Эдийн засгийн цагаачлал хийгээд Австрали улсад хууль ёсоор ажиллаж амьдрах боломж

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн цагаачлал хийгээд Австрали улсад хууль ёсоор ажиллаж амьдрах боломж

Гаруда Монгол, виз цагаачлал, зуучлалын үйлчилгээ үзүүлдэг компанийн Австрали дахь толгой компанийн захирал, хууль зүйн ухааны доктор Бордухын Оюунчимэгтэй ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд монголчууд гадаадын улс оронд ажиллаж, сурахаар их явж байна. Ингэхдээ цагаачлалыг ч их сонирхох болсон. Үүнээс шалтгаалж олон хүн эдийн засгийн цагаачлалын талаар ойлголттой болохыг хүсч байна. Тиймээс энэ талаар яриагаа эхэлье.

-Хүн ажил хөдөлмөр эрхэлж, зөвхөн үндсэн хэрэгцээгээ хангаад зогсохгүй, амьдрал ахуйгаа дээшлүүлэх эрмэлзэлтэй байдаг. Хэрэв өөрийн орондоо амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжгүй бол өндөр хөгжилтэй цагийн хөдөлмөрийн үнэлгээ өндөртэй улсад очиж, ажил хийх боломжтой тийм нийгэмд бид амьдарч байна. Тэгэхлээр дайн дажингүй боловч төрлөх нутаг, ядуу буурай амьдралаа орхин нутаг сэлгэн харь улсад ажил хийж, улмаар иргэний харьяалал олж авахыг эдийн засгийн цагаачлал гэж байгаа юм. Ийм цагаачдын нэгдүгээр үе буюу шинэ улс оронд шилжин суурьшиж цагаачид хамаг хүндийг үүрдэг. Тухайн орны хэл ус, ёс заншлыг сайн мэдэхгүй хүмүүс тэр бүр мэргэжлийн ажлаа хийж чадахгүй, аль олдсон ажлыг хийдэг. Харин хоёрдугаар үеийнхэн буюу тэнд бага насандаа очсон, эсвэл тэнд төрсөн хүүхдүүд нь тэндхийн хэл, соёлыг амархан сурч, нэг ёсондоо тэндхийн хүн болно.

Эдийн засгийн цагаачлал нь эерэг болон сөрөг талтай. НҮБ–аас 2021 онд гаргасан судалгаагаар хөдөлмөрийн цагаачид буюу эдийн засгийн цагаачид нь өөрийн орон руу 2006 онд 126 тэр бум доллар шилжүүлсэн гэж тоо байдаг бол 2020 онд энэ нь 702 тэрбум болж өссөн байдаг.

Үүнээс харахад цагаачид нутаг руугаа мөнгөний урсгалыг бий болгодог. Нөгөө талаар эдийн засгийн цагаачдын ихэнх нь өндөр боловсролтой, мэдлэгтэй хүмүүс байдаг тул цагаачилсан улсынхаа эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулдаг.

Нөгөөтээгүүр, эдийн засгийн цагаачлалаас болоод цагаачлуулахаар гаргаж буй улс нь “brain drain” буюу боловсролтой, сэхээтэн давхаргаа алдах эрсдэлтэй байдаг. Ид бүтээх хийх насан дээрээ байгаа хөдөлмөрийн насны залуучуудаас бүрдсэн ажиллах хүч гадагш урсана гэсэн үг.

Би 2017 оноос хойш олон тооны гадаадын болон Монголын иргэдэд Австрали улсад байнга амьдрах виз амжилттай мэдүүлсэн. Ерөнхийдөө ажлын спонсорын виз дийлэнхдээ мэдүүлж байгаа бөгөөд энэ чиглэлээр мэргэшиж байна гэж хэлж болох байх. Эдгээр үйлчлүүлэгчид энэ визийг авснаар амьдрал нь хэрхэн өөрчлөгдөж байгааг харахад сайхан байдаг. Тэд маань баярласан талархсанаа хэлж, урам өгдөг.

-Covid-19-ээс хойш Австралийн цагаачлалын хөтөлбөрт ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-Австрали улсын эдийн засаг олон улсын оюутны зах зээл, аялал зуучлал, гадаадын ажиллах хүчнээс маш их хамааралтай байдаг. Цар тахал өндөр идэвхжилтэй байх үед Австрали улс хилээ хоёр жил хаагаад энэ оны хоёрдугаар сарын 21–нд бүрэн нээсэн.

Австрали улсад түр визтэй байсан олон хүн Covid-19-ийн тархалт өндөр хил хаалттай үед Австрали улсаас гарч явж, нутаг буцсан байгаа. Гэтэл гаднаас хүмүүс орж ирэх боломжгүй байсан. Энэ нөхцөл байдлаас болоод Австрали улсад ажиллах хүчний хомсдол үүссэн.

Энэ жилийн мөн нэг онцлог нь тавдугаар сард Австрали улсын парламентыг сонгох холбооны сонгууль болж, энэ сонгуулийн үр дүнд Скотт Моррисоны удирдсан Либерал нам ялагдаж, Хөдөлмөрийн нам Засгийн эрхэнд гарсан. Ингэснээр 2013 оноос хойш тасралтгүй засгийн эрхийг барьж байсан Либерал намын явж явуулж байсан бодлого, хууль журмыг өөрчлөх үндэслэл үүслээ. Хөдөлмөрийн намыг цагаачдад ээлтэй нам гэж үздэг. Тиймээс Либерал намын үед барьж байсан “Guest Worker State” буюу Австрали улсад түр ажиллах хүчийг дэмжсэн бодлогоос зайлсхийж, Австрали улсад ажиллаж хөдөлмөрлөж буй хүмүүс байнгын оршин суугч болох, энэ улсын иргэн болох боломжтой болох тэр чиглэл руу одоо явах гэж байна. Энэ бол хөдөлмөрийн цагаачдын хувьд яах аргагүй чихэнд чимэгтэй мэдээ байх аа.

Шинэ засгийн газар ажлын байрны чуулганг саяхан зохион байгууллаа. Энэ чуулганаар хэд хэдэн чухал өөрчлөлтүүдийг танилцуулсан юм. Нэг чухал өөрчлөлт нь Ажиллах хүчний хомсдолыг арилгах зорилгоор 2022–2023 оныг цагаачлалын жил болгож Австрали улсад жилд хүлээн авах цагаачид буюу байнгын визтэй хүмүүсийн тоог 35 мянгаар нэмэгдүүлж, 195 мянган хүн авахаар болов.

Энд нэг зүйл нэмж хэлэхэд Викториа, Шинэ Өмнөд Уэльс, Өмнөд Австрали зэрэг мужууд Австрали улсын дотор байгаа хүмүүсийг биш, хилийн гадаа байгаа ур чадвартай мэргэжилтнүүд, залуучуудыг оруулж ирэх сонирхолтой байгаа нь харагдаж байгаа.

Харин оюутнуудад дуулгах нэг сайхан мэдээ нь ажлын байрны хомсдолтой байгаа зарим салбарт хамаарах мэргэжлээр төгссөн тохиолдолд нэмж хоёр жилийн төгсөлтийн дараах виз олгохоор болж байна.

Ямар мэргэжлээр сурсан эсвэл сургалтад хамрагдсан тохиолдолд ийм уртасгасан төгсөлтийн дараах виз авах вэ гэвэл одоогоор сувилагч, компьютерын мэргэжилтнүүд, инженерүүдэд хамаарах байх гэсэн таамаг байна. Энэ мэргэжил, сургалтын жагсаалт удахгүй гарахаар бүр тодорхой болно. Мөн оюутан болон дадлагын визтэй байгаа хүмүүсийн ажиллах эрхийг 2023 оны зургадугаар сарын 30 хүртэл хязгаарлахгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл гадаадын оюутнууд ажиллах цагийн хязгааргүйгээр бүтэн цагаар ажиллах боломжтой гэсэн үг.

-Монголчууд Австралид бизнес хийж, виз аваад амьдрах боломж хэр өндөр вэ?

-Бизнес олон жил эрхэлсэн туршлагатай, түүнийгээ санхүүгийн тайлан болон татварын орлогоороо батлах боломжтой хүмүүс Австрали улсад бизнес, хөрөнгө оруулалтын виз авах  боломжтой. Ийм виз авснаар Австрали улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлээд зогсохгүй, өөрсдөө байнга амьдрах виз аван оршин суух, үр хүүхдээ улсын дунд сургуульд үнэгүй сургах, бакалаврын хөтөлбөрт дотоодын оюутнуудын ижил үнээр сургах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэг олон боломжууд бий болдог.

Миний хувьд хуульч мэргэжилтэй, олон улсын байгууллага, гадаад, дотоодын компаниудад ажилласан туршлага байгаа учраас үйлчлүүлэгчдэдээ зөвхөн визний үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, бас бизнесийн бүтэц, төрлийн талаар болон бизнесээ хэрхэн бүртгүүлж, үйл ажиллагааг эхлүүлэх тал дээр өөрийн туршлагаас хуваалцах боломжтой.

Миний нэг хүсэл бол Монгол бизнесийг Австрали шиг том зах зээлд гаргахад туслах, мөн олон залуучуудыг гадагшаа гарч ажиллах, хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлэх боломжийг бий болгох хүсэл байдаг. Энэ бүхэн эргээд Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулна. Ийм учраас би болон санаа нийлсэн хэдэн найз нөхдийн хамт Австрали, Монголын Бизнес Консул гэдэг байгууллагыг байгуулсан. Энэхүү байгууллага нь Австрали болон Монгол улсад бизнес эрхлэх боломжийг нээн илрүүлэх, бий болгох, бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд туслах зорилготой 2 улсын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Жил бүр Монголын олон олон залуучууд Австрали улсыг зорин ирж байна. Эдгээр залуусын зарим нь Австрали улсад өөрийн бизнесийг нээж, бас ч үгүй амжилтад хүрч, бусад олон залуучуудад үлгэр дуурайлал болж, урам өгч байна.

Мөн хоёр орны бизнес эрхлэгчдийн зүгээс аялал зуучлал, ноос ноолуур, нэхмэл бүтээгдэхүүний импорт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтран ажиллах саналууд ирж байна.

Австрали, Монголын Бизнес Консул нь Австрали, Монгол бизнесүүд харилцан туршлага судлах, санал санаачлагаа хуваалцах бизнес хөдөлмөрийн аюулгүй байдал бий болгох, Австрали, Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх хамгийн сүүлийн үеийн үйл явдал, мэдээ, мэдээллийг түгээх, сургалт, вебинар, уулзалт, семинар зохион байгуулах, гишүүн байгууллага, бизнес эрхлэгчдэд шинэ зах зээлд нэвтрэх, бизнесийн өсөлт бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ байгууллага маань удахгүй арга хэмжээнүүдээ явуулж эхэлнэ.

-Австралид визний зөвлөгөө өгөх, виз зуучлан мэдүүлэх үйлчилгээг зөвхөн тусгай зөвшөөрөл авсан хүмүүс эрхэлж явуулах эрхтэй гэж ярьдаг. Манай улсад  Австрали улсын визний үйлчилгээг цөөнгүй газар үзүүлж байгаа,. Мөн сургуульд зуучилдаг агентлагууд ч олширч байна. Тэгэхлээр тэдгээр агентлагууд бүгд тань шиг эрх аваад ажиллаж байгаа гэсэн үг үү?

-Харамсалтай нь тийм биш. Монгол Улсад боловсролын зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа агентлагууд өөрийн гэсэн виз, цагаачлалын зөвлөхгүй байдаг. Оюутны визний үйлчилгээг боловсрол зуучлалын агентлагууд үнэ төлбөр авахгүйгээр оюутнаа төлөөлж болно. Энэ тохиолдолд Маягт 956А гэж бөглөөд зөвхөн Цагаачлалын албанаас ирсэн бичиг захидал дамжуулах үүрэгтэйгээр оролцох ёстой бөгөөд визний зөвлөгөө өгөх, үйлчилгээний төлбөр авах ёсгүй.

Гэтэл зарим боловсрол зуучлалын агентлагууд төлбөртэй үйлчилгээ явуулаад дээр нь өөр төрлийн визний үйлчилгээг үзүүлэхээр зарлан сурталчилж байгаа нь хууль зөрчсөн хэрэг юм.

Сүүлийн үед хүмүүс виз цагаачлалын зөвлөх эрхтэй агентлаг, эрхгүй агентлагийн ялгааг ойлгодог болсон санагдаж байгаа. Манайхыг зорьж ирэн виз мэдүүлэх хүмүүсийн тоо ч ихэсч  байна,. Мөн өөр агентлагаар урилгаа авсан хэр нь танаар визээ мэдүүлье гэдэг хүмүүс их байдаг. Виз цагаачлалын албан ёсны зөвлөхөөр визээ мэдүүлэхийн давуу тал нь аливаа визний өөрчлөлт, шинээр гарсан хууль тогтоомжийн талаар мэдээллийг хамгийн түрүүнд авч, үйлчлүүлэгчдэдээ зөв тайлбарлаж, зөвлөж чаддаг.

Хамгийн чухал нь виз цагаачлалын албан ёсны зөвлөхүүд нь ёс зүй, сахилга батын хариуцлага мэргэжлийн байгууллагын өмнө хүлээж, мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байдаг тул алдаа гаргасан тохиолдолд танд учирсан хохирлыг даатгалын байгууллагаас нөхөн гаргуулж, хохиролгүй болгож өгч чадна.

Нэг тийм тохиолдол гарч байсан юм. Нэг үйлчлүүлэгч надад хандаад боловсрол зуучлалын агентлаг нь үнэн биш, буруу мэдээлэл визний өргөдөлд нь өгснөөс болоод виз нь татгалзаад дахиж виз мэдүүлэх боломжгүй болсон байсан. Тэр үйлчлүүлэгч хохирлоо төлүүлэх гэж оролдож, хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах байгууллагад хандсан боловч та өөрөө зөвшөөрөлгүй газраар үйлчлүүлсэн учир ямар нэг арга хэмжээ авах боломжгүй гэсэн хариу өгсөн байсан.

-Энэ тохиолдолд шүүхэд хандах боломжтой юу?

-Шүүхэд хандаж болох боловч энэ нь маш их цаг авч, их хэмжээний төлбөр гарах шаардлагатай болдог учир хүмүүс тэр бүр шүүхдэлцээд яваад байдаггүй. Тиймээс өөрсдөө хохироод үлддэг.

-Тэгвэл гадаадын улс оронд тэр дундаа Австралид сурах, хөдөлмөрлөх, амьдрах сонирхолтой залууст хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ? Эдгээр хүмүүс виз мэдүүлэхдээ, зуучлалын байгууллагад хандахдаа юунд анхаарах нь зүйтэй вэ?

-Хэрэв Австрали улсад маш хэрэгцээтэй байгаа мэргэжлийг эзэмшсэн, англи хэлээр мэргэжлийн түвшинд чөлөөтэй ярих чадвартай, мөн насны хувьд 35 нас хараахан хүрээгүй бол Австрали улсад ажиллах, ур чадварын визний хөтөлбөрт оролцох боломж бий. Австрали улсад маш олон орноос залуучууд ирж ажиллаж, амьдрах хүсэлтэй байдаг учраас өрсөлдөөн бол үргэлж байдаг. Гэхдээ зөв төлөвлөж, эрт эхэлбэл зорьсондоо хүрч чадна.

Хамгийн чухал нь хүн өөрөө хүчин чармайлт гаргах ёстой. Манай зарим залуучууд би ажлын спонсорын виз авмаар байна, Австрали улсад очиж сурмаар байна гээд яваад байдаг. Нэг жилийн дараа хоёр жилийн дараа уулзахад тэр хүсэл нь хэвээрээ гэхдээ нөгөө хэлээ сайжруулаагүй, хүчин чармайлт гаргаагүй л байдаг.

Мэдээж өөрийгөө дайчлан хэлээ сайжруулаад ажиллаж байгаа компаниа сайжруулаад дэвшил гаргаад явж байгаа залуучууд байна, бахархмаар. Хэлтэй, хувийн сургууль төгссөн залуучууд нь болохоор Америк, Англи улсыг илүү сонирхож байх шиг байна. Тийм залуучуудад хэлэхэд Австрали бол тэдгээр орноос дутахгүй боломжтой, өндөр хөгжилтэй, тайван аюулгүй орон шүү. Энд олон улсын том компаниудад ажиллах боломж байна. Тухайлбал, манай охин гэхэд Америкийн онгоц үйлдвэрлэгч Боинг (Boeing) компанид программ хангамжийн инженерээр төгсөхөөсөө өмнө ажилд ороод одоо Гүүгл (Google) компанийн Австрали дах салбарт ахлах инженерээр ажиллаж байна. Ингэж Үндэс дамнасан томоохон компаниудад ажиллаж, карьер хийж байгаа залуучууд цөөнгүй байна.

Энэ дашрамд хэлэхэд манай агентлаг өөрийн оффисыг Улаанбаатар хотод нээн ажиллуулаад эхэлсэн байгаа. Хэрэв та өөрийгөө Австрали улсын ажлын, ур чадварын, бизнесийн, хөрөнгө оруулалтын зэрэг виз авах боломжтой гэж үзэж байгаа, хэлний оноогоо авсан бол манай Монгол дахь оффистой ярьж цаг аван, өөрсдийн боломжийг тодорхойлуулж болно. Анхан шатны зөвлөгөөг бид үнэ төлбөргүй өгөх бөгөөд хэрэв өөрийн чинь нөхцөл нэлээд боломжийн байгаа тохиолдолд цаашид PR төлөвлөгөө буюу Австрали улс руу миграци хийх төлөвлөгөө гарган ажиллах боломжтой.

Бидэнтэй холбогдох бол

Монгол дахь хаяг:

Гаруда Монгол агентлаг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

Сеүлийн гудамж, Твин Тауэр 2 оффисын  8 давхрын 805 тоот

Имэйл: info@garudamigration.com

Утас: 7775 7722

Фейсбүүк хаяг: Гаруда Монгол

Австрали дахь хаяг:

Garuda Migration

Suite 502, Level 5, 147 King St, Sydney, NSW 2000

Утас: 02 9011 7722

Email: info@garudamigration.com

Фейсбүүк хаяг: Garuda Migration

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж