Банкны зээлээ "тэтгэж", эдийн засгаа дэмжье!

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

Банкны зээлээ "тэтгэж", эдийн засгаа дэмжье!

Банкны зээлээ "тэтгэж", эдийн засгаа дэмжье!

Өргүй хүн өвсөнд хаясан зүү мэт ховор цаг. Асар их баялагтай Монгол Улсын иргэд өрөөс өрийн хооронд, зээлээс зээлийн дарамтад балбуулсаар өдөр хоногийг аргацаан амьдарч байна. “Өртэй хүн өөдөлдөггүй” гэж эрт ярьдаг байсан бол өдгөө зээл авч чадаж байвал “өдрийн од” шүүрсэн мэт баярладаг болсон. “Май” гээд гаргах бэлэн мөнгөгүй иргэдийн амьдралд арилжааны банк болон санхүүгийн байгууллагууд шиг “сайн туслагч” байхгүй байгаа нь нууц биш.

Энэ жилийн хувьд банкууд иргэдэд асар их "харамч" загнав. Хүүхэд багачуудын хичээл сургууль, оюутан залуусынхаа төлбөрт нэмэрлэх зорилгоор зээл авахаар найдаж байсан ч банкууд тэдэнд гараа сунгасангүй.

Монголын банкны холбооноос системийн нөлөө бүхий таван банкны санхүүгийн үзүүлэлт харьцангуй сайн, өөрөөр хэлбэл актив буюу хөрөнгө гурван хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар мэдээлсэн. Гэвч банкууд зээлээ хумьсан нь иргэдийн амьдралд “хүнд цохилт” болж байна.

Зээл хумьсан шалтгаанаа банкны салбарынхан эрсдэлээс урьдчилан сэргийлж авсан бодлогын арга хэмжээ гэж тайлбарлаж буй юм.

Иргэдийн зээлийн чанар өнгөрсөн 2021 оны сүүлээр нэлээн муудсан бол 2022 оны эхний хагаст чанаргүй зээл тодорхой хувиар буурч, цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрсэн нь хүлээлтээс давсан үр дүн болсон. Банкны салбарын хэмжээнд 10 зээл тутмын нэг нь чанаргүй болж буй. Тээвэр ложистикийн хүндрэлээс шалтгаалан уул уурхайн салбарын зээлийн эргэн төлөлт удааширч, энэ салбарын 10 зээл тутмын гурав нь чанаргүйджээ.

Банкуудын зээл олголтын "зогсонги" төлөв гадаад орчны тодорхойгүй байдал хэр удаан үргэлжлэхээс шалтгаална гэж салбарынхан хэлж буй. Гэвч түүнийг хүлээлгүй, төр засгаас нэн яаралтай иргэдийн “гол туслагч” болсон банкуудын үйл ажиллагаанд нэмэр болох бодлогын тодорхой арга хэмжээ зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатайг энд онцлон дурдъя.

Статистик мэдээллээс харахад, 2022 оны эхний долоон сарын байдлаар иргэд банкуудаас цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл ихээр авчээ. Банкууд иргэдэд хэрэглээний зээл түлхүү олгосон бол худалдааны салбараас бусад салбарт зээл олголт буурсан үзүүлэлттэй байна.

Тухайлбал, банкууд 2022 оны II улиралд цалин, тэтгэврийн зээл 1,061, хадгаламж барьцаалсан зээл өсч 1,463, картын зээл 276, автомашины зээл 17 тэрбум төгрөг олгожээ. Банкуудын II улиралд олгосон зээлээс харахад уул уурхайн салбарт 2022 оны эхний долоон сард 532, боловсруулах үйлдвэрлэлд 528, барилгын салбарт 471, худалдаанд 2.933, үйлчилгээний салбарт 856 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Монгол Улсын эдийн засгийг дэмжих гол хөдөлгүүр нь банкны зээл хэвээр байгаа энэ үед эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэх нь иргэдийн валют худалдаж авах сэдлийг нэмэгдүүлж буй. Хүнс болон тээврийн үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлсөөр байна. Импортын барааны үнийн өсөлт валютын нөөцөд дарамт болж буй юм.

Зээлийн хүү тогтвортой ч хадгаламжийн хүү аажмаар нэмэгдэх төлөвтэй байна. Төв банкнаас гадаад, дотоод эдийн засгийн нөхцөлд үүсч буй тодорхой бус байдлаас шалтгаалан бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь зээлийн хүү аажмаар нэмэгдэх хүлээлт бий болгож буйг эдийн засагчид анхааруулж байна.

Цаашид хил, гаалийн нөхцөл байдал хүндрэлтэй, Орос-Украины дайн удаан үргэлжилбэл манай улсын хувьд ирэх улирлуудад эдийн засгийн өсөлт агших эрсдэл өндөр. Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийн түвшин өндөр буй нь цаашид хадгалагдах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж