Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул О.Хангай арав даван түрүүлсэн билээ. Тэрбээр аварга цолныхоо талархал хүндэтгэлийн наадмыг допингийн шинжилгээний хариу гарсаны дараа ард түмэнтэйгээ тэмдэглэнэ гэдгээ мэдэгдсэн. Түүний цолны мялаалга маргааш буюу Мягмар гаригт болно.
Ховд аймгийн төвд болох улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадамд түрүүлсэн бөхийг 10 сая, үзүүрлэсэн бөхийг таван сая төгрөгөөр байлах аж.
Эргэн сануулахад О.Хангай аварга Ш.Ванчинхүү арслангаас хойш Ховд нутгаас 82 жилийн дараа дахин төрийн наадамд түрүүлсэн. Сонирхолтой нь, Ш.Ванчинхүү арслан мөн Буянт сумын харьяат билээ. Өдгөө 31 настай О.Хангайг сумын заан, аймгийн арслан байхаас нь л эхэлж, бөх сонирхогчид, нутгийн зон олон нь том цолонд хүрнэ гэж итгэж найдаж, хүлээж байв. Тэгвэл энэхүү урт удаан хүлээлт түүхт ойн наадмаар эцэс болж, О.Хангай нэг ч уналгүй арав даван түрүүлж, улсын аварга хэмээх цолыг хүртсэн 47 дахь, Ардын хувьсгалаас хойш төрсөн 25 дахь бөх билээ.
Холбоотой мэдээ