"Сурах бичгийн түгээлтийг энэ долоо хоногт шийднэ"

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

"Сурах бичгийн түгээлтийг энэ долоо хоногт шийднэ"

"Сурах бичгийн түгээлтийг энэ долоо хоногт шийднэ"

Энэ хичээлийн жилд сурагчдын тоо нэмэгдэж, үүнийгээ дагаад сурах бичгийн хэрэгцээ хоёр дахин нэмэгдсэн байна. Тиймээс сурах бичгийн хүрэлцээ, хэрхэн түгээх талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас тодрууллаа.

-Сурах бичгийн хүрэлцээ хэр байна вэ. Дунд, ахлах ангийн сурах бичгийн түгээлтийг энэ сарын 15 гэхэд дуусгана гэж байсан, хугацаандаа түгээлт дуусах уу? 

Сурах бичгийн хувьд бага ангийн сурах бичгийн түгээлт есдүгээр сарын 1-нд дууссан. Дунд, ахлах ангийн нөхөн хангалтын сурах бичгүүд тараагдаж байна. Үндсэндээ ерөнхий гэрээгээр ажилладаг хэвлэлийн компаниуд үнийн өсөлттэй уялдуулан 40-60 хувь үнээ өсгөнө гэсэн тул хугацаа алдсан. Үүнийг энэ долоо хоногт багтаан хэвлэлийн компаниудтай хийсэн гэрээнүүдийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ жилийн сурах бичгүүдийг системд шилжүүлж байгаа. Сурах бичиг нэг бүрчлэн кодтой байх учраас хэнд, хэдий хугацаагаар сурах бичиг байгааг мэдэх боломжтой болно. Тиймээс сурах бичгийн хүртээмж сайн байх болно. 

-Сурах бичиг хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа вэ? Зарим эцэг, эхчүүд сурах бичгийн тараах хугацааг хүлээлгүйгээр худалдан авах саналтай байдаг. Энэ тал дээр яаж ажиллаж байгаа вэ?

-Бага ангийн хүүхдүүд сурах бичгээ үнэ төлбөргүй сургуулийн номын сангаар дамжуулж авна. Дунд ангийн сурагчид 15000-18000 төгрөгөөр 13 төрлийн номыг түрээсэлдэг. Ингэхдээ дунджаар нэг номыг 1000 төгрөгөөр бүтэн жил ашигладаг. Харин улсаас ном зардаггүй учраас түрээслэхгүйгээр худалдаж авах бол сурах бичгийн хүрэлцээ хэр байгаа талаар мэдээлэл байхгүй. Харин нөхөн хангалтын сурах бичиг сургуульд хүргэгдэх хүртэл түрээсийн сурах бичиг авч амжаагүй бол https://medle.mn/ цахим талбарын "Суралцагч" цэсэд хандан цахим сурах бичгээ хэрэглэхийг зөвлөж байна. 2019 онд зарим сурах бичигт сайжруулалт хийсэн бөгөөд 2020, 2021, 2022 онд хэвлэгдсэн нэг нэрийн сурах бичгүүд нэг эхээр хэвлэгдсэн тул хуудас, дасгалын дугаар зөрөхгүй.

-Энэ хичээлийн жилд нийт хэдэн сурах бичиг хэвлэлтээс гарсан бэ?

  • Бага ангийн 29 нэрийн 1,196,000 ширхэг сурах бичиг,
  • Нэгдүгээр ангийн казах хэлний, таван нэрийн 12,500 ширхэг,
  • Тусгай хэрэгцээт боловсролын 2,500 ширхэг
  • Дунд, ахлах ангийн 102 нэрийн 1,048,500 ширхэг сурах бичиг, нийт 2,259,500 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлсэн.

Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 98 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх хүрээнд БШУ-ны сайдын 2019 оны А/302 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ыг баталсан байдаг.

Энэхүү журмын дагуу 6-12 дугаар ангийн сурагчид хичээлийн жилийн туршид 10-17 нэр төрлийн сурах бичгийг багцаар нь 12,400-21,000 төгрөгөөр түрээслэн хэрэглэж байгаа аж.

Б.Ундрам 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж