Украины арми өнгөрсөн долоо хоногт Харьков мужид сөрөг довтолгоо хийсэн. Энэ үед Украины цэргүүд 8:1-ийн харьцаагаар илүүрхэж байсныг Оросын албаны хүн хэлжээ. Виталий Ганчев нэртэй дээд албан тушаалтны мэдэгдсэнээр Украины арми умард нутгийн тосгодыг эзэлж, Оросын хил хүртэл нэвтэрсэн байна.
Зургаан сар үргэлжилсэн дайны үр дүнд украинчууд 3000 км/кв газар нутгийг хяналтдаа авчээ. Мөн Херсон мужид 500 м/кв газрыг хяналтдаа авсан байна. Түүнчлэн зөвхөн сүүлийн 24 цагийн дотор гэхэд л 20 тосгоныг эргүүлэн авчээ. Нутгийн зүүн хойд хэсэгт сөрөг довтолгоо үргэлжилсээр л байна. Изюм, Купянкс гэх мэт дайны хөлд нэрвэгдсэн хотуудыг цэвэрлэх ажилд цэргийнхэн ханцуй шамлан орсон байна. Украины хүчнийхэн айлуудаар нуугдсан байж болзошгүй орос цэргүүдийг хайж буй аж. Цэвэрлэгээ амжилттай болсноор 10 хоногийн дараа гэхэд дүрвэсэн оршин суугчид буцаж ирэх боломжтой болох юм.
Украины амжилт Оросын ерөнхий төлөвлөгөөнд чухал нөлөө үзүүлнэ гэж Их Британийн Батлан хамгаалах албаныхан үзэж байна. Гэвч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Бүх даалгавар биелэх хүртэл Украин дахь ажиллагаа үргэлжилнэ” гэжээ.
Дайны талбарт ухралт хийснийхээ өшөөг авч Оросын арми иргэний дэд бүтцийг онилсон байж болзошгүй байна. Тодруулбал, Ням гаригт пуужингийн цохилтын улмаас Харьков, Донецк мужуудад цахилгаан тасарчээ. Харьков хотын дарга Игорь Терехов энэ явдлыг өшөөгөө авах гэсэн бузар оролдлого гэж нэрлэсэн.
Оросын арми ухрахдаа их хэмжээний зэвсэг, техникээ орхисон байж болзошгүй байна. Цэргүүд нь ийн бүтэлгүйтсэн тул Оросын байлдааны танк үйлдвэрлэгч Уралвагонзавод компани өдөр шөнөгүй үйлдвэрлэлд шилжсэн гэх мэдээлэл байна. Хамгийн том хуягт машин үйлдвэрлэгч тус компанийн ажилчдыг үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлага гэсэн нэрийн дор гэрт нь хариулахгүй ажиллуулж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ