хорлох тохиолдол эрс нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна.
Тэр дундаа мансууруулах бодисын хамааралтай, байнгын хэрэглэгчийн нас улам залуужиж буйг мэргэжилтнүүд онцлов. Тодруулбал, хамгийн залуу мансууруулах бодис хэрэглэгч 13 настай байх жишээтэй.
Сүүлийн 10 жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг 20-30 орчим хувь өсөх хандлагатай байна. Цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жил энэ төрлийн гэмт хэрэг буурсан ч мансууруулах бодис хэрэглэж буй хүмүүсийн нас улам залуужиж байгаа нь сэтгэл эмзэглүүлнэ.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь аль хэдийнэ мансууруулах бодис хэрэглэж, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсний дараа мэддэг байна.
СУРГУУЛИЙН ОРЧИНД МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
Мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргүүд ихэвчлэн баар, цэнгээний газрууд байдаг ч гудамж талбай, орц хонгил, тэр бүү хэл сургуулийн орчинд мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдол гарчээ.
Энэ оны эхний найман сарын байдлаар нийт 120 гаруй хэрэгт 140 хүнийг холбон шалгаж байна. Нийгмийн статус харгалзахгүйгээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, донтох эмгэг бүртгэгдэж байгаа талаар өнөөдөр /2022.09.13/ болж буй “Монгол улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” үндэсний анхдугаар чуулганы үеэр холбогдох албаныхан онцлов.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Б.Мандухай:
-Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд 15-35 насны хүүхэд,залуучууд мансууруулах бодисыг хэрэглэж, хамааралтай болох нь ажиглагдаж байна. Тиймээс нэгэнт мансууруулах бодисын хамааралтай болсон хүнийг эрт илрүүлж, шаардлагатай тусламжийг үзүүлснээр эмчилгээ хийж, нийгэмшүүлэх нь чухал байна. Мөн эцэг, эх болон багш сурган хүмүүжүүлэгчдийг энэ талаарх мэдлэг мэдээллийг өгч, урьдчилан сэргийлэх зорилтыг тавин ажиллаж байна.
Дэлхийд 100 мянган хүн ам тутамд 11.4 амиа хорлох тохиолдол гардаг бол Монголд 100 мянган хүн ам тутамд 28.4 буюу хоёр дахин их байгаа нь анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байна.
"НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮР ДҮНТЭЙ БОЛНО"
СЭМҮТ-ийн Ерөнхий захирал В.Баярмаа:
-Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал бол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Нийт хүн амын 20-25 хувийг нийгмийн сэтгэл зүйн гаралтай асуудлууд эзэлж байна. Тодруулбал, айдас түгшүүр, гутрал, сэтгэл зүйн эмгэг, архаг ядаргаа, архины хэрэглээ гэх мэт.
Цар тахлын дараа СЭМҮТ-ийн амбулаторийн ачаалал эрс нэмэгдсэн. Мөн архины хэрэглээ, стресстэй холбоотой эмгэгтэй өвчтөний тоо нэмэгдэж байна. Тэр хэмжээгээр эмнэлгийн санхүүжилт сайжирч байгаа ч энэ эмгэгийн хэвтэн эмчлүүлэх аргаар бус нийгэмд хэвийн ажиллаж амьдрах менежментийг хийх шаардлагатай байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль батлагдвал сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ далайцтай, үр дүнтэй болох юм.
"СЭТГЭЦИЙН ЭМГЭГ 10 ДАХИН, АРХИНД ДОНТОХ ЭМГЭГ 40 ДАХИН НЭМЭГДСЭН"
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
– СЭМҮТ-өөс зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг 2019 онд хийсэн. Уг судалгаанд хамрагдсан хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилт, 17.1 хувь нь органик бус нойргүйдэл, 16.2 хувь нь архаг ядаргаа, 11.7 хувь нь биеийн хэлбэрийн эмгэг, 6.2 хувь нь архинд донтох эмгэг, зургаан хувь нь сэтгэл гутралтай байна гэжээ.
1984-1992 онд хийсэн судалгааг өнөөдрийн судалгааг харьцуулахал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн судалгааны дүн гарчээ.
Тиймээс Эрүүл мэндийн яамнаас Сэтгэцийн эрүүл мэндийн зорилтот арга хэмжээний төлөвлөгөөг 2023-2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар мэргэжилтнүүд онцолж байв. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд салбар хоорондоо уялдаа холбоо маш чухал.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ