Холбирдоггүй холбон тоглогч

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

76:1

Холбирдоггүй холбон тоглогч

Холбирдоггүй холбон тоглогч

NEWS агентлаг  энэ удаагийн 76:1 буландаа Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхланг онцолж байна.


Дархан-Уул аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байгаа Б.Жавхлан нь банкны салбараар мэргэшсэн улстөрч. Ажлын гараагаа Монголбанкнаас эхэлж, банкны салбарт 1997 оноос хойш ажилласан учраас энэ танхим дотроо эдийн засаг, банкираар мэргэшсэн хүн гэж түүнийг тодорхойлж болно. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа бүрдүүлэхдээ төсөв, санхүүгийн асуудлаа түүнд даатгасан нь учиртай.

Covid-19-ийн цар тахлын үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засгийн маш хүнд сорилт, амаргүй цаг үеийг туулж байгаа. Чухам ийм цагт төсөв, санхүүгийн бодлого баригчаар Б.Жавхлан ажиллаж байгаа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын олон галыг “хамгаалж” байгаа, тэр.

Ялангуяа төсвөө хоёр ч удаа тодотгож, төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх замаар төсвийн ачааллыг бууруулах, хөрөнгө оруулалтуудыг царцаах зэрэг санаачлагууд ч Б.Жавхлангийн санаа байсан. Түүгээр зогсохгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн Оюутолгойн хэлэлцээр, “сахал” Д.Эрдэнэбилэгтэй эхлүүлсэн Эрдэнэт үйлдвэр, Дархны төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл, Худалдаа хөгжил гээд олон хэлэлцээрүүдэд Сангийн сайдын хувьд тэр чухал үүрэгтэй оролцсон. Гай, гавьяа нь гарах цаг хугацаа нь болоогүй ч тэр эдгээр томоохон хэлцлүүдийн автор нь. Сайд бүр салбартаа шинэчлэл, өөрчлөлт хийдэг жамаар тэр ч бас Хөгжлийн банк, Татвар гээд өөрчлөлтүүд, халаа, сэлгээ хийсэн. Гэхдээ түүний “оролдож” чадаагүй нэг салбар бол гааль.  Хамгийн их авлига, албан тушаалын асуудал яригддаг гаалийн салбар Сангийн яаманд харьяалагддаг боловч одоо ч “Сү”-ийн фракцийнхан “эзэн суусаар” байгаа хэмээн шүүмжлэх хүмүүс олон бий.

Улстөрчийн хувьд Б.Жавхланг “холбон тоглогч” гэж тодорхойлж болно.

Анх түүнийг улстөрд хөтөлсөн, нутгийн дүүгээ банкны салбараас улс төрд “урвуулсан” хүн нь У.Хүрэлсүх гэдэг.  Түүгээр зогсохгүй тэр УИХ-ын дарга Г.Занданшатартай тун ойр. Харин энэ цаг үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “гал хамгаалагч”. Тиймээс түүнийг төрийн гурван өндөрлөгийн “холбогч” гэж болно. Үеийн үед төрийн гурван өндөрлөг нь нэг зүгт харах, тэднийг хооронд нь холбох бүлэг фракц, улстөрч байсаар ирсэн ч энэ удаад Б.Жавхланг амаргүй цаг үед маш сайн “холбогч” хийж байгааг улс төрийн хүрээнийхэн мэддэг, ярьдаг. Ялангуяа цар тахлын үед төрийн гурван өндөрлөг нэг санаа, нэг зорилготой байх, төсөв санхүүгээ захиран зарцуулах улсын орлого, гадаад бодлого гээд олон зүйл дээр нэг зүгт харах шаардлага үүссэн. Тиймээс төсөв, мөнгөн дээр нь нэг бодлогод зангидах ажлыг тэр хийж байгаа, цаашид ч хийсээр байна. Эрх баригчид эрх мэдлийн хуваарилалт хийж, “давхар дээл” нэрийн дор Засгийн газрын бүтцээ өөрчлөхөд энэ засагт үлдэх хүний тоонд Б.Жавхлан орж байв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын галыг хамгаалснаараа, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын хүссэнчлэн тэр Сангийн сайдаараа үлдсэн.

БОЛДЫН ЖАВХЛАНГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль
  • 1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль
  • 1997 онд Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч
  • 2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль
  • 2009 онд АНУ, Индианагийн их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
  • 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч
  • 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
  • 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
  • 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч
  • 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Нутгийн удирдлагын дэд хорооны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2021 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

ШАГНАЛ:

  • 2014 онд Алтан гадас одон
  • 2018 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж