Францын ерөнхийлөгч Макрон өчигдөр /2022.09.11/ Украины Запорожье атомын цахилгаан станцын аюулгүй байдлын асуудлаар Путинтэй хэлэлцээ хийв. Атомын станцын аюулгүй байдалд Оросын ерөнхийлөгч Украиныг буруутгасан бол Эммануэль Макрон Оросын талыг буруутгасан байр суурьтай байна.
Европын хамгийн том атомын цахилгаан станцын нөхцөл байдал дэлхий нийтийн анхаарлыг татаад буй. Станцын эргэн тойронд буудалцаан өрнөсөөр буй тул цацраг идэвхит туяа тархах эрсдэл өндөр байна. Улс төржилгүйгээр Олон улсын атомын энергийн агентлагийн оролцоотойгоор уг асуудлыг шийдэх уриалгыг мэргэжилтнүүд дэвшүүлсэн. Францын ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдэлд Оросын цэргүүд цахилгаан станцыг эзэлсэн нь эрсдэл үүсгэж байна гэжээ. Тиймээс хүнд болон хөнгөн зэвсгээ станцын нутаг дэвсгэрээс гаргахыг хүсчээ.
Олон улсын атомын энергийн агентлагаас станцын эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулахыг уриалсан. Станцын нөөц эрчим хүчний шугамыг сэргээж, реакторуудаа хөргөх, хайлах эрсдэлээс хамгаалахад шаардлагатай цахилгаан эрчим хүчээр хангасан гэж тус агентлагаас өчигдөр /2022.09.11/ мэдэгдлээ.
Францын ерөнхийлөгч Макрон Олон улсын атомын энергийн агентлаг болон Зеленскийтэй холбоотой хэвээрээ байна гэдгээ мэдэгдсэн. Мөн Путинтэй тохиролцоонд хүрэхийн тулд ойрын өдрүүдэд дахин ярилцана гэжээ.
Эх сурвалж: REUTER
Холбоотой мэдээ