Оросын арми өнгөрсөн гуравдугаар сард Украины нийслэлээс цэргээ эргүүлэн татсанаас хойших хамгийн том ялагдлаа Харьков мужийн Изиумд хүлээжээ. Украины зүүн хойд нутаг дахь үндсэн баазаа Оросын цэргүүд Бямба гаригт орхив. Тиймээс ялъя гэвэл нэн даруй өөрчлөлт хийхийг Оросын үндсэрхэг үзэлтнүүд өчигдөр /2022.09.11/ Путинд уриаллаа.
Цэргүүд нь Изиум хотыг орхин гарч байхад Путин Москвагийн цэцэрлэгт хүрээлэнд баяр тэмдэглэж байв. Тодруулбал, тухайн өдөр Москвагийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах Европын хамгийн том алсыг харагчийн нээлтийн ёслол болсон. Түүнчлэн хот байгуулагдсаны 875 жилийн ойг тохиолдуулан Улаан талбайд ёслолын буудлага буудуулжээ.
Путины холбоотон, Чеченийн удирдагч Рамзан Кадыровын цэргүүд Украинд тулалдаж буй. Кадыров телеграм дээрээ 11 минутын дуут мессэж нийтэлсэн. “Өнөөдөр эсвэл маргааш цэргийн тусгай ажиллагаандаа өөрчлөлт оруулахгүй бол би улс орны удирдлагад өөрийн биеэр очиж нөхцөл байдлыг тайлбарлахаас өөр аргагүй болно” гэж тэр хэлжээ.
Москва ялагдлынхаа талаар огт ам нээхгүй байгаа нь үндсэрхэг үзэлтнүүдийн бухимдлыг төрүүлсэн аж. Путин болон Сергей Шойгу хэн нь ч Ням гаригт болсон ялагдлын талаар тайлбар хийгээгүй байна. Сөрөг хүчин гэж нэрлэгддэг улстөрч Сергей Миронов ёслолын буудлагыг цуцлах хэрэгтэй гэж твиттер хуудсандаа мэдэгдсэн. Үндсэрхэг үзэлтнүүд ийн бухимдалтай байгаа нь Кремлийн хувьд томоохон асуудал болж магадгүй юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ