БНХАУ-ын Эрээн хотод өнгөрөгч наймдугаар сарын 20-ноос эхлэн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт саарсан. Тэгвэл өнөөдөр буюу есдүгээр сарын 12-нд Эрээн хотын хэмжээнд covid-19-ийн халдвар, тархалтын шинжилгээ хийж байна. Уг шинжилгээний дүгнэлтэд үндэслэн хөл хориог цуцлах эсэхийг шийдэхээр болжээ. Хоёр улсын боомт хоорондын чингэлэг тээврийн нөхцөл байдлын талаар Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнгээс тодрууллаа.
-Эрээн хотод үүссэн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ-ын талаас хил гаалийн хяналтыг чангаруулсан. Замын-Үүд боомтын чингэлэг тээврийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай улсын импортын гол цэг болох Замын-Үүд-Эрээний боомтыг хоёр улсын харилцан тохиролцсоны дагуу 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс нээж, автозамын чингэлэг ачаа тээврийг нэвтрүүлж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдрөөс БНХАУ-ын Эрээн хотод корона вирусын халдвар дэгдсэн тул хөл хорио тогтоосон. Үүнээс шалтгаалан боомтын ачаа тээвэр нэвтрүүлэх ажилд хүндрэлд гарч, чингэлэг тээврийн тоо хэмжээ тодорхой хэмжээнд буурсан. Хэдийгээр тоо хэмжээ буурсан ч, чингэлэг тээврийн татан авалт ямар нэгэн саадгүй үргэлжилж байна.
–Чингэлэг тээврийн тоо хэмжээ буурсан гэж байна. Хөл хорионы өмнөх болон одоогийн татан авалтын тоо хэмжээг тодруулахгүй юу?
-Эрээн хотод хөл хорио тогтоохын өмнө буюу өнгөрсөн долдугаар сард 3062 ачаа тээврийн чингэлэг импортлогдсон бол наймдугаар сард 2450 чингэлэг импортлогдсон. Харин 9 сарын эхний 10 хоногийн байдлаар 850 чингэлэг нэвтэрсэн мэдээтэй байна. БНХАУ-ын талаас энэ сарын 12-нд буюу өнөөдөр Эрээн хотын хэмжээнд шинжилгээ хяналт хийж, халдвар гайгүй бол хөл хориог цуцлах боломжтой гэдэг мэдээллийг өгсөн. Ерөнхийдөө Замын-Үүдийн боомтоор өргөн царигийн галт тэргээр өдөрт 12-13 чингэлэг цаашаа гарч байгаа бол нарийн царигаар 7 цуваа манай тал руу нэвтэрч байна. ЗГ-аас хэрэгжүүлж буй боомтын сэргэлт хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээврийн терминалыг шинэчлэх ажил хийгдэж байна. 2019 оноос эхэлсэн уг ажлын хүрээнд хоёр улсын ачаа тээврийн эргэлт, хүчин чадал өмнөх үеэс 4 дахин нэмэгдэх юм.
-Эрээнд хөл хорио тогтоосноос болж манай талаас нэвтрүүлж буй экспортод хүндрэл үүсч байна уу?
-Өнгөрсөн долдугаар сараас Замын-Үүдийн боомтоор нүүрсний экспорт хийгдэж эхэлсэн. Энэ үед өдөрт дунджаар 10 орчим чингэлэг бүхий нүүрс тээвэр хийгдэж байсан бол, наймдугаар сараас өдөрт 40 орчим машин гарч байна. Мөн төмрийн хүдрийн экспорт нэмэгдсэнээр уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээг нэмэгдүүлж байна.
-Хилийн боомтын ачаа тээвэртэй холбоотой Засгийн газраас тусгай ажлын хэсэг байгуулагдаж, албан тушаалтнуудтай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Энэ асуудал ямар түвшинд явж байна вэ?
-Эрүүгийн хэргүүдийн мэдээлэл хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа байх. Энэ оны байдлаар буюу чингэлэг тээврийн ачаа нэвтрүүлж эхэлсэнээс хойш тээвэртэй холбоотой зөрчил нэлээд нэмэгдсэн. Тухайлбал, захиалагч тал өөрсдийн биеэр хил нэвтрэх боломжгүй зэрэг шалтгаанаас болж өнгөрсөн хугацаанд 331 зөрчил илрүүлсэн. Эдгээрээс 10 зөрчилд хэрэг бүртгэл нээж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгагдаж байна. Мөн есдүгээр сарын байдлаар 490 сая төгрөгийн торгууль тавьж, 750 сая төгрөгийн татварыг улсад нөхөн төлүүлсэн.
Холбоотой мэдээ