Сурвалжлага: Хүүхдээ эрхлүүлэх нэрийдлээр хор идүүлсээр байх уу?

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүүхдээ эрхлүүлэх нэрийдлээр хор идүүлсээр байх уу?

Сурвалжлага: Хүүхдээ эрхлүүлэх нэрийдлээр хор идүүлсээр байх уу?

Хүүхэд амттай зүйлсэд дурладаг гэвэл хамгийн том эндүүрэл. Ялангуяа сургуулийн орчинд тэд чипс, чихэр, газтай ундаа хэрэглэж байгаа нь мөнгөндөө тааруулж, эсвэл өөр сонголтгүйн улмаас авах нь  элбэг. Ээж, аавын өгсөн мөнгөөр сургуулийн ороомог, эсвэл наполеон торт авч иддэг, заримдаа CU-гээс мантуун бууз, сендвич, ширхгийн хоол иддэг гэж дунд ангийн хүү хариуллаа.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүд өлсгөлөн мэдрэмжээ дарахын тулд эсвэл эцэг, эхийнхээ өгсөн мөнгөнд тааруулж ширхгийн хямд хоол авч иддэг нь нууц биш юм.  Энэ удаагийн сурвалжлагаа сургуулийн орчимд хүүхдүүд чанартай хүнс хэрэглэж чаддаг эсэх талаар бэлтгэлээ.

ЧИХЭР, УНДАА, ЧИПСИЙГ СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОДОГ

Хүүхэд насандаа эрүүл хооллох нь олон төрлийн эмгэгүүдээс урьдчилан сэргийлдэг. Учир нь ихэнх архаг өвчний үндэс суурь хүүхэд насанд тавигддагыг судлаачид тогтоосон. Эрүүл мэндийн яамнаас сургуулийн орчинд худалдаалж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байдаг. Үүнд чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн, нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн, бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас), өндөг, хуурай өндөг, майонез байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс, бүх төрлийн хийжүүлсэн ундаа зэрэг багтжээ.

Харин дээрх бүтээгдэхүүн бүгд дэлгүүр, ТҮЦ-ний  лангууны ард өрөөстэй.

Өдрийн 15.00 цаг.

Нийслэлийн тавдугаар сургуулийн орчимд сандал дээр хүүхдүүд ихэвчлэн CU-гийн хотдог идэхтэй таарлаа. Ойр хавийн ТҮЦ-нүүдийг харвал мөн түргэн хоол, гарал үүсэл нь тодорхойгүй кимбаб зэрэг бүтээгдэхүүн үзэгдсэнгүй нь сайшаалтай. Харин замд тааралдах ТҮЦ-нд түргэн хоол худалдаалах нь элбэг байна.

Гуравдугаар сургуулийн ойр орчимд байгаа ТҮЦ-үүд “Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг” худалдаалж байна. Дээрх ТҮЦ-ний эзэд “Бид зөвшөөрөлтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг. Энд ямар нэгэн хугацаа нь дууссан бүтээгдэхүүн байхгүй. Одоо үйлчилгээ авч байгаа хүн бүр бүтээгдэхүүний хаяг шошгыг сайн харж байж худалдан авалт хийдэг болчихсон. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шалгалт хийдэг. Сургуулийн хүүхдүүд гэхээс илүүтэй иргэд ихээр үйлчлүүлдэг. Хориглож байгаа зүйлээ сургууль дотроо зарахгүй байхад болно шүү дээ” гэв.

Цааш бид 50 дугаар сургуулийг зорилоо. Эцэг эхчүүд хүүхдээ авахаар хүлээн сууна. Тэднээс хүүхдэдээ чанартай, илчлэгтэй хоол хүнс өгч чаддаг эсэхийг асуулаа. Иргэн А.Баянмөнх “Манай хүүхэд бага анги болохоор Үдийн цай сургууль нь өгдөг. Гэхдээ цадталаа иднэ гэж юу байх вэ. Тараад уух юм эсвэл түр зуурдаа жигнэмэг зэргийг авч өгдөг. Ер нь үдийн цайгаа чанартай өгдөг болчихвол хямд, түргэн хоолноос хүүхдүүд татгалзах байх” гэлээ.

ТОМЧУУД ХҮҮХДЭЭ ЭРХЛҮҮЛЭХИЙН ТУЛД АМТТАНД  ДАСГАДАГ

Эндхийн дэлгүүрийн худалдагчаас тодруулбал “Хүүхдүүд ихэвчлэн печень контик чипс, ундаа зэргийг авдаг. Гэхдээ эдгээрийг дундаас дээш ангийнхан ихэвчлэн авдаг. Бага ангийнхан эцэг, эхчүүд нь дагуулж орж ирдэг. Зарим нь хийжүүлсэн ундаа авч өгөх жишээтэй. Хүүхдүүд мөнгөндөө тааруулаад сонголтоо хийж байгаа харагддаг. Миний хувьд, манай хүүхэд одоогоор бага анги учраас сургууль дээрх хоолыг нь өгдөг. Би дэлгүүрт суудаг учраас хүүхдэдээ амттай юм барьж очдоггүй. Сүүн бүтээгдэхүүн барьж очдог. Харин амттай юм барьж очдог нь өвөө, эмээ нар байдаг. Томчууд хүүхдээ эрхлүүлэхийн тулд амттай юм барьж очдог. Тэгсээр хүүхдээ амттанд дасгадаг. Тэрнээс биш хүүхэд багаасаа энэ олон бүтээгдэхүүнийг хараад авч мэдэхгүй. Хүүхэд бусдыг дагаж амттанд ордог” гэв. Мөн тус дэлгүүрт Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтаас сургуулийн орчинд худалдаалах хориотой бүтээгдэхүүний талаар анхааруулга өгсөн гэдгийг худалдагч хэлж байлаа.

А.Цэрэнлхам “Хоолоо гэргээсээ бэлдэж авсан нь дээр байх. Хоолны чанарыг сайжруулж, гэдэс дотрыг өвтгөдөггүй бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх хэрэгтэй. Чипс, газтай ундаа яс сийрэгжүүлдэг учраас авч хэрэглүүлдэггүй”.

М.Дүүрэнжаргал “Түргэн хоол, хийжүүлсэн ундааг сургуулийн орчинд худалдаалахгүй байхыг дэмжиж байна. Ер нь, өдөрт гурван мянган төгрөгийн санхүүтэй байдаг байсан. Ихэвчлэн сургуулийн гуанз, эсвэл дэлгүүрээс ширхгийн хоол авдаг. Чанартай, шим тэжээлтэй хоол биш цадах гээд авч иддэг байсан. Угаасаа боломжгүй шүү дээ. Хүүхдүүд их орж ирдэг учраас тэр хэмжээгээр чанараас илүү тоонд анхаарч, чанарыг голчилдоггүй болов уу” гэлээ.

Сургууль, гэр, цэцэрлэг, зэрэг хүүхдийн өдөр тутмын амьдрах орчин нь тэдний хооллолтын байдалд ихээр нөлөөлдөг. Ялангуяа, сургуулийн орчин нь хүүхдүүдийн одоогийн болон цаашдын эрүүл мэнд, амьдралын хэв маягт том нөлөөг үзүүлдэг.

Харамсалтай нь хүүхдүүд хичээл тарахад бие биетэйгээ өрсөн дэлгүүр орж, хийжүүлсэн ундаа, түргэн хоолыг авч иддэг талаарх олон судалгаа харуулж байна. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ сургуулийнхаа орчинд юу худалдан авч идэж байгааг тэр болгон сайн мэдэхгүй байна. Бид мөнгөндөө тааруулж, хямдыг нь авч буй хүүхдүүдээ зүгээр хараад хордуулсаар байх уу, эсвэл үүнийг таслан зогсоох, оновчтой арга замыг олох уу гэсэн сонголтын өмнө байна.

ТҮЦ-ҮҮД ХАЯГ ШОШГИЙН ЗӨРЧИЛТЭЙ, ХУГАЦАА НЬ ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААЛЖ БАЙНА

Сургуулийн орчин дахь хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас тодруулбал “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль цэцэрлэгийн орчим дах бүх дэлгүүр, ТҮЦ-нд шалгалт явуулж дууссан. Дүн хараахан нэгтгэгдээгүй байна. Нийтлэг ямар алдаа илэрч байна вэ гэвэл “Хаяг шошгийн зөрчилтэй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаалж байна. Тиймээс дээрх бүтээгдэхүүнийг хэрэглээнээс татаж, эхний ээлжид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Мөн хичээлийн шинэ жил эхэлснээр сургууль цэцэрлэгийн орчимд худалдаалах бүтээгдэхүүний талаар албан шаардлага өгсөн. Хэрвээ дараагийн шалгалтаар өмнөх байдал арилаагүй байвал Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцно. Нэг үеэ бодвол ТҮЦ лангуун гарал үүсэл нь тодорхойгүй түргэн хоол зардаг байдал буурсан байна” гэв. Үүнээс гадна эцэг эхчүүд “Үдийн цай” хөтөлбөрийн чанарыг сайжруулж, хоолны илчлэгийг нэмэх саналтай байгаагаа хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж