Олон улсын байгууллагуудаас гадаад орчны төлөв оны эхэнд хийсэн төсөөллөөс тасралтгүй муудаж, цаашид ч хэвээр үргэлжлэхээр буйг анхааруулж байна. Тухайлбал, 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл энэ оны эхэнд 4.4 хувь байсан бол шинэчлэгдэх бүрд муудсаар, наймдугаар сард хийсэн төсөөллөөр 3.0 хувь болж буурчээ. Үүнд АНУ, БНХАУ, Евро бүс, ОХУ зэрэг глобал эдийн засгийн өсөлтийг тодорхойлогч томоохон улсуудын эдийн засгийн өсөлт буурсан нь ихээхэн нөлөөлж буй.
Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа ирэх онд дэлхийн улс орнууд амаргүй сорилтуудтай нүүр тулах нь тодорхой байгаатай холбоотойгоор зарим орны авч хэрэгжүүлж эхэлсэн бодлогыг онцолж байна.
Глобал эдийн засгийн тоймд мэдээлснээр, томоохон судалгааны байгууллагууд:
- ОХУ-Украины мөргөлдөөн
- Өндөр савлагаатай байгаа түүхий эдийн үнэ
- хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлт
- БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас илүү эрчтэй саарсан
- Улс орнуудын хэрэгжүүлж буй мөнгөний бодлогоо хатууруулах чиглэлд хурдтай өөрчилж буй зэрэг олон хүчин зүйл нийлээд дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах чиглэлд хөтөлж байгааг онцолжээ.
Холбооны нөөцийн банк хүүгийн түвшнээ энэ онд 3.00-3.25 хувь хүртэл нэмэгдүүлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь бодит цалингийн өсөлт сөрөг байгаа өнөөгийн нөхцөлд 2023 оноос АНУ-д эдийн засгийн хямрал дагуулж болзошгүй аж.
БНХАУ-ын эдийн засгийн хувьд “Тэг Covid” бодлого 2023 онд мөн үргэлжлэх төлөвтэй байгааг судлаачид дурджээ. Урд хөршийн улсын төсвөөс үзүүлэх дэмжлэг өмнө хүлээгдэж байснаас бага нөлөөтэй байх тул энэ оны өсөлт 4 хувиас давж гарахааргүй байгаа аж.
Хятад улсын Covid-19 цар тахлын хүрээнд баримталж буй тааварлашгүй, гэнэтийн бодлогын шийдвэрүүд 2022 оны туршид ажиглагдаж, улмаар олон улсад тодорхой бус байдлыг үүсгэнэ гэж үзсэн байна. Үүний зэрэгцээ түүхий эдийн үнэ огцом өсч, эрчим хүчний зах зээлийн нийлүүлэлт доголдож буйгаас гадна хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийн өсөлт дэлхий даяар хүнсний аюулгүй байдал, нэн ядуурлыг улам даамжруулахад нөлөөлсөөр байгаа юм.
БНСУ ХҮН АМЫНХАА ТЭН ХАГАСТ ТЭТГЭМЖ ОЛГОХООР ЗОРЬЖ БАЙНА
БНСУ-ын Сангийн яам өнгөрсөн долоо хоногт төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалах бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Ирэх 2023 оны жилийн нийт төсвийг 639 их наяд вон байх санал гаргасан байна. Энэ нь тус улсын Засгийн газар сүүлийн 13 жилийн хугацаанд анх удаа төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж, танах бодлого баримталж буй тохиолдол аж.
Ирэх оны улсын төсөвтөө нийгмийн халамж, эрүүл мэнд болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж 227 их наяд төсөвлөсөн нь өмнөх онтой харьцуулахад 4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
БНСУ-ын Засгийн газар иргэдийнхээ амьжиргааны өртгийн дарамтыг бууруулах зорилгоор ирэх 2023 онд 74 их наяд вон буюу 53.4 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв. Түүнийг бага орлоготой өрх, өндөр настан, эмзэг бүлгийн иргэдээ дэмжихэд түлхүү зарцуулах юм байна. Тус улсын Засгийн газар энэ дэмжлэг туслалцааг үзүүлсэн тохиолдолд 51 сая хүн амтай БНСУ-ын бараг тал хувь буюу 21 сая хүн улсаас тэтгэмж авах аж. Тодруулбал, ирэх оны төсөвтөө улсын хэмжээнд буй амьжиргааны түвшин доогуур орлоготой 3.7 сая айл өрхөд 21.2 их наяд вон (өнөөдөр 18 их наяд вон) зарцуулахаар тусгажээ.
Мөн хүүхдүүд болон ахмад настнуудад 23 их наяд воны дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа үйлчилгээнд зориулж 5.8 их наяд вон зарцуулахаар тус тус төлөвлөсөн байна. Хөх ордон 6 сая залуусыг баталгаатай ажлын байраар хангах, мөн өөрийн эзэмшлийн байр орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх үүднээс 24 их наяд вон зарцуулахаар тооцоолжээ.
ТОМ ХОТЫН ГУДАМЖИНД ХАРАНХУЙ НОЁЛЖ БАЙНА
Оросын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж буйтай холбоотойгоор сүүлийн саруудад Европын орнуудад цахилгаан эрчим хүчний үнэ огцом нэмэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард Их Британийн эрх баригчид эрчим хүчээ хэмнэхийн тулд гэрийнхээ гэрэл, термостатыг унтраахыг иргэдээсээ хүссэн. Улмаар Берлиний эрх баригчид цахилгаан хэмнэхийн тулд Бранденбургийн хаалга, Сенатын байр зэрэг олон нийтийн объектын гэрэлтүүлгийг шөнө дундаас хойш унтраахаар шийдсэн билээ.
Польш улс цахилгаанаа хэмнэхийн тулд гудамжны гэрэлтүүлгийг унтрааж эхэлжээ. Польшийн Люблин мужийн Тшебешов хотод цахилгаан эрчим хүчний үнэ огцом нэмэгдсэний улмаас орон нутгийн удирдлагууд мөнгө хэмнэхийн тулд гудамжны гэрэлтүүлгийг унтраасан тухай “Полсат телевиз” мэдээлэв.
Тэд хэмнэлт хийхийг хүссэн тул нар жаргаснаас хойш хотын гудамжинд харанхуй “ноёрхож” эхэлсэн байна. Сэтгүүлчид тосгоны хэд хэдэн оршин суугчтай ярилцлага хийжээ. Зарим иргэд амьжиргааны түвшин буурч, гэмт хэргийн гаралт ихсэх вий гэж эмээж буйгаа илэрхийлсэн бол зарим нь эдийн засгаа аврахын төлөө “гэрлийн хомсдол”-ыг тэвчихэд бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: YONHAP, TELEGRAPH, AIF, WORLD BANK
Холбоотой мэдээ