Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд 11 дэх удаагийн “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд “Степпе Арена” буюу “Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах юм.
Тус үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Оюу Толгой” ХХК ажиллаж байна. Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө, мөн энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв болох хариуцлагатай уул уурхайн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” худалдан авалтын бодлого, тавигдах шаардлагын талаар ханган нийлүүлэгчдэд мэдээлэл хийх юм байна.
“Мongolia Mining 2022” олон улсын үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 200 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчлах юм. Мөн олон улсын байгууллагууд өргөнөөр оролцохоор болжээ. Тэр дундаа ОХУ, Канад, Их Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг 10 гаруй орны 100-гаад байгууллага уг үзэсгэлэнд оролцох аж.
Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан болон үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Зочдыг урьдчилсан бүртгэлийн дагуу мандат олгон, мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд гол хаалган дээр бүртгэн оруулах юм байна. Үзэсгэлэн гаргагчид, зочдод зориулан үнэгүй автобусаар “Шангри-Ла” зочид буудлаас цаг тутам үйлчилнэ. Үзэсгэлэн есдүгээр сарын 21- нээс 23-ны өдрүүдэд 10:00-16 цаг хүртэл ажиллах юм байна.
Холбоотой мэдээ