Вьетнам цөмийн зэвсэгтэй орон болох уу?

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

Вьетнам цөмийн зэвсэгтэй орон болох уу?

Вьетнам цөмийн зэвсэгтэй орон болох уу?

Хүйтэн дайн дууссанаас хойш Вьетнамыг чиглэсэн Хятадын заналхийлэл хуурай газраар ч далайгаар ч нэмэгдсээр байна. Вьетнам улсад Хятадын цэргийн хүчинтэй тэнцэх боломж бараг байхгүй гэхэд болно. Иймээс Хятадын эсрэг тэнцвэртэй байхын тулд цөмийн зэвсгийн араас хөөцөлдөх нь зүй ёсны хэрэг гэж зарим судлаач үзжээ. Цөмийн зэвсэг нь хүчирхэг гүрний эсрэг сул дорой улсуудыг ижил тавцанд авчрах хэрэгсэл гэж “The diplomat” хуудас онцлов. Хятадын эсрэг ердийн зэвсэгтэй тэмцсэнээс цөмийн зэвсэгтэй тэмцвэл тэдний түрэмгийллийг зогсоох боломжтой болох аж.

Энэ тооцоолол нь логиктой мэт санагдавч түүхийг үл тоомсорлосон хэрэг юм. Вьетнам улс 1970, 80-аад оны үед цөмийн зэвсэгтэй улс болох сонголттой байсан. Энэ үед ЗХУ Вьетнамд цөмийн цэнэгтэй пуужин өгсөн. Хэрвээ Вьетнам өөрөө хүлээн зөвшөөрвөл ЗХУ тэдэнд байлдааны хошуу нийлүүлэхэд бэлэн байжээ. Хятад, Вьетнам хоёр улсын дипломат харилцаа 1980-аад оны сүүлээр хэвийн болох шатандаа орж байсан тул харилцаандаа сэв суулгахыг хүсээгүй гэх шалтгаанаар ЗХУ-ын цөмийн цэнэгт хошуунаас татгалзсан юм. Тухайн үед Москва цөмийн цэнэгт хошууг Камран буланд байрлуулахаар зэхээд байв.

Цөмийн зэвсэг байрлуулахгүй гэсэн үндэслэлээ гаргахын тулд Вьеьнам 1978 онд ЗХУ-тай байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны гэрээгээ хянаж үзсэн. Тус гэрээнд ЗХУ цөмийн цэнэгт хошуугаа Камран буланд байрлуулна гэсэн заалт байхгүй гэсэн үндэслэлээр Вьетнам татгалзсан аж. ЗХУ-ын эдийн засаг 1980-аад оны дунд үеэс унаж эхэлсэн, Хятадтай харилцаагаа хэвийн болгох гэж хичээсэн зэрэг шалтгаантайгаар ЗХУ ба Вьетнамын харилцаа муудаж эхэлжээ. Хятад ба Вьетнамын харилцааг хэвийн болгохын тулд цөмийн зэвсгээс татгалзах шийдвэрийг гаргах нь маш чухал байсан. Вьетнам 1991 онд энэ шийдвэрийг гаргасан юм.

Хэрэв тэд Хятадыг ямар ч үнээр хамаагүй таслан зогсоох цөмийн зэвсэг хүсч байсан бол ЗХУ-ын саналаас татгалзах учиргүй байв.

ЗХУ цөмийн зэвсгээ байрлуулахааргүй болж Камран булангаас гарсны дараа 1995 онд Вьетнам зүүн өмнөд Азийн цөмийн зэвсгээс ангид бүсийн тухай гэрээнд нэгдсэн. Уг гэрээнд нэгдсэн орнууд цөмийн зэвсгийг хөгжүүлэхгүй, үйлдвэрлэхгүй, бусад аргаар олж авахгүй, эзэмшихгүй, аливаа аргаар байрлуулахгүй, тээвэрлэхгүй, туршихгүй, ашиглахгүй гэсэн амлалтыг өгчээ. Энэ гэрээнд нэгдэх болсон нь цаанаа стратегийн ач холбогдолтой байв. Гэрээ бүс нутаг дахь Хятадын цэргийн ажиллагааг хязгаарлана гэж Вьетнам найдаж байжээ.

Улмаар 1996 болон 2006 онд Вьетнам цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээнд нэгдэн орсноор өмнөх амлалтаа дахин баталгаажуулсан явдал болсон. Цаашилбал 1982 оноос хойш Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдсэн. ЗХУ-ын цөмийн зэвсгээс татгалзсанаас эхлээд 1982 оны гэрээнд нэгдсэн хүртэлх Вьетнамын шийдвэрүүд тэднийг олон улсын хамтын нийгэмлэгтэй нэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ бол Хойд Солонгосын өнөөг хүртэл хийж чадаагүй алхам юм.

Вьетнам цөмийн зэвсэгтэй боллоо гэхэд экспортод тулгуурласан өсөлтийн стратеги нь нуран унаж, олон улсад Хойд Солонгостой адил статустай болох эрсдэлтэй.

Үндсэндээ гадаад бодлогоо тэр чигээр нь өөрчлөх болох юм. Мөн өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн үйл ажиллагааны эсрэг Ханойн сорилтод сөргөөр нөлөөлнө. Цөмийн зэвсэгтэй боллоо гээд аюулгүй байдлын асуудал шийдэгдэх эсэх нь тодорхойгүй. Эсрэгээрээ Хятад улс Вьетнамыг түрэмгийгээр ойлгох хүчтэй дохио болно гэж үзэж байна. Вьетнамын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал Хятадаас ихээхэн хамаардаг.

Аливаа улс цөмийн стратегийн хувьд хоёр дахь цохилт өгөх чадвартай байснаар энэ салбарт амжилттай ажиллаж байна гэж үзнэ. Хоёр дахь цохилт өгөх чадвар гэдэг нь тухайн улс цөмийн довтолгоонд халдагчийн эсрэг урт хугацаандаа хүчтэй хариу арга хэмжээ авах баталгаатай чадвар юм.

Вьетнам улсад хоёр дахь цохилтын чадвар байлаа гэхэд эдийн засаг, технологийн үндэс суурь нь сул байгаа тул энэ чадвараа урт хугацаанд хадгалж чадах эсэх нь тодорхойгүй. Хятадын хувьд нь пуужингууд нь илүү нарийвчлалтай, олон тоотой, өндөр чадавхитай тул анхны цохилтын хувьд асуудалгүй. Хоёр дахь цохилт өгөх чадвараа баталгаажуулахын тулд Хятад улс цөмийн зэвсгээ дор хаяж 50 жил хөгжүүлсэн. Гэтэл Вьетнамд дангаараа цөмийн зэвсэг хөгжүүлж байсан туршлага үгүй. Тэгэхээр Вьетнам хэзээ нэгэн цагт цөмийн зэвсэгтэй болвол ослын эрсдэл ихтэй гэсэн үг юм.

“The diplomat” хуудсанд дүгнэснээр Вьетнамд цөмийн зэвсэг хэрэгцээгүй бөгөөд хор хөнөөлтэй гэжээ. Хятад улс Вьетнам руу хуурай замаар довтолсон ч Ханой цөмийн зэвсгийн шаардлагагүйгээр 1979 оных шигээ няцааж чадна гэж үзэж байна. Өмнөд Хятадын тэнгис дэх арлууд нь Вьетнамын оршин тогтнолын хувьд онцын ач холбогдолгүй учир эдгээр арлаас болж дайрах нь довтолгоог зөвтгөх шалтаг болохгүй.

Гадаад бодлогын хувьд Вьетнам нь “хулсан” стратеги баримталдаг. Энэ нь Хо Ши Миний үеийн гадаад харилцааны өвөрмөц стратеги бөгөөд хулс шиг хүчтэй үндэстэй, хатуу иштэй, уян хатан мөчиртэй байна гэсэн үг юм. Тус улсын дэлхий дахинд хандах хандлага зөөлөн, ухаалаг, тууштай, шийдэмгий. Энэ бодлогоо сахин хамгаалахын тулд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх амлалт тэдэнд зайлшгүй шаардлагатай. 1980-аад онд одоогийнхоос буурай байхдаа л цөмийн зэвсгээс татгалзаж байсан улс одоо дахин татгалзахад болохгүй гэх газаргүй гэж “The diplomat” хуудас онцоллоо.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж