Сурвалжлага: Түгжрэлийн “буруутан” буруу хүрдтэй машин уу?

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Түгжрэлийн “буруутан” буруу хүрдтэй машин уу?

Хотын түгжрэлд олон зүйл буруутай. Төлөвлөлтгүй хотжилт, хүн амын шилжилт хөдөлгөөн, нийтийн тээврийн хүртээмж, харьяаллын бус сургуульд хүүхдээ сургах, замын уулзварууд, буруу талдаа хүрдтэй автомашин гэх мэт урт жагсаалт хөвөрнө.

Монгол Улс замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй. Гэтэл сүүлийн  жилүүдэд зүүн гарын замын хөдөлгөөний дүрэмд зориулж, үйлдвэрлэсэн автомашин ихээр орж, ирснээр дийлэнх хувийг эзлэх болсон. Тэр ч утгаараа зам тээврийн осол аваарт өртсөн автомашины тоог буруу талдаа хүрдтэй машинууд тэргүүлж байгаа юм. Тиймээс энэ удаа хотын түгжрэлийн гол  “буруутан” нь буруу талдаа хүрдтэй машин уу гэдгийг сурвалжиллаа.


"ГААЛИАР 48.843 СУУДЛЫН АВТОМАШИН ОРЖ ИРСНЭЭС 44.596 НЬ БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ "

Иргэн Ю.Бажихүү насаараа орос машин жолоодсон. Цагийн эрхээр сүүлийн жилүүдэд Япон улсад үйлдвэрлэсэн машин барьж яваагаа хэлж байв. Тэрбээр буруу талдаа жолооны хүрдтэй машин жолоодоод зургаан жил болж байгаа аж.

“Орос тэргийг жолооч хүн дөрвөн мөчөөрөө л хөдөлгөдөг байсан бол одоогийн машинууд их тухтай юм. Замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй зүйл байхгүй. Хот, орон нутгийн зам дээр урд яваа машинаа гүйцэж түрүүлэхэд л жаахан эвгүй. Бусдаар бол дажгүй шүү. Иргэд заавал Японд үйлдвэрлэсэн машин сонгож байгаа учир нь арай чанартай, бат бөх тэрэг. Хэрвээ зөв талдаа хүрдтэй машинууд эдэлгээ сайтай, боломжийн үнэтэй бол иргэд тэр л машиныг худалдаж авах байсан байх. Буруу талдаа хүрдтэй машинаас болоод хотын түгжрэл үүсч байна гэж хэзээ ч байхгүй. Жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой, бие биеэ хүндэлж, хүлээцтэй оролцвол осол аваар, түгжрэл ч багасна” хэмээн ярив.

Сүүлийн 10 жилд гаалиар орж ирсэн суудлын машины дийлэнх хувийг буруу талдаа жолооны хүрдтэй машин эзэлж байна.

2022 оны есдүгээр сарын 8-ны байдлаар хил гаалиар суудлын автомашин 48.843 ширхэг орж ирснээс буруу талдаа жолооны хүрдтэй 44.596, үлдсэн 4307 машин нь зөв талдаа жолооны хүрдтэй машин орж ирсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн юм.

"БУРУУ ТАЛДАА ХҮРДТЭЙ МАШИНЫГ ИРГЭД ӨРГӨН ХЭРЭГЛЭДЭГ УЧРААС ОСОЛ ИХ БҮРТГЭГДДЭГ"

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Монгол Улсад нийт 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 56 хувь нь буруу талдаа хүрдтэй машин байна. Зам тээврийн осолд  холбогдсон нийт тээврийн хэрэгслүүдийн 78 орчим хувь нь буруу талдаа хүрдтэй машин осол гаргасан байна гэдэг тоон мэдээлэл гарсан. Эдгээрийн ихэнх нь бөгөөд Япон улсад үйлдвэрлэсэн баруун гар талдаа жолооны хүрдтэй суудлын автомашин байгаа. Тэр утгаараа зам тээврийн осолд буруу талдаа хүрдтэй машин ихээр холбогдож байна.

Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийг үйлдвэрлэсэн улсаар нь ангилбал, 78 хувийг Япон,  16 хувь нь БНСУ, БНХАУ үйлдвэрлэсэн 1.2 хувь, бусад оронд үйлдвэрлэсэн машин үлдсэн хувийг эзэлж байна.

Тэгэхээр зам тээврийн осол гаргах шалтгаан гэхээсээ илүү иргэдийн өргөн хэрэглэдэг машин бол буруу талдаа хүрдтэй автомашинууд. Ингэхдээ том, бага хэмжээний авто осол, аваар гаргаж, их хэмжээгээр харагдаж буй. Тэрнээс биш буруу талдаа хүрдтэй машинаас болж зам тээврийн осол аваар, түгжрэл нэмэгдсэн гэдгийг тогтоогоогүй.

"МОНГОЛД ЗҮҮН БОЛОН БАРУУН ТАЛДАА ХҮРДТЭЙ МАШИНУУД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ИЖИЛ ТЭГШ ОРОЛЦОЖ БУЙ"

Хөдөө орон нутгийн замд иргэд буруу талдаа хүрдтэй машинтай явахад өмнөх машинаа гүйцэж түрүүлэхдээ заавал эсрэг урсгалд бүрэн орж, өөдөөс ирж буй тээврийн хэрэгслээ харах ёстой болдог. Мөн буруу талдаа хүрдтэй машины гэрлийн тусгал өөрөө эсрэг талын тээврийн хэрэгслийн жолоочийг гялбуулдаг учраас зам тээврийн осол гарахад нөлөөлдөг гэж зарим хүмүүс үздэг. Үүнийг албан ёсоор тогтоогоогүй. Одоогийн байдлаар Монгол Улсад зүүн болон баруун талдаа хүрдтэй автомашинууд замын хөдөлгөөнд ижил тэгш оролцож буйг албаныхан хэлж байв.

Улсын хэмжээнд 1.255 939 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 663.983 нь буруу талдаа хүрдтэй машин байна. Харин нийслэлд бүртгэлтэй ннийт тээврийн хэрэгсэл 698.558 байгаагаас 424.994 нь буруу талдаа хүрдтэй машин байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн.

  • Жолооч С.Мягмар “Японд үйлдвэрлэсэн машин Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн машиныг бодвол эдэлгээ, чанар сайтай. Миний хувьд 10 дахь жилдээ буруу талдаа жолооны хүрдтэй машин барьж байна. Адилхан л зам дээр зөв, буруу талдаа хүрдтэй машины ялгаа бараг байхгүй. Хотын түгжрэлийг бууруулахаар автомашиныг жилийн дөрвөн улиралд тэгш, сондгой дугаараар нь урт хугацаанд хязгаарлах нь явцгүй. Иргэд нэг сараас цааш хоёр машинтай болдог ч юм уу аргаа олчихно. Дахин түгжрэл нь нэмэгдэнэ. Буруу талдаа хүрдтэй машиныг хязгаарлах гэж байгаа бол хугацаа зааж, үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгвэл иргэд мөнгөөр худалдаж авсан автомашинаа сонгохдоо хүртэл анхаарна шүү дээ” гэв.
  • Жолооч Д.Зул “Буруу талдаа хүрдтэй машинаас болж хотын түгжрэл нэмэгдээгүй. Ямар ч хүрдтэй машин байсан ч хотын түгжрэл буурна гэж байхгүй. Өөр арга хэмжээ, зохицуулалтыг хийхгүй бол замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байна. Би жолооч болоод 13 жил болж байгаа бөгөөд 10 жил буруу талдаа хүрдтэй машин барьсан. Монгол Улс замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй. Гэхдээ автомашин үйлдвэрлэгч орон биш учраас хил гаалиар оруулж ирж буй машиныг л барина шүү дээ. Буруу талдаа хүрдтэй машин барихад өмнөх машины гүйцэж, түрүүлэхэд л жаахан бэрхшээлтэй. Заавал дэргэд суугаа хүнээсээ машин ирж байгаа эсэхийг асууж, гүйцэнэ. Үүнээс болж бага зэрэг аваар осол гаргасан удаа бий” гэдгээ нуусангүй.

"БУРУУ ТАЛДАА ХҮРДТЭЙ МАШИНЫГ ЖОЛООНЫ СУРГАЛТАД АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРСӨН"

Буруу талдаа жолооны хүрдтэй машины гэрлийн тусгал нь жолооч нарт хүндрэл учруулдаг. Замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй зам дээр гүйцэж түрүүлэх, тойрон гарах үйлдэл хийхэд үзэгдэх орчин хязгаарлагддаг нь зам тээврийн осол гарахад нөлөөлдөг гэж үзэх нь бий.

“Өрнийн хүлэг” авто сургуулийн жолооны багш Т.Гансүх “Миний хувьд жолооны багшаар 25 жил ажиллаж байна. Монгол Улсын замын хөдөлгөөн баруун гарын дүрэмтэй хэдий ч амьдрал дээр буруу талдаа хүрдтэй автомашинууд замын хөдөлгөөнд түлхүү оролцож байна. Замын хөдөлгөөний дүрэмд баруун, зүүн талдаа хүрдтэй машины дүрэм гэж ялгаж заагаагүй, ижил үйлчилнэ. Буруу талдаа хүрдтэй машиныг өмнө нь жолооны сургалтад огт зөвшөөрдөггүй байсан бол сүүлийн дөрвөн жил яах аргагүй сургалтад ашигладаг болчихлоо. Гэхдээ машины хүрдний ялгаа гарахгүй” гэдгийг хэлж байв.

Монгол Улс 1997 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Венийн конвенцид албан ёсоор нэгдсэн байдаг. Уг конвенцид замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй 120 гаруй орон цугларч, зам тээврийн ослыг бууруулах үүрэг хүлээсэн байдаг аж.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.ЖАРГАЛСАЙХАН:

-Буруу талдаа хүрдтэй машиныг хэрхэн хориглох вэ. Шууд маргааш замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм уу бодлогын хэмжээнд гааль импортоор нэмж оруулахгүй юм уу. Иргэд ч гэсэн энэ асуудлыг өрөөсгөл ойлгож байна. Дэлхийн улс орнууд  ч шууд хориглосон түүх байхгүй. Бодлогоор аль болохоор иргэдээ хохироохгүй арга замаар шийдвэр гаргана. Машин чинь тодорхой хугацааны дараа элэгдэж, хорогдоно. Ер нь буруу талдаа хүрдтэй машин унаж, хэрэглэх нь монголчуудын амь насанд аюултай байна. Тиймээс цаашдаа гааль импортын бодлогоор буруу хүрдтэй машиныг хязгаарлах нь зүйтэй.

Англи, Япон зэрэг улс үндэснийхээ хууль тогтоомжоор зүүн гарын дүрэмтэй. Үүнээс эхлэн замын зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээ, дүрэм журмаа баталдаг. Монгол Улсын хувьд замын хөдөлгөөний зүүн гарын дүрэмтэй. Одоо замын бүх зохион байгуулалтыг өөрчилнө гэвэл асар их мөнгө шаардана.

Асуудлыг жаахан судалж, ул суурьтай ажиллах хэрэгтэй. Жишээлбэл, Швед улс 1960-аад онд буруу талдаа жолооны хүрдтэй машины замын хөдөлгөөний дүрэмтэй байсан. Энэ зохион байгуулалт, дүрмээ өөрчлөх гэж маш их ажлыг хийж, асар их хөрөнгө зарцуулсан. Англи, Япон улс гэсэн машин үйлдвэрлэгч орон учраас бусад машин үйлдвэрлэгч улсуудтай өрсөлдөх гэж буруу талдаа жолооны хүрдтэй машиныг бүтээсэн.  Энэ асуудал үйлдвэрлэгч орны бодлогоор гарч ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж