"АН-ын нэг ч гишүүнд намдаа нэгдэх санал тавиагүй"

Хуучирсан мэдээ: 2022.09.12-нд нийтлэгдсэн

"АН-ын нэг ч гишүүнд намдаа нэгдэх санал тавиагүй"

"АН-ын нэг ч гишүүнд намдаа нэгдэх санал тавиагүй"

Иргэдийн оролцооны нэгдэл намын /ИОНН/-ын дарга Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд Иргэдийн оролцооны нэгдэл намыг үүсгэн байгуулж, даргаар нь ажиллаж байна. Намынхаа үзэл баримтлалын талаар мэдээлэл өгөхгүй юу. Бусад намуудаас ялгарах онцлог нь юу байх вэ?

-Манай намын хамгийн гол ялгарах зүйл бол нээлттэй байдал. Үүнийг ардчилсан соёл гэж ойлгож болно. Ардчилсан үзэл баримтлал бүх намуудад хангалттай байгаа. Гэхдээ ардчилсан соёл хангалттай бус байдаг. Ардчиллыг өөрийн байгууллагын үндсэн соёл болгож байж тэр намын ардчилсан үзэл баримтлал утгаараа төлөвшиж үлдэнэ. Тэгэхээр ардчилсан соёл хангалттай төлөвшсөн нам Монголд байхгүй байгаа учраас бидний орон зай үгүйлэгдэж байна гэж бодож шинэ намаа байгуулсан. Залуучуудад манай дотоод соёл, ялангуяа нээлттэй байдал, гадаад орноос улс төрд оролцох боломжтой байдал, санхүүгийн дарамтгүй байдал зэрэг энэ зүйлс залууст таалагдаж байгаа. Ардчилсан үзэлтэй гэж индэр дээр ярьчхаад яг танхимд ирээд суухаараа шал өөр авлигын соёл нэвтрүүлээд байвал тэр нам ч тэр, ард түмэн ч урагшаа явахгүй. Монгол Улсын хөгжлийг урагш нь явуулъя гэж бодож байвал ардчилсан соёлыг төлөвшүүлдэг институци заавал байх хэрэгтэй хэмээн үзэж  байна.

-Намуудын санхүүжилтийн асуудалд иргэд шүүмжлэлтэй ханддаг. Удахгүй улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдах байх. Энэ хуульд санхүүжилтийг шилэн байлгах талаар олон хувилбар яригдаж байгаа. Танай намын санхүүжилт “шилэн” байж чадах уу?

-Нэгдүгээрт манай нам парламентад суудалтай нам биш. Бидний хувьд хуулийг өөрчлөхөд нөлөө орохгүй. Гэхдээ бусад намууд манай намын санхүүгийн схемийг чөлөөтэй хуулж болно. Санхүүжилтийн дүрэм журмыг бид ил тодоор тавьж байгаа. Манай намын санхүүжилтийн схем бол урьд нь байгаагүй схем санал болгож буй.  Намууд үүнийг чөлөөтэй хэрэгжүүлж, бид нараар заалгаж болно. Яагаад гэвэл Ц.Оюунгэрэл гэдэг хүн зохиогоогүй. Үүнийг нэлээд хэлэлцүүлж, юм үзэж нүд тайлсан, гадаад дотоодгүй амьдардаг залуучуудтай онлайнаар хуралдаж байгаад дээрх журмыг гаргаж ирсэн. Хоёрдугаарт, АН-д улс төрийн санхүүжилтийг шударга байлгахын тулд миний бие 2010 оноос ярьсан байдаг. 10 жил “экс” нам дотроо улс төрийн санхүүжилтийг ил тод шударга болгох талаар олон талаас ярьсан байдаг. Улстөрчийнхөө хувьд 12 жил шаардаж байсан зүйлээ шинэ намын дүрэмдээ оруулж, олон нийтэд нээлттэй болгож байгаа юм.

-Танай нам албан ёсны веб хуудастай болсноо мэдээллээ. Цаашдаа улс төрийн үйл ажиллагаагаа  хэзээнээс эхлэх вэ?

-Веб сайт албан ёсоор нээгдсэнээр улс төрийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Хуулиараа энэ оны тавдугаар сараас эхлэн албажсан гэхдээ тавдугаар сарын 20-ноос яагаад есөн сар хүртэл хүлээсэн бэ гэвэл ноднин есдүгээр сарын 9-нд анхны үүсгэн байгуулсан хурлаа хийсэн. Тиймээс намаа анх үүсгэн байгуулсан өдрийнхөө ойн дээр улс төрийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, олон нийтэд намаа ил зарлахаар сонгосон.

-Таны хувьд парламентад сонгогдон ажиллаж, хүний эрхийн төлөө дуугарч явсан улстөрчийн хувьд эрх баригчдын бодлого, арга хэмжээнд ямар дүн тавих вэ?

-Маш олон алдаа гаргаж байгаа. Хувь хүнийхээ хувьд би нэлээн дуугардаг. Гэхдээ энэ алдааг нэг ярилцлага, өгүүлбэрээр хэлэхэд хугацаа хүрэхгүй. Ардчилсан нийгмийн нэг онцлог юу вэ гэвэл энэ алдааг бид хэлэлцэж, задлан шинжилж, засуулах ёстой байдаг. Цааш, цаашдаа өмнөх намуудын гаргаж буй алдаа, одооны засаг төрийн алдааг бид шүүмжилж ярьж байж, засч залруулахад хувьд нэмрээ оруулаад явна даа.

-Таныг АН-аас гарч, шинэ нам байгуулахад ИОНН намын цаана Ерөнхийлөгч асан Х.Баттулга байдаг гэх хардлага нийгэмд байгаа. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-АН-аас нэг ч гишүүнийг цуг надтай хамт энэ нам руу орооч гэж гуйгаагүй. Нэг ч гишүүнд би хүсэлт тавиагүй. Иргэдийн оролцооны нэгдэл намын онцлог нь хүн өөрөө өөрийгөө элсүүлдэг. Бид аппликейшнээр өөрөө, өөрийгөө элсүүлдэг. Манай намд бүртгүүлсэн 4040 хүн дотор миний таньдаг хүн гарын 10 хуруунд байгаа байх. Өөрөөр хэлбэл, огт танихгүй хүмүүс нам байгууллаа. Тиймээс хэн  нь хэний хүн болохыг би мэдэхгүй. Би хэнийг  ч хэний хүн гэж харахгүй байгаа. Гишүүд өөрөө өөрийгөө төлөөлж, бүртгүүлсэн эрх чөлөөт гишүүн гэж хардаг. Манай гишүүд ч мөн Ц.Оюунгэрэл гэдэг хүн өөрийнхөө эрх чөлөөгөөр энэ намыг байгуулж буй гэж харж байгаа. Бид эрх чөлөөгөөр нэгдсэн хүмүүс. Огт танихгүй хүмүүс нийлж, салбар хурлаа хийж, хоорондоо танилцах ажил явагдаж байна.

-Цаашдаа намын идэвхжүүлэлт ямар байх вэ. Манай улс төрийн намууд сонгуулиар идэвхэждэг “халаасны”-х нь олон шүү дээ?

-Хүмүүс 365 хоног улс төрийн үйл ажиллагаа явуулахыг боддогүй. Яагаад гэвэл хүний амьдралд баяр наадам гээд л зөндөө зүйл тохиолддог. Улс төрөөр 365 хоног амьсгалах албагүй. Гэхдээ тодорхой байх ёстой. Нам хэзээ идэвхжиж, хэзээ амрах уу, хэзээ сургалт нь явах уу зэрэг тодорхой байх ёстой. Манай намын хувьд дүрэмдээ тодорхой зүйлийг заасан. Тэр тодорхой зүйлүүдээ журмаараа нарийсгасан. Журамдаа намын календарь буюу улс төрийн календарийг гаргасан. Улс төрийн календарь веб сайтад бий. Жишээлбэл, нэгдүгээр сар бол татвар төлөх сар. Бүх гишүүд энэ сард багтаж төлөх байх ёстой. Бидний нэг онцлог нь сар бүр дотоод аудитын хуралтай. Дээр нь сонгуультай жилд сонгуулийн нэр дэвшилтийн хурлууд идэвхэжихээр календарьтай. Манай календарийг харсан хүн амьдралынхаа хажуугаар улс төрөө төлөвлөж болно. Аль болох ойлгомжтой улс төр хийхийг хүсч байна. 21-р зууны залууст бүх зүйл нь нээлттэй, хамгийн гол нь улс төрөө хийнгээ аз жаргалтай тайван амьдрах боломжтой орон зайг намууд нээж өгөх ёстой. Тиймээс онцлог календарийг гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж