Иргэн Ж.Болорчимэг нийслэлийн 28 дугаар сургуульд үдийн цай нийлүүлэхээр гэрээ хийсэн. Нэг сурагчийн үдийн цайг 1500 төгрөгөөр бодон гэрээ хийсэн хэдий ч тус сургуулийн удирдлага 850 төгрөгийг нь хувааж авсан талаар мэдээлсэн юм. Ингээд түүнээс зарим зүйлийг тодруулж, ярилцлаа.
-Анх нийслэлийн 28 дугаар сургуультай "Үдийн цай" хөтөлбөрт хэрхэн хамтран ажиллахаар тохиролцсон бэ. Сургуулийн удирдлага гэрээнд тусгасан 1500 төгрөгийг яагаад бүтнээр нь өгөөгүй юм бэ?
-Би нийслэлийн 28 дугаар сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт түр орлон гүйцэтгэгчээр дөрөв хоног нийлүүлэлт хийсэн. Улсаас энэ хөтөлбөрт нэг хүүхдийн 1500 төгрөг төсөвлөсөн байдаг. Гэтэл тухайн сургуулийн зүгээс 650 төгрөгөөр нийлүүлж, 850 төгрөгийн зөрүүг сургуулийн захирал, нягтлан бодогч, нярав гурав нь авна. Үүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 2022 оны есдүгээр сарын 12-нд манай сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад дэмжинэ гэсэн. Манай компанийн зүгээс гэрээ байгуулж, сургуулийн 1600 хүүхдэд үдийн цай нийлүүлэх гэж байтал дундаас нь 850 төгрөг байхгүй, Төрийн санд манай гэрээ очоогүй байсан.
Энэ мөнгийг сургуулийн удирдлага авч, хууль зөрчсөн нь үнэн. Би нэг хүүхдэд ногдох “Үдийн цай” хөтөлбөрийн 1500 төгрөгнөөс хууль бусаар хулгай хийсэн тухай л олон нийтэд дэлгэн тавьсан.
Сургуулийн захиргаа энэ үйлдлээ тайлбарлахдаа “Тэр хүний нийлүүлсэн боорцогны үнийг л өгсөн” гэсэн. Тэгвэл бусад мөнгө нь хайчсан юм бэ. Яагаад хувиасаа хүмүүс мөнгө өгч, аваад байна вэ. Төрийн сангаар дамжуулж, компанийн данс руу шилжих ёстой шүү дээ.
-Та одоо нийслэлийн 28 дугаар сургуульд үдийн цай нийлүүлж байгаа юу?
-Би энэ асуудлыг энэ хүртэл нь явна гэж бодоогүй. Залуу хүнийхээ хувьд шантарч, эх хүнийхээ хувьд шархалсан. Би өөрийнхөө гараар ийм муухай зүйлд хутгалдахаас эмзэглэсэн учраас өөрийн фэйсбүүкээр дамжуулан баримтыг дэлгэж, зогсоохоор шийдсэн.
Би хэрвээ үүнийг мөнгөний төлөө хийсэн бол 12 хоног чимээгүй байж байгаад хэлэлцсэн мөнгөө авах байсан. Гэтэл би өнөөдөр тав дахь хоногоосоо тус сургуультай байгуулсан гэрээгээ зогсоож байгаа. Сургуульд бүтээгдэхүүн нийлүүлж байхад 100 литр тогоонд сүүтэй цай буцалгаж, савнуудад хийгээд крантны хүйтэн усаар хөргөж байсан. Үүнийг хараад яаж дуугүй өнгөрөх юм бэ.
-Яагаад тендерт оролцохгүй материалаа татаж авав. Танд ямар нэгэн дарамт үзүүлэв үү?
-Би өнөөдөр /2022.09.12/ тендер сонгон шалгаруулалтад материалаа өгөх ёстой байсан. Гэвч би ийм асуудлыг гаргаж тавьсан учраас шантааж хийсэн гэдэг нэр зүүхгүй нь тулд материалаа татан авч байна. Цаашдаа олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй нь тулд би тендерийн материалаа татаж авлаа. Ер нь Монголд жирийн иргэд тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүд ажил хийхэд үнэхээр их бэрхшээлтэй тулгарч байна.
-Танай “Болор Есүй” компани өмнө нь энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай компани уу?
-“Үдийн цай” хөтөлбөрт манай компани анх удаагаа орж байгаа. Өнгөрсөн 2019 оноос төслөө хэрэгжүүлж, 2021 онд сонгон шалгаруулалтад орох материалаа бүрдүүлсэн. Цар тахлын үед компаниа дампууруулахгүйн тулд төрийн шалгуурыг давахын тулд хоёр жил бэлдсэн. Энэ жил Сонгинохайрхан дүүргээс жижиг дундын бизнесийн санхүүжилт авч, өөрийн бизнестээ хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг худалдан авсан.
Сая тэгээд “Үдийн цай” хөтөлбөрийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, тендерт оролцохоор материалаа өгөөд байсан юм.
Би өөрийн компаниа 2006 онд байгуулж, 2019 онд нарийн боов үйлдвэрлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн сонгон шалгаруулалтад орохын тулд ажлын байраа бэлдэх, төрийн байгууллагуудын зөвшөөрлөөс авахуулаад, ажиллах хүч, санхүү хөрөнгөөс эхлээд цаг хугацаа их шаардсан. Ядаж л 3-4 ажилтныхаа нийгмийн даатгалыг улсад төлж байх ёстой. Тэр заалтыг биелүүлэхийн тулд маш хэцүү шалгуурыг давж ирсэн.
-Цаашдаа энэ чиглэлээр ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах уу?
-Би маш их шантарч байна. Үнэнч шударгаар бизнес эрхлэе гэхээр нярав нягтлан, захирлаасаа эхлээд дарамталж байна. Энэ асуудлыг дэлгэснээрээ сэтгэл зүйн дарамтад орж, чатаар заналхийлж, энэ асуудлаар хүмүүсийг талцуулж байгаадаа шархалж байна. Би өөрөө өрх толгойлсон ээж. Хүүхэд маань ээжээ “Багш нэг бичлэг үзээд байсан чинь таны дуу гараад байсан” гэж хэлж байна. Хүүхдийн сэтгэл зүйд хүртэл сөргөөр нөлөөлж байна. Цаашдаа би ямар ч байсан энэ асуудлыг ил болгосон учраас өнөөдрөөс эхлэн тэмцэнэ. Би өнөөдөр бүх баримтаа Авлигатай тэмцэх газарт өргөдөл гомдолоор өгч, 11-11 төвд хандсан. Энэ асуудлыг иргэд өөрсдөө эхлэхгүй бол үргэлжлээд байх юм байна.
Нэг хүүхдийн аяга хоолноос 650-850 төгрөг хумсална гэдэг аймшигтай. Ямар шунал гэхээрээ ингэж бөх зүрхтэй хулгай хийж байна аа. Би энэ асуудлыг илчилсэндээ огт харамсахгүй байна. Эхний хэд хоног л сэтгэл зүйн дарамттай байлаа.
Ер нь энэ асуудал зөвхөн нийслэлийн 28 дугаар сургуулийн асуудал биш. Энэ тендер аалзны тор шиг болсон. Нэг тендерт оролцсон компани “Үдийн цай” хөтөлбөрийн найман тендер авчихсан байх жишээтэй. Иргэн бид нэг тендер ч авч чадахгүй байхад нэг компани яаж шалгарч байна вэ. Нөгөө талдаа сургуулийн үдийн цай хөтөлбөрийг төрд шилжүүлнэ. Сургууль өөрсдөө ажилчдаа цалинжуулж, ажилд авна гээд байгаа.
Улсын сургууль өөрсдөө ажиллуулж буй газрыг судалж, танил хүмүүстэйгээ уулзахад бас будлиантай. Бүтээгдэхүүн худалдан авалтаа сургуулийн захиргаа хариуцдаг. Захирал нь сургуулийн сурч боловсрох эрүүл орчин, сургалтын арга зөвлөгөөнд анхаарах ёстой байтал хүнсний захуудаар яаж хямд үнэтэй бараа материал авах вэ гээд гүйж байдаг болж. Иргэнээс 6000 төгрөгөөр нэг килограмм мах худалдан авсан бол 10 мянган төгрөг гэж баримт бичиж өгвөл махыг нь байнга худалдан авч, хамтран ажиллая гэдэг. Тэр мэдээллээ Төрийн сан руу явуулж, цэвэрхэн мөнгө идэж, хумсалдаг болсон байна.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
Холбоотой мэдээ